Хятад олууллаа болно

хятадБНХАУ-ын удирдлагууд сүүлийн 30 жил хүчин төгөлдөр хэрэгжиж байсан “Нэг өрх-нэг хүүхэд” гэх бодлогоо цуцалж, өрх бүр хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Хятадууд тун удахгүй бүр олууллаа болох боломжтой боллоо. Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг тус улс ирэх оноос ямар ч өрсөлдөгчгүй болох бүрэн боломжтой болов. Учир нь эрх баригч Комминуст намын удирдлагууд 1980 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогыг халахаар тохиролцож чаджээ. Хүн ам эрчимтэй өсч, улсын эдийн засагт дарамт учруулж эхэлснээс болж эрх баригчид 1979 оны хоёрдугаар сард хуралдаж, өрх бүрийг нэг хүүхэдтэй болгох хуулийн төслийг баталсан юм. Хууль ирэх оноос нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Хяналттай төр” гэх төрийн байгууллагын ажилчид энэ асуудалд гол анхаарлаа хандуулан өнөөдрийг хүртэл ажиллажээ. Тус байгууллагын ажилчдыг иргэд “Тэд хөнжилд ч шургаж чадна. Увайгүй, ичгүүргүй амьтад” хэмээдэг байна.

 

Бээжин хотноо өчигдөр эрх баригч Коммунист намын Төв хорооны тавдугаар хурлаар 2016-2020 он хүртлэх 13 дахь таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Хурлын төгсгөлд удирдлагууд нэг хүүхэд бодлогыг халж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн болохыг “Синьхуа” агентлаг олон улсад мэдээлэв. Нэг хүүхэд гэх бодлогоос болж олон эмэгтэй үр хөндүүлж, бие болон сэтгэл санааны хохирол амссах болсон юм. Эмэгтэйчүүд эхо-н тусламжтай хүүхдийнхээ хүйсийг харж хэрвээ охин байвал шууд авахуулдаг байжээ. Хүүтэй болох хүслээс болж 2000 оноос хүйсийн тэнцвэргүй байдал газар авч эхэлсэн юм. 2005 онд явуулсан судалгаагаар насанд хүрсэн нэг эмэгтэйд 54 эрэгтэй ноогдож байжээ. Харин 10 жилийн дараа явуулсан тус судалгаа олон улсын анхаарлыг татсан. Учир нэг эмэгтэйд 200 эрэгтэй ноогдох болжээ. Судалгаагаар тус улс “2050 онд дан эрчүүдийн хот болно” хэмээн эрдэмтэд тооцоолоод байгаа юм. Цаг хугацааны эрхээр “Хятадад эмэгтэйчүүд алт болно” гэв. Энэ бүгд дээрх хатуу бодлогын уршгаар бий болсон зүйлс.

 

Хүйсийн тэнцвэргүй байдлаас гадна тус улсад ажиллах хүчний хомсдолд оржээ. Нийт иргэдийн ихэнх нь тэтгэвэрийн насных болж, хөгшрөлт эрчимтэй явагдаж эхлэв. Нийгмийн эрх тэгш байдлаас болж ихэнх иргэд өндөр боловсрол эзэмшиж чадахгүй болж, гол гол салбар нь ажиллах хүчний хомсдолд ороод олон жилийн нүүрийг үзэж байна.

 

 

Хөгшрөлт эрчимтэй явагдаж буй орныг Япон тэргүүлж удаад нь Хятад бичигдэх болжээ. Охид, бүсгүйчүүд гэр бүл зохиох сонирхолгүй болж, сүүлийн таван жилд төрөлт эрс багассан байна. Энэ бүхнээс үүдэж нэг хүүхэд бодлогыг халахаар эрх баригчид 2012 оноос ярилцсан ч өнөөдрийг хүртэл шийдвэртэй алхамд хүрч чадаагүй юм. БНХАУ-ын даргаар Си Зиньпин ажиллах болсноор энэ асуудалд эрх баригчид гол анхаарлаа хандуулж удаан хугацааны турш судалгаа явуулсан юм.

 

Өнгөрсөн оны тавдугаар сард эрх баригчид нөхөр, эхнэр хоёулаа айлын ганц хүүхэд бол нэг хүүхэд бодлогоос чөлөөлж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм. Ийнхүү эрх баригчид жил орчмын дараа дээрх “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо халж, хоёр хүүхэдтэй болохыг албан ёсоор зөвшөөрчээ.

 

Хятадын хөгжлийн судалгааны төвийн удирдлагууд 2015 онд нэг хүүхэд бодлогыг халж, 2020 оноос хүүхдийн тоонд ямар нэгэн хязгаарлалт тавихыг хориглох ёстой хэмээн өчигдрийн хуралдаанаар мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих