Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.47 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн гаргасан горимын саналаар хэлэлцэхийг хойшлууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслөө Засгийн газар татан авсан гэж сонслоо. Яамдын тоог цөөрүүлэхээр оруулж ирсэн төслөө татан авсан юм бол 2016 оны төсвийн хуулийн төсөлд тусгасан параметрүүд өөрчлөгдөж таарна. Тэгэхээр Засгийн газар яаралтай хуралдаж энэ асуудлаа шийдтэл асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан.

Түүнчлэн хэлэлцэхээр төлөвлөөд байсан хоёр дахь асуудал болох 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг ч хойшлуулах нь зүйтэй хэмээн горимын саналдаа дурдсан юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцье гээд 2015 оны төсвийн тодотголыг эхлээд хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд, эдгээр хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурав дахь асуудал нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ”Энэ асуудлыг ингэж яаралтай хэлэлцэх шаардлага байхгүй. Долоо хоног уншиж судлаад ердийн журмаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээгээд хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засгийн газар тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн болохоор өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь шийдье гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.