Өршөөлийн хуулиас “өмнөх” ба “хойшхи” улс төр

Өршөөлийн хууль гацсан уу, өршөөгдөгч улстөрчдөөс хамааралтайгаар улс төрийн үйл явц гацсан уу гэдэг нь энэ өдрүүдэд бүр ч тодорхой болоод ирлээ. Өршөөл үзүүлэх тухай хууль аравдугаар сарын 29-нд батлагдаж, 30-нд уг хуулийн эцсийн найруулгыг сонсгосон. Энэ хуулийг батлах мөч хүртэл АН-ынхан завсарлага авах тулгалт, хүсэлтэд орсон гэх баттай бус мэдээлэл байсан ч ямартай ч тэд завсарлага авалгүйгээр, бас нээлттэйгээр Өршөөлийн хуулийг баталж чадлаа. Гэтэл үүний маргааш нь буюу 31-ний шөнө ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилсан юм. Мөн үүнтэй зэрэгцүүлэн Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан гэх мэдээлэл ч байна. “Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ.

Хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаал урвуулан ашигласан эсэхийг мөн “Чингис” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.долларыг төмөр замын ажилд зарцуулсан зэрэгтэй холбоотойгоор тэднийг шалгаж байгаа гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Гэвч энэ хэрэг “хохиролтой” гэх үндэсний 13 компанийн гомдолоос арай л “дээрээс” эхлээд байх шиг. Цаг үе, нөхцөл байдлын хувьд тийм сэжиг бүхий болж таараад байна. Түүнээс биш өмнө нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх өөрийн хүсэлтээр “Самсунг”-ийн асуудлаар шалгуулаад АТГ-ын өгсөн хариуг олон нийтэд мэдээлж байсан. Харин яг одоо л энэ хэргийг сөхөж Б.Батзаяаг баривчлах болсон нь сонирхолтой. Магадгүй хэргийг хэдийд сөхдөг, задалдаг тэр аргыг хэрэглэх цаг нь ирсэн нь энэ байж болох юм.
Дараагийн асуудал нь “алдарт” Дубайн гэрээ. Оюутолгой ордыг ашиглахаар хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээг эхнээс нь эсэргүүцэж байсан тоотой хэдхэн хүн одоо “Олуулаа” болсон. “Олуулаа” гэдэг нь АН-ынхан дотроос ч Дубайн гэрээнээс болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гэж буй саналтай нэгдэж гарын үсэг зурсан гишүүний тоо нэмэгдсээр байгаатай холбоотой юм.
Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудлуудын аль аль нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцрууллах хангалттай шалтгаан болж дэмжлэг авсаар байна. Хамгийн гол нь энэ бүхэн эл хоёр ордын хувь заяаг шийдвэрлэхэд “Ард түмэнд ашигтай байх ёстой” гэх шүүмжлэлээс өөрөөр огт оролцоогүй МАХН-ын дарга Н.Энхбаярт маш таатайгаар тусаж буй юм. Өөрөөр хэлбэл Оюутолгой, Тавантолгойтой асуудал нь Дубайн гэрээ ч бай, Самсунгийн будилаан ч бай, Н.Энхбаярт бол улс төрийн ашиг хонжоо талаасаа л “хувь хүртээж” байна гэсэн үг. Магадгүй “Монгол Улсаа хөгжүүлж өшөөгөө авна” гэдэг хачин мэдэгдлийнх нь биелэл ч байж болох юм.
Нэгэнт Өршөөл үзүүлэх тухай хууль эцсийн шийдлээ олж улс төрийн хориг арга хэмжээнүүдээр “тэнсэж” байсан Н.Энхбаярын горьдлого нэг мөр болж одоо түүнд наймаалцах бус, магадгүй дахиад хоригдохоосоо өмнө амжуулж өшөө хорслоо авах, цаг хугацаатай уралдаж улс төрийн зам мөрөө засах л “ажил” үлдсэн. Дахин хоригдож магадгүй гэхийн учир нь, түүнтэй холбоотой хоёр ч хэргийг АТГ-аас түдгэлзүүлсэн байсан. Тодруулбал, Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гөүлд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэн Эллон Гинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Эллон Гинсбург нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны дүүгийн нөхөр байдаг нь ч юу вэ, ингээд Монгол Улсын шүүхэд нэг сая ам.доллараа олж авах гомдол гаргаснаар Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Ерөнхийлөгч асны хэрэгт залилангийн хэрэг нэмэгдэх болсон гэнэ.
Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Уг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд дахин нэг түдгэлзээстэй байсан хэргийг нь шалгаж эхэлсэн байна. Уг хэрэг нь хээл хахууль өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг аж. Үүнд мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Н.Энхбаярыг гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогоо халхавчлах, нуун далдлах зорилгоор хамтран ажилладаг этгээдийн дансаар дамжуулан өөрөө эзэмшдэг компаниудынхаа дансанд шилжүүлж авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ “сонгууль угтсан” хууль батлагчид саяхан гайхамшигтай сайхнаар баталж Н.Энхбаяр тэргүүтэй авлигачны нурууг бөхийлгөөд ард бидний нурууг тэнийлгэж эхлээд байгаа.
Одоо Н.Энхбаярт өөрөөс нь өөр аврагч бараг үгүй тул тэрбээр авлигын хана хэрмийг анх босгосон эзний хувьд хаанаас нь ямар тоосго сугалж хэнийг унагахаа сайн мэднэ. Ингэж л тэр өөрийгөө аврахаар зэхэж байна. Магадгүй, түүнийг Өршөөл үзүүлэх хуулийн гадна үлдээсэн нь гарт нь хутга бариулж хүлээстэй өрсөлдөгчид нь айдас хурсан нүдээр ширтэх мэт. Н.Энхбаяр тэднийг эхнээс нь хатгаж өдөж эхэлсэн. Түүний гар хөлүүд ч өөрсдөө амьд үлдэхийн тулд “жадных нь үзүүр, сэлэмнийх нь ир” болж явах нь өлзийтэй гэж үзэж буй бололтой. Өнөөдөр АТГ, ТЕГ хийгээд АН, МАН яаж ч тэмцэлдэж, элдвийн тоглоомоор наадаж түүнийгээ “Шударга ёс” гэж нэрлэсэн ч эцсийн дүндээ тоглоомыг ажиглаж, шүүж, ашиг хонжоо олох эзэн нь “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр байх болно.

С.Лантуу

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих