Г.Баярсайхан: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг батлуулна

german_4-Ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудал биш-

 

ХБНГУ-д болсон “Их долоо”-гийн орнуудын Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалтадМонгол Улсыг төлөөлөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоод ирсэн юм. Энэ талаар болон түүний тэргүүлж буй салбартай холбоотой зарим нэг асуудлаар ярилцлаа. 

-”Их долоо”-гийн орнуудын Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад та оролцсон. Энэ уулзалтын гол сэдэв нь юу байв?

-”Их долоо” буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы хөдөлмөрийн болон хөгжлийн асуудал хариуцсан сайд нар жил бүр цуглаж дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг “Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний төлөө хамтран ажиллах” санаачилгын дор зохион байгуулсан. Уулзалтад Монгол Улсыг тусгайлан урьж оролцуулсан юм.

-Нийлүүлэлт, борлуулалтын зохистой сүлжээ гэхээр манай улсад хэр их хамаатай сэдэв бэ?

-”Их долоо”-гийн орнууд хөгжиж буй улсуудаас худалдан авалт хийхдээ хөдөлмөрийн мөлжлөг шингэсэн бүтээгдэхүүн импортолдог гэдгийг Германы Хөгжлийн сайд шүүмжилж, Европын орнуудад хандан шударга хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн худалдан авахыг уриалсан. “Их долоо”-гийн орнуудын сайд нар ч үүнийг зөвшөөрсөн. Тиймээс нийлүүлэлт, борлуулалтын глобал сүлжээ байгуулах санаачилга гаргасан. Мөн энэ үеэр “Zero fund” нэртэй сан байгуулсан нь хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн зах зээлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ сангаас тодорхой дэмжлэг авахын тулд хөгжиж буй оронд тооцогддог Монгол Улс хөдөлмөрийн салбарын тайлангаа тогтмол мэдээлэх бөгөөд бидний хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамаарч дүн тавина. Тэр дүнгээс шалтгаалж манай авах дэмжлэг тодорхой болох юм.

-Тэгэхээр Европын орнууд хөдөлмөрийн мөлжлөгөөс татгалзаж байна гэж ойлгож болохоор байна. Тэгвэл манайд хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөрийн асуудал байсаар байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Салбарын яам олон улсын жишгээр шийдэх бодлогыг баримталж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг хумигдаж, төр болон хувийн хэвшил зардлаа танаж, ажлын байраа цомхтгох сонголттой нүүр тулж байна. Тэгвэл салбарын яам хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой хадгалахын тулд юу хийх вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэх, ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудал биш. Түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээбуурсан нь эдийн засгийн бүтцээ өөрчил гэсэн дохио шүү дээ. Тиймээс бид эхлээд эдийн засгаа эрүүлжүүлэх ёстой. Төлөвлөж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалттай томоохонтөсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа нь жигдэрснээр ажилгүйдэл буурах боломжтой. Мөн Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилд учирч болох дарамтыг бууруулахад анхаарах нь чухал. Хөдөлмөрийн яамны хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжүүлэн, Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Тухайлбал, залууст, малчдад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, ахмад настнууд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрт 36 мянган иргэн хамрагдаж, үр шимийг нь хүртсэн. Цаашид ч хөтөлбөрүүдийнхээ хамрах хүрээг тэлэх бодлого барьж байгаа.

-Төрийн албанд халаа, сэлгээ их байна гэж шүүмжилдэг. Шинэ томилогдсон сайдын хувьд та яамандаа халаа сэлгээ хийсэн үү?

-Миний хувьд халаа сэлгээ хийхийн эсрэг байдаг. Үүнийгээ би анх ажил авахдаа ч хэлсэн. Төрийн алба тогтвортой байх ёстой.Үүний тулд төрийн мэргэшсэн ажилтнуудыг халж солих нь буруу. Гэхдээ сайдын шинээр хэрэгжүүлэх бодлогыг дэмжихгүй бол ажлаас чөлөөлөгдөж болно шүү дээ. Сонгууль хүртэл хугацаа богино үлдсэн. Энэ богино хугацаанд үр дүнтэй ажиллахын тулд халаа сэлгээ хийхээс илүү ажил их байна. Тухайлбал, манай Хөдөлмөрийн яаманд салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага, хойшлуулашгүй том ажил байна.

албарынхаа хууль, эрхзүйн орчныг сайжруулахын тулд юу хийх вэ?

-Ач холбогдол, үйлчлэх хүрээгээрээ Үндсэн хуулийн дараа ордог Хөдөлмөрийн хуулийг цаг үед нь тааруулахаар нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьсан. Байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Түүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн өнөөг хүртэл гараагүй байсан Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа.

-Та Ажиллах хүчний хуулийг шинэчилнэ гэлээ. Ямар чиглэл баримтлах вэ?

-2000 оны эхээр батлагдсан энэ хуулийг шинэчлэх шаардлага бий. Наад зах нь манай эдийн засгийн байдал арван хэдэн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн байна. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулсан шинэ зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэй. Наад зах нь хууль эрхзүйн орчныг тодорхой болгосноор дотооддоо ажлын байрыг хамгаалах бодлого хэрэгтэй байна шүү дээ.

