ШЕЗ-ийн даргын ондоо үг ба шүүгч нар хэдэн төгрөгийн цалинтай вэ?

content_img_6471_700x700

Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулж тусгах саналыг Засгийн газраас оруулсан. Хямралыг сөрөх энэ бодлого шүүгч нарт таалагдсангүй бололтой.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өчигдөр тун ууртай мэдэгдэл хийлээ. Тэрээр “…Шүүгч нарын одоогийн цалин 2.7-3.3 сая төгрөг байгаа. Хууль батлагдвал энэ цалин 44-63 хувиар буурна. Энэ нь шүүхийн байгууллага гүйцэтгэх засаглалын хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавина” гэлээ.

Ингэхдээ шүүгч нарын одоо авч байгаа цалингийн хэмжээг сэтгүүлчдэд хүснэгтээр үзүүлсэн юм. Үүнд нь шүүгч нар 2.7-3.3 сая төгрөгийн цалин авдаг гэжээ.

Гэтэл Н.Лүндэндорж дарга 2013 онд “Монцамэ” агентлагт өгсөн ярилцлагадаа ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж шүүгч нарын цалинг тогтоосон гээд “…Бид шүүгч нарынхаа цалинг анх удаа 3.7-4.5 сая төгрөгийн хооронд тогтоолоо. Цаашлаад энэ цалин дахин хоёр зүйлээр нэмэгдэнэ.

Тодруулбал, ажилласан таван жил тутамдаа шүүгч нар хоёр хувийн нэмэгдэл авна. Үүнээс гадна 2013 онд багтааж бид бүх шүүгчийнхээ мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооно. Энэ төвшингөөс шалтгаалж шүүгч нарт үндсэн цалингийн 50 хүртэл хувиар нэмэгдэл ирнэ.

Жишээлбэл, дөрвөн сая төгрөгийн цалинтай шүүгч мэргэжлийн ур чадварын үнэлгээгээрээ “сайн” гэсэн дүн авбал хоёр сая төгрөг, дээр нь 20 жил ажилласан бол таван жил тутамдаа нэмэгдэл авч, нийлээд 8-9 сая төгрөгийн цалин сард авах болж байгаа юм” гэж байлаа.

Түүний ярьснаар бол шүүгч нар 2.7-3.3 биш, урамшуулал, ажилласан жилийнхээ нэмэгдэлтэй нийлээд сард 8-9 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Үүгээр бол шүүгч нарын цалинг 30 хувиар хасахад амьдрал нь сүйрч, авлига автлаа доройтох юм алга. Хассан ч Монголдоо хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагч хэвээрээ л үлдэнэ.

Гэтэл төсөв хэмнэж, цалин хасах болохоор шүүгч нарын авдаг цалингийн тоог ингэтэл дарж мэдээлж байгаа нь шүүхийн шинэчлэл, шүүгчийн болоод ШЕЗ-ийн даргын ёс зүйд хэр нийцэх бол?

Б.Заяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 27 October 2015

Хасаад, хасаад бидний цалингаас өндөр үлдэж байна. Цалин бага байхаар авилга авдаг гэж Лүмпэндорж яриад байх юм. Тэгвэл бага цалин авдаг эмч нар худлаа эмчилж, багш нар хичээлээ худлаа заах болж байна уу? Шударга ажиллана гэж тангараг өргөсөн шүүгч цалин бага өгч байна гээд авилга авах ёстой гэж хэлэх гээд байна уу? Ер нь цалин бага өгвөл авилга авцгаа шүүгчдээ гэж тэднийг турхираад байна уу? Лүндэндоржийн санаа ер ойлгогдохгүй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.