Эмнэлэгийн барилгагүйгээс аппаратуудаа гаражид хадгалах уу

Манай улсад хорт хавдартай гэх оноштой 10900 гаруй иргэн байна. Өнгөрсөн онд л гэхэд 5483 хүн шинээр уг өвчнөөр өвдсөнөө мэдэж, нийт өвчлөгсдийн 3536 нь хорвоог орхижээ. Гуравхан сая хүн амын арав гаруй нь нэг өдөрт уг өвчний онош шинээр сонсож, мөн тооны өвчтөн хорвоог орхиж байгаа нь дээрх тооноос харагдана.

Тэгвэл хорт хавдрыг эмчлэгч улсдаа ганц ХСҮТ эмнэлэг маань зуу гаруйхан эмч, 215-хан ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд элэгний хагалгаа хийдэг дөрөвхөн өрөө байдаг бөгөөд өвчтөн хагалгаанд орохын тулд сар орчим хугацаанд дугаар хүлээж, зарим нь өвчний өмнө өвдөг нугарч, хорвоогоос хальж байна.

ДЭМБ-ын судалгаагаар манай улс элэгний өвчлөлөөрөө дэлхийд номер нэгт бичигддэг. Тэгвэл оношоо сонсчихсон, эмчилгээ, эсвэл хагалгаагаа хүлээж буй мянга мянган иргэний амь хэрхэн аврагдах боломжтой вэ. Эмнэлгийн хангалт, эмчилгээ үйлчилгээний чанар эн тэргүүнд яригдана.

Сүүлийн найман жилийн турш яригдаж, барилгын ажил нь талаас илүү буюу 75 хувь дээрээ гацчихсан эмнэлгийн өргөтгөлийн барилгыг 10 мянга гаруй өвчтөн, тэдний ар гэрийнхэн хүлээж байна. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор яаралтай хагалгаа хүлээж буй өвчтөнүүдийн аврагдах боломж, хагалгаанд орох хугацаа хоёр дахин богиносох боломжтойг ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар онцолсон.
Уг нь 8.5 тэрбум төгрөгөөр босох эмнэлэгт өдгөө 2.9 тэрбум төгрөгийг суутгахад л үлдсэн 25 хувийн гүйцэтгэл хийгдэх боломжтой аж. Харин ирэх оны төсөвт эмнэлгийн барилгад зориулсан нэг ч төгрөгийг тусгаагүй байна.

Гэтэл шинэ өргөтгөлд суурилагдах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд ирчихлээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр шугаман хурдасгуур, компьютер томограф аппаратууд гааль дээр буув.

-15С-ээс +19С-д хадгалагдах ёстой эмзэг, өндөр үнэтэй, өвчтөнүүдэд амь тарианаас эрхэм эдгээр аппаратуудыг хаана хадгалах, хэрхэн ашиглах асуудалд ХСҮТ-ийнхөн зовинож, автомашины гаражаас өөр газаргүйгээ учирлаж байна.

Ц.Анх

Time.mn


URL:

Сэтгэгдэл бичих