Н.Алтанхуягийн АТГ-ын “шүдийг сугалах” төлөвлөгөө

124345Өнөөдөр чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Удтал хүлээгдсэн энэ хууль өнөөдөр гараас гарах уу, аль эсвэл АН завсарлага авч асуудал дахин сунжрах уу гэдэг асуулт болоод байна. Улстөрчид авилгачдыг өршөөхөөр байдгаараа хичээж байна. Гэвч үйлдэл нь олны өмнө ил байгаа болохоор яаж ч чадахгүй наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаа нь үнэн. Уг хууль явдагаараа явсаар хориг тусгагдаж бүх зүйл өнгөрнө. Харин тэд дараагийн “Б” төлөвлөгөөгөө боловсруулсан гэнэ. Тэр нь Н.Алтанхуяг гишүүний өргөн бариад байгаа хуулийн төсөл юм. Улс төрийн хүрээнийхэн үүнийг Өршөөлийн хуулийн дараагийн хувилбар ч гэж ярилцаж байна.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн засгийн үед АТГ-т шалгаж буй гэмт хэргийн тоог Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний ойрын хүрээллийнхэн тэргүүлж, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тодорхой болсон. Л.Гансүхийн, Г.Дэнзэнгийн хэмээн нэрлэгдсэн энэ хэргээс үүдэн АН-ын нэр хүнд шалдаа унаж, эрх баригчдын нэр хүндээс чангааж эхэлсэн нь үнэн. Зөвлөх Л.Гансүхээ ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь салбар ангид зөвшөөрөлгүй эргэж, хуулийг “нулимж” байсан Ерөнхий сайд нэг жил гаруйн өмнө АТГ-ыг татан буулгах төлөвлөгөө боловсруулж, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогт-Очиртоо үүрэг өгсөн байдаг. Д.Цогт-Очир энэ үүргийн дагуу 2014 оны наймдугаар сарын 5-нд ШШГЕГ, ЦЕГ, Тахарын алба, ХХЕГ, УЕП зэрэг хууль сахиулах байгууллагуудад “2012 оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл АТГ-аас тус байгууллагад ирүүлсэн албан бичиг, түүнд өгсөн хариу”-г явуул гэсэн байдаг. Н.Алтанхуяг энэхүү бичгээс олсон алдаагаар АТГ-ыг татан буулгах ажлаа эхлүүлэх гэж байсан боловч амжаагүй огцорсон юм. Ингээд түүний тус газарт шалгуулж байгаа зөвлөх, хүргэнээ аврах, уснаас хуурай гаргах төлөвлөгөө замхарч байлаа. Гэвч тэрээр жилийн дараа энэ оролдлогоо дахин эхлүүлэв. Н.Алтанхуяг төслийг энэ оны 6 дугаар сарын 4-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын санаачилж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэн УИХ-ын даргад өргөн барив. УИХ, тэр дундаа парламент дахь АН-ын бүлэг энэ асуудлыг шүүрэн авч Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар бүтэн өдөржин хуралдснаас харвал Н.Алтанхуягийн хүргэн, зөвлөх болон цаашлаад өөрийнх нь нэрийг сэвтүүлэх АТГ-ыг дэгээдэн унагаах хоронд УИХ-ын гишүүд бүрэн автсан нь гайхалтай. Үүнээс харвал АН-ын Алтангадас фракци, тэр дундаа Н.Алтанхуягийг чамгүй хорчин хэмээн ярьдаг нь үнэн аж.

Тэр энэ удаа УИХ-ын гишүүдийг зорилгодоо ашиглахын тулд тэдний тархийг чамгүй сайн угаасан бололтой юм. УИХ дахь АН-ын гишүүдийн дуу дуугаа аван чичилж буй АТГ-ыг татан буулгах асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийчих зүйл биш. Н.Алтанхуягийн энэ оочер дугаарыг тас дайран зүтгүүлж байгаа хуулийнх нь төсөлд АТГ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг харьяаллын хэргүүдээс хээл хахууль өгөх, авах, зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт тус тус шилжүүлэх тухай санал яваа. Хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол зүгээр халхавч төдий. Малгай нь гэсэн үг. Тэр нь ямар ч гэмгүй харагдаж байгаа. Хамаг “но” нь тогтоолын төсөл дотор байгаа. Н.Алтанхуяг хүнд харуулахдаа хоёр хуулийн төслөө яриад байгаа юм. Цаана нь тогтоолын төсөл дагалдсан байгаа бөгөөд уг тогтоолын төслийн 1-д “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлэх” гэсэн өгүүлбэр байгаа. АТГ-ыг “араа шүд”-гүй болгох хамгийн гол аюул занал нь энд нуугдаж байгаа юм. Үнэхээр АТГ-ыг Мөрдөн байцаах албыг прокурорт шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай төслийг санаачлагч нь яагаад заавал Н.Алтанхуяг гэж? Яагаад очиж, очиж хүргэн нь, бас зөвлөх нь албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон хүн энэ хуулийг санаачлах ёстой гэж? Хэрвээ Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлэн байгуулбал Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлд зааснаар прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчих юм байна. Нөгөө талаар АТГ-ыг татан буулгах ажлыг булхай луйвар нь илчлэгдэхдээ сандарч хийж байгаа ч гэж ярьж байна. Төрийн албан хаагчид төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хувь хүний сонирхолтойгоо хутган, эрх мэдлээ ашиглан өөрт болон ойрын хүндээ ашигтай шийдвэр гаргаж их бага хэмжээний ашиг олсон байж мэдэх хэргийг шалгах үүрэгтэй энэ газрын хувь заяа олон улсын хэмжээний асуудал юм. Монгол Улс 2005 оны аравдугаар сард Авлигын эсрэг НҮБ-ын гишүүн орнуудын нэгэн адил Авлигын эсрэг конвенцийг мөрдөж, тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Энэ дагуу АТГ 2006 онд байгуулагдаж байв. Энэхүү олон улсын конвенцид нэгдэн орсныхоо төлөө УИХ хэрвээ АТГ-ыг татан буулгахдаа тулбал эхлээд “Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоос татгалзах ёстой аж. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын энэ мэдэгдлийг хүлээн авсан өдрөөсөө хойш нэг жилийн дараа цуцлах учиртай. Ийм заалтууд тус конвенцид бий. АТГ байгуулагдсаны дараа олон улсын байгууллагууд Монгол Улсын авлигатай хийх тэмцэл сайжирч байсныг онцолж байсан бол сүүлийн жилүүдэд авлига улам бүр өсөн нэмэгдэж байгаа талаар мэдээлж байгаа.

Дээрх хачирхалтай хуулийн төсөл маргааш чуулганаар хэлэлцэгдэнэ. Маргаашнаас эхлээд АТГ-ыг байхгүй болгох тухай асуудал яригдана гэсэн үг. Хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулчихсан Монголын гадаад нэр хүнд улам бүр шалдаа унаж байгаа энэ үед Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоос татгалзаж буйгаа зарлан харуулбал бид даяаршиж буй бөмбөрцгийн хаахна шингэх юм бол. Эсвэл ерөөсөө авлигатай тэмцэхгүй ээ гээд ард иргэддээ, дэлхий дахинд зарлан тунхаглавал таарна.

Г.Ган

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.