Эрх мэдлийг атгасан АТГ эрүүдэн шүүлтэд хяналт тавьж чадахгүй байна

22jf8gk1b01n440aioums0vuiiЭрүүдэн шүүлттэй холбоотой асуудал, түүнийг тойрсон сэдвээр ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа, “Монгол эмнести” интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Оюунсүрэн нарын хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

1. Б.Батаа: Эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн конвенц гэж байдаг. НҮБ хамгийн анх 1984 онд энэ конвенцыг батлан гаргаад 1987 онд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон.

 

2. Б.Батаа: Монгол Улс 2000 онд хүний эрхийн конвенц нэгдэж орсон. Уг конвенцын нэгдүгээр зүйл дээр эрүү шүүлт гэж юу юм бэ гэдгийг хамгийн өргөн утгаар тайлбарласан байдаг.

3. Б.Батаа: Эрүүдэн шүүлтийг үйлдлийн шинжээр нь авч үзвэл биемахбодын болон сэтгэл санааны шаналал зовлон учруулсан хууль бус аливаа үйлдлийг хэлж байгаа юм.

 

4. Б.Батаа: Энэ асуудал хэнд хамаатай юм бэ гэхээр төрийн албан хаагч буюу төрийн эрх мэдэл бүхий хүн өөрөө эсвэл өөр бусдаар дамжуулан эрүүдэн шүүх үйлдлийг хийсэн хүнд хамаатай.

5. Б.Батаа: Үүнд өртөх эрсдэл бүхий хүмүүс нь тэдний эршээлд байгаа буюу аливаа нууц мэдээ сэлтийг мэдэж байгаа сэрдэгдэж байгаа хүн юм.

 

6. Б.Батаа: Ямар зорилгоор эрүүдэн шүүлт хийдэг вэ гэхээр тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авах, мэдээ сэлт гаргуулж авах зорилготой хүмүүс хийдэг. Энэ өргөн утгатай ойлголтыг л эрүүдэн шүүлт гээд байгаа юм.

 

7. Б.Батаа: Монгол Улсад эрүү шүүлт байгаа гэдгийг 2005 онд хүний эрхийн үндэсний комисс үндэсний хэмжээнд нээлттэй хяналт шалгалт хийсэн байдаг. Тэр тогтоолын үр дүн Монгол Улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

8. Б.Батаа: Эрүү шүүлтийг нөхцөлийн эрүү шүүлт, биемахбодын эрүү шүүлт, сэтгэл санааны эрүү шүүлт гээд дотор нь ангилдаг. Үүнээс гадна манайд төдийлөн байдаггүй ОУ-ын төвшинд яригддаг эмнэлгийн эрүү шүүлт гэж байдаг.

 

9. Д.Оюунсүрэн: Эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын конвенц батлагдаад 30 жил болсон боловч эрүүдэн шүүлт дэлхий нийтэд байсаар байна.

 

10. Д.Оюунсүрэн: 2014 оны нэг сард Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ байгууллага нь эрүүдэн шүүх гэмт хэрэгтээ холбоотой асуудлыг мөрдөн шалгах үүрэгтэй байсан.

 

11. Д.Оюунсүрэн: Энэ байгууллагыг татан буулгаад чиг үүргийг нь АТГ руу шилжүүлсэн.

 

12. Д.Оюунсүрэн: Эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал бүрхэг үлдчихсэн байгаа юм.

 

13. Д.Оюунсүрэн: Монгол Улсад эрүүдэн шүүхийн гэмт хэргийг мөрдөн шалгах, зөрчигчдөд хариуцлага оноох бие даасан механизм бий болгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.

 

14. Б.Батаа: Биемахбодын эрүү шүүлт бол угаасаа ойлгомжтой зодож, цохиж биед нь халдаж байгаа үйлдэл. Мөн сэтгэл санааны эрүү шүүлтэд айлган сүрдүүлэх, дарамтлах, дарамтад байлгах, хясан боогдуулах гэсэн үйлдлүүдийг оруулдаг.

 

15. Б.Батаа: Цагдан хорих байр шилжүүлэх, дамжуулах асуудал яригддаг. Өөрөөр хэлбэлөмгөөлөгчөөсөө туслалцаа авах боломжийг нь тодорхой хэмжээгээр саармагжуулдаг. Дээрээс нь гэр бүлийн гишүүд нь түүнтэй уулзах, тэр хүн ч гэсэн гэр бүлийн гишүүдтэйгээ уулзах эрхийг нь алдагдуулаад байдаг. Үүнээс болоод гэр бүлд нь хүндрэл учирдаг.

 

16. Б.Батаа : Манай улсад 2014 оноор авч үзэхэд эрүүдэн шүүлттэй холбоотой 710 гаруй гомдол санал ирсэн. Харин он гарснаар 549 гомдол бүртгэлтэй байна. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсвэл хорих ял эдэлж байгаа ялтнаас эрүүдэн шүүж байна гэх гомдол ирдэг аж.

 

17. Д.Оюунсүрэн: Дэлхийн дөрвөн улс тутмын 3-т нь эрүүдэн шүүлт ямар нэг байдлаар явагддаг гэсэн харамсалтай тоо баримт гарчээ.

 

18. Д.Оюунсүрэн: Зарим улсад эрүүдэн шүүлтийн ганц нэг тохиолдол гардаг бол зарим улсад бүр системтэйгээр байнга явагддаг. Үүнээс харахад итгэл үнэмшил, өөр үзэл бодолтой хүмүүс, үндэстний болон шашны цөөнх, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс эрүү шүүлтэд өртөх магадлал өндөр байдаг.

 

19. Д.Оюунсүрэн: Эрүүдэн шүүлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь прокурорын дэргэд байна уу эсвэл тусдаа бие даасан байна уу, хүний эрхийн комиссд байна уу ямар ч байсан биеэ даасан хараат бус байгууллага байх ёстой.

 

20. Д.Оюунсүрэн: 2014 онд эрүүдэн шүүлтийн эсрэг нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон. Уг протоколоор нэгдэж орсон улс болгон эрүүдэн шүүхийн хэргийг мөрдөн шалгах бие даасан механизм бий болгох үүрэг хүлээсэн байгаа. Харамсалтай нь Монгол Улсын ЗГ олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өдий болтол биелүүлэхгүй яваад байна.

 

21. Б.Батаа : Өмгөөлөгч авах нь эрүүдэн шүүлтээс гарах хамгийн том гарц. Өмгөөлөгч авах бололцоогүй байгаа тохиолдолд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль байгаа. Тэр процесыг ашиглаж болно.

 

22. Д.Оюунсүрэн: Монгол Улсын Засгийн газар эрүүдэн шүүлтийн хэлбэрүүдийг зогсоох ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлнэ байх гэж найдаж байна. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд ч гэсэн “Монгол Улсын Засгийн газар ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ.” гээд заасан байдаг. Тиймээс энэ тал дээр ЗГ нэн даруй арга хэмжээ авах байх гэж найдаж байна.

 

23. Д.Оюунсүрэн: Бие даасан эрүүдэн шүүхийн эсрэг байгууллагатай болох мөн соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.

 

24. Д.Оюунсүрэн: Зарим хууль сахиулахын ажилтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж сэжигтэн, яллагдагчийг эрүүдэн шүүх тохиолдол маш их байдаг.

 

Б.Энхжин

Эх сурвалж: 24tsag.mn


URL:

Нэр: Wilburn Szewc Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.