Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр дасгалжуулагч нарын сургалт удирдахаар Японд томилогджээ

United World Wrestling, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний 8 байранд шалгарч ирэх оны Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцохоор шалгарсан багуудын дасгалжуулагч нарын сургалтыг хийхээр шийдвэрлэжээ.

Уг сургалтыг Япон улсын Токио хотод арван хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд хийхээр болж тэр сургалтыг удирдахаар ДБНХ-ноос томилогдсон дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багтсан байна.

Тэрбээр АНУ-ын үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалтыг удирдана, сонгодог барилдааны дасгалжуулагч нарын сургалтыг болгарын иргэн, АНУ-ын дасгалжуулагч Иван Иванов явуулах юм байна.

Тэрчлэн видео дүн шинжилгээг мехсикийн дасгалжуулагч Давид Лопес, ХБНГУ-ын дасгалжуулагч Гарольд Туннеманн нар хийнэ, ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлөөс туркийн иргэн Ибрагим Кикоглю очихоор болжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан


URL:

Сэтгэгдэл бичих