Бизнес эрхлэгчдийн анхааралд: Эдийн засгийн эрх чөлөөгөө хангацгаая!

-09122014-1418087348-183381903-lhagvajav_700x700

Ирэх арванхоёрдугаар сарын 31-наар дуусгавар болох Эдийн засгийн Ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжилтийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Танхимын гишүүн ААН, компаниуд, хувийн хэвшлийнхэн, нийт бизнес эрхлэгчид болон ТББ-ууд, санхүүгийн тайлан гаргадаг бүх хуулийн этгээдэд хандан ил захидал илгээж уриалга гаргасныг хүргэж байна.

Юуны өмнө хууль хэрэгжиж эхлээд бараг гурван сар болж байгааг хэлье. Энэ хооронд юу болов оо? Ер нь бол энэ хууль хэмжээний хувьд “жаахан”. Гэхдээ хуулийн дагуу хийгдэх механик ажил их. Хэрэгжилтэнд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэсэн Засгийн газрын дөрвөн том агентлаг харьяалагдан тэдгээрийн найман мянган улсын байцаагч ажиллаж байна. Тиймээс эхний ээлжинд энэ хууль, журмыг гардан хэрэгжүүлэх улсын байцаагч төрийнхөнд өөрсдөд нь таниулах ажил хийгдэж бараг хоёр сарын хугацаа өнгөрсөн. Хууль сурталчлах ажил өдгөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж сургалт зохиогдон иргэд, ААН-ийнхан одооноос танилцаж эхлээд байна.

Одоо энэ хуулийн цэвэр үр шимийг хүртэх учиртай 95 мянган ААН, компанийхан маань өөсдөдөө ашигтайгаар тусгаж авах хэрэгтэй боллоо. Энд 360 мянган малчин, тариаланч, өмч хөрөнгө бүхий иргэд хамрагдана. Тиймээс хуулийн хэрэгжилтийн талаарх сургалт, судалгаа, зөвлөгөөнд компани, ААН-ийнхан бүрэн хамрагдах ёстой.

Өмнөх сургалтуудаас ажиглаж байхад манай бизнес эрхлэгчид уг сургалтуудад санхүүгийнхан буюу нягтлан бодогч нараа түлхүү оролцуулсан. Энд та бүхэнд хандан хэлэхэд энэ хууль нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн асуудлаас өргөн хүрээг хамарсан хууль юм. Энэ хуулийг ашиглах шийдвэрийг захирал, удирдлага гаргана.  Тиймээс хуулийн хэрэгжилтийн сургалтуудад хэн хамгийн түрүү хамрагдах вэ гэхээр ААН, компаниудын захирал, удирдлага та нар юм шүү. Хоёрт, тухайн компани, ААН-ийн ТУЗ-ийн гишүүд, гуравт нь хөрөнгө оруулагчид, дөрөвт нь өмч хөрөнгө өвлөж авч байгаа хүмүүс юм. Хуулийн гол зорилго нь өмч хөрөнгийн дахин хуваарилалтыг хийхэд оршиж, гагцхүү шийдвэр гаргагч та нарт л зориулагдсан хууль юм шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Энэ бүхний эцэст буюу хууль дуусгавар болох ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд бүх компани, ААН тайлан балансаа шинэчилсэн байх учиртай. Хуулийн хугацаанд хамрагдаагүй бол ирээдүйд ямар хүндрэл үүсэхийг хуулинд тодорхой заасан байгааг онцгойлон анхаарахыг хүсч байна.

