БНСУ даяар монголчууд хулгай хийдэг хэмээн удаа дараа зарлуулж байгаа нь хамгийн хөндүүр сэдэв болоод байна

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын цагдаагийн газар алтан бөгж хулгайлсан Монгол залуусыг саатуулсан тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр оройноос эхлэн тус улсын томоохон телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр дээрх залуусын тухай дүрстэй мэдээг цацаж эхэлсэн байна.

БНСУ-д гурван сарын визээр очсон Монгол улсын иргэн, эрэгтэй 31 настай У болон 28 настай Б нар нь 10-р сарын 11-ний өдөр Сөүл хотын Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж, худалдагчийг өөр хүнд үйