Оршуулгын газарт амьдрахаас айхгүй байна, гэр бүл минь энд байгаа

Сирийн зөрчил мөргөлдөөн, иргэний дайнаар 200 мянга хол давсан хүн амь насаа алдаж, олон сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Орон гэргүй болсон ч эх орондоо амьдарсаар байгаа, “эндээ л ясаа тавина” хэмээн ярих сири эрийг Абду гэдэг.

Сирийн нийслэл Дамаскийн оршин суугч тэрбээр хотын оршуулгын газар харуул хийдэг. “Энд босч байгаа шинэ хөшөө бүр дайнд амь үрэгдсэн цэрэг эрс, энгийн иргэдийн амьдрал, эмгэнэлт үхлийн түүх” гэж Абду яриагаа эхлэв. Дайчид Дамаскаас холгүй орших сууринг нь эзэлж, тэр толгой хоргодох газаргүй болжээ. Бүх эд хөрөнгөө ч алдаж. Гэвч Абду гомддоггүй, амьд үлдсэндээ баярладаг. Тэр одоо булшнууд дунд амьдарч байна. Энэ оршуулгын газар дайны золиос болсон ямар ч гэмгүй хүмүүс нойрсоно. “Оршуулга бол миний ажил болж дээ. Өмнө нь би Айн-Термад амьдардаг байсан. Надад юу ч үлдээгүй. Орон гэр, эд зүйл… бүхнээ алдсан. Одоо надад юу ч байхгүй” гэж Абду ярилаа. Түүнд зөвхөн өмсөж яваа гутал, хувцас нь л байна.

Тэр үүнийгээ явган хүний зам дээрээс цуглуулж авчээ. Абду булшнуудыг арчилж тордоно, цэцэг тавина, услана. Ингэснийх нь төлөө түүнд мөнгө өгдөг. Абду тэндээ бас амьдарна. Тэр оршуулгын газар бүх цагаа өнгөрөөхдөө тэнд нойрсож буй хүмүүсийн түүхийг гаргууд сайн мэдэх болжээ. Тэд бүгд  Абдугийн гэр бүлийн гишүүн л гэсэн үг.

Оршуулгын газрын харуул сири эр нэгэн булшны хажууд зогсонгоо “Түүний гэр бүлийнхэн баасан гараг бүр ирдэг юм. Тэр эхнэртэй, магадгүй хүүхдүүдтэй байсан байх… Надад маш харамсалтай байна. Тэр бидний л адил хүн шүү дээ. Би түүнийг өрөвдөхгүй байж чаддаггүй. Ойлгож байна уу. Буун дуу үргэлжлэн гарч, хүмүүс амиа алдаад л…Тэдний араас харамсахгүй байхын аргагүй. Тэр над шиг, би түүн шиг л хүн” гэж Абду ярих аж.

Амиа алдсан хүн хэн байсан нь түүнд чухал биш. Цэрэг, энгийн иргэн, сайн, муу санаатайн алин байсан нь хамаагүй. “Бүх л үхэл том уй гашуу шүү дээ. Энэ бол Сирийн нөхөж баршгүй гарз” гэж Абду ярилаа. Харуул эр сэтгүүлч Лиззи Филантай хамт бас нэгэн булшны дэргэд очоод “Тэр жинхэнэ баатрын ёсоор амь үрэгдсэн. Түүний эхнэр нь үлдсэн. Ойр дотныхон нь түүний цогцсыг энд авчирч оршуулсан юм” гэж Абду тайлбарлав. Тэрхүү хөшөөний дор нойрсож байгаа хүнийг Мухаммед Рафеа гэдэг байжээ. Тэр Сирийн алдартай жүжигчин байв. 2012 онд түүнийг засгийн газрыг нээлттэйгээр дэмжсэн хэргээр Сирийн чөлөөт армийн дайчид цаазалжээ. Сирийн олон гэр бүлийн адил Мухаммедийн гэр бүлд олон гарз тохиосон. Түүний дэргэд нагацыг нь оршуулжээ. “Тэр миномётоор буудах үед амиа алдсан. Тэр буудлагаас нэг ч цэрэг, нэг ч энгийн иргэн амьд гараагүй” гэж Абду ярив. Оршуулгын газар тайван байдаг гэвэл бас үгүй. Их буугаар галлахад газар доргиж байлаа гэж Абду ярив.

“Надад гэр орон байхгүй. Буудалцаан оршуулгын газрыг самарч, газартай тэгшилсэн, ямар ч тохиолдолд би энд үхнэ. Буун дуу гарах бүрийд олон хүн үхэл рүү явдаг. Намайг ийм зам хүлээж байгаа гэхээс биш удахгүй миний гэр орон болсон энэ оршуулгын газар үгүй болно гэхээс айж байна” гэж Абду ярих аж.

Ихэнх хүн юу амлаад ч оршуулгын газарт хоног төөрүүлэхийг хүсэхгүй байх. Гэвч Абду айдаггүй. Тэр энд сэтгэл зүрхний амар амгаланг олжээ. Тэр хамгийн үнэт зүйл болох амьдралаа золиослосон хүмүүсийн дэргэд байна. “Би энд унтах бүрдээ ахан дүүсийнхээ дунд байгаа гэж боддог. Би тэднээс яагаад айх ёстой гэж. Миний гэр бүл шүү дээ. Сэрээд би тэдэнд өглөөний мэнд хүргээд ажил хэрэг нь ямар байгааг асуудаг. Шөнө болгон унтахынхаа өмнө бүгдэд нь “сайхан амраарай” гэж хэлдэг” гэж дайны утаанд хөхөрч үрчлээтсэн нүүртэй, ноорхой ч гэсэн цэвэрхэн хувцасласан сири эр ярьсан юм.

О.Чанцалдулам


URL:

Сэтгэгдэл бичих