Ойрын хугацаанд татварын бүх хуулиуд шинэчлэгдэн УИХ-аас батлах байх. Үүнд ААНОАТ, ХХОАТ болон Татварын ерөнхий хууль /НӨАТ шинэчлэгдэн батлагдсан/ орж 2016 оны нэгдүгээг сарын 1-нээс“тоглоомын” шинэ дүрэмтэй болно. Ажил, үйлчилгээ, орлогыг хянадаг НӨАТ-ын бүртгэлийн систем ажиллаж эхэлнэ. Ялангуяа НӨАТ-ын 20 хувийг иргэд буцаан авснаар таны бүх бизнесийн мэдээлэлийн бүртгэл орлого төрийн хяналт байгуулллагад 100 хувь очдог болно. Тодорхой хэлбэл, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд зах зээл дээр хэн ашиг орлого олж байна тэр этгээд ямар ч тохиолдолд татвар төлдөг механизм ажиллаж эхлэхийг сайн ойлгох ёстой. Санхүү, татварын шинэ механизм ажилаж эхлэхэд манай бизнес эрхлэгчид яг өөнөөдрөөс эхлэн санхүү, татварын тайлан балансаа шинэчилж урд өмнө бий болгосон өмч хөрөнгийнхөө эзэн болох нь чухал байна. Учир юу гэвэл хөрөнгийн дахин хуваарилт, санхүүгийн шинэчлэл, Компанийн засаглалыг хэн түргэн хийж чадна тэр этгээд ирээдүйн шинэ өрсөлдөөнд ялах магдал ихтэй.

Иргэд ч Хувь хүний орлогын албан татварын тайлангаа шинэчилснээр өөрийн орлого, хөрөнгийнхөө албан ёсны эзэн болох юм. Ийм учраас үлдэж буй хоёр сарын хугацаанд хичээн ажиллаарай. Ингэхгүй  бол аж ахуй эрхлэгч танд цаг тулах тусам мэргэжлийн сайн нягтлан бодогч, мэргэжлийн сайн санхүүч, аудитор олдохоо байна шүү. Яагаад гэвэл энэ үйл явц богино хугацаанд явагдаж, цаг нь давчидсан учир үйл явц үнэ цэнэтэй болж ирнэ гэдгийг сануулья.

Энэ дашрамд хэлэхэд хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор манай бизнес эрхлэгчдэд энэ бүх үйл явцын дараа дахин шалгаад эхлэх болов уу, сонгууль болоод ирэхээр байдал урд өмнөх шигээ өөрчлөгдөх вий гэсэн айдас, эмзэглэл байна. Тийм зүйл байхгүй гэдгийг батлан хэлье. УИХ-аас ийм явдал гаргахгүй гэдгийг албан ёсоор хуульчлаад баталчихсан учир төрийн зүгээс ийм бэлэн боломж бололцоо олгож нээж өгч байгаа дээр нь бизнес эрхлэгчид бид аль болох ашиглахыг л бодох хэрэгтэй байна. Энэ бол бидний овсгоо, самбаанаас хамаарах зүйл болоод байна. Түүнээс биш ашиглаагүй өнгөрсөн хойно нь гомдох эрх бидэнд байхгүй.

Түүнээс гадна энэ хуулийн олон нийт, нийгэм, бизнесийн орчинд нөлөөлөх том нөлөө, үр дүн, шинэчлэлийг олж харахаасаа илүү аль болох өөнтөглөж ойр зуурын нэр хоч зүүн элдэв яриа гаргаж амар хялбар, шоу маягын тоглолт явагдаад байгааг энд дурдахгүй өнгөрч боломгүй байна. Татвартай харьцдаггүй, хуулиас холуур дөлөөд яваад байгаа ийм нөхдийн үйлдэлд авталгүй байхыг сануулж байна. Энэ байдал сонгууль дөхсөнтэй холбоотойгоор их гарч байгааг анхаарай.

Дахин хэлэхэд нэгэнтээ УИХ хуулиа баталчихсан, Засгийн газар хуулийн дагуу хэрэгжүүлэх журмаа гаргачихсан, санхүү, төсвийг нь батлаж өгөөд дөрвөн агентлагийн найман мянган улсын байцаагч ажиллаж, дээр нь энэ үйл явдалд манай МҮХАҮТ голлох байр суурьтайгаар оролцож байгаа учраас та бүхэн айж эмээж автах зүйлгүйгээр хуулиа хэрэгжүүлэхэд ханцуй шамлан орохыг хүсч, уриалж байна.


URL:

Нэр: munkhzul Огноо: 4 November 2015

Баярлалаа. Ийм сайхан мэдээг дамжуулж, уриалж байгаа таньд ажлын амжилт хүсье. Иргэдээ энэ үнэхээр том боломж шүү. Одоо энэ талаар ямар сургалтууд байна хэлж өгч туслаарай.

Сэтгэгдэл бичих