-Гадаадад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулахад ч анхаарах шаардлага бий байх. БНСУ-аас гадна өөр ямар нэг улс руу гэрээгээр ажиллуулах боломж бий юу?

-Хуульд энэ тухай тодорхой заалтуудыг тусгана. Өөрийн иргэдийг гадаадад ажиллуулахдаа зөвхөн хөдөлмөр эрхлээд зогсохгүй шинэ соёл, технологи сургахад анхаарах ёстой юм. Тиймээс Хөдөлмөрийн сайдын хувьд мэргэжлийн боловсон хүчнээ Токиод болох 2020 оны олимпийн наадмын бүтээн байгуулалтад оролцуулах боломжийн талаар яриа хэлэлцээ өрнүүлж байна. Ингэж чадвал манайхан Японы өндөр технологи, соёлоос сурах боломжтой. Мөн Булангийн орнууд болох Катар, Кувейт улсад барилгын чиглэлээр ажиллуулах боломж гарч болохоор юм билээ. Бид холбогдох судалгааг хийгээд эхэлсэн. Ингэснээр монгол ажилчдын ур чадвар дээшлэх сайн талтай юм.

-Манайд ажилгүйдэл яг хэдэн хувьтай байгаа вэ? 

-Манай улсын ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна.

-Энэ нь хэчнээн хүн ажилгүй байна гэсэн үг вэ?

-Оны эхний есөн сарын байдлаар ажил хайж байгаа ажилгүй хүмүүс болон ажилтай ч гэлээ нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн хүний тоо улсын хэмжээнд 43 мянга байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор Монгол Улсад 97,3 мянган хүн ажилгүй байна гэсэн тоо бий. Энэ нь ямар нэг байдлаар өөрийгөө ажилгүй гэж тодорхойлсон хүний тоо. Үүнээс ердөө 43 мянга нь л идэвхтэй ажил хайж байна гэсэн үг.

-Ажил хайж бүртгүүлсэн хүмүүс бүгд ажилгүй байдаг уу, эсвэл өөр шалтгаан байх уу?

-Тэднийг ямар шалтгаанаар ажил хайж байна вэ гээд үзэхээр 70 хувь нь огт ямар ч ажил эрхлээгүй, өнөө маргаашгүй ажилд ормоор байна гэсэн хүмүүс байдаг. Үлдсэн нь өөр ажил эрхэлдэг, хувиараа ямар нэг зүйл хийдэг ч түүнийгээ солих гэсэн, арай ахиу цалинтай ажил сонирхсон, нэмэлт орлого олох гэсэн, нэг бол ажилгүй болох эрсдэлтэй, ажлаас халагдах мэдэгдлээ авчихсан ч юм уу хүмүүс, мөн дөнгөж сургууль төгссөн залуус байдаг. Мөн багагүй хувийг нь хөдөө орон нутгаас ирсэн ажил хайж байгаа хүмүүс эзэлдэг.

-Монгол Улсад хүн амын цонх үе тохиож байна гэж судлаачид хэлдэг. Тэгвэл энэ үеийг хөдөлмөрийн салбар хэрхэн зөв ашиглах ёстой вэ?

-Ажил идэвхтэй хайж бүртгүүлснээсээ илүү огт бүртгэлгүй ажилгүйчүүд бидний санааг зовоож байна. Нэг талаар иргэд ажил хийх сонирхолгүй байна гэж үзэж болно. Судалгаагаар ажилгүй иргэдийн дийлэнхийг мэргэжилгүй, боловсролгүй залуучууд эзэлж байна гэсэн дүн гарсан. Тиймээс залууст мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд анхаарах нь чухал байна. Манайд төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн боловсрол, сургалтын 82 байгууллага ажиллаж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 60 гаруй мэргэжлээр сургаж байна. Мэргэжлийн сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт өндөр байгаа. Тухайлбал, Барилгын политехникийн коллежийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 90 гаруй хувьтай, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн бэлтгэдэг зарим мэргэжлийнхэн төгсөөд 100 хувь ажилтай болдог гээд жишээ олныг дурдаж болно. Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувийг залуус эзэлж байна. Үүнийг бид ашиглах хэрэгтэй. Хэдийгээр эдийн засаг сайнгүй байгаа ч эргээд сэргэнэ. Энэ үед бидэнд ажиллах хүч хэрэгтэй учраас одооноос залуусыг сургаж, мэргэшүүлэх тал дээр түлхүү анхаарч, энэ тал руу хөрөнгө гаргах хэрэгтэй байгаа юм. Тиймээс МСҮТ болон политехник коллежид бэлтгэж буй мэргэжлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уяж тодорхой судалгаатай, алсын хараатай сонгох хэрэгтэй байгаа, энэ тал дээр ч бид өөрийн гэсэн бодлоготой байх ёстой юм.

Эх сурвалж: Г.Байгаль ”Засгийн газрын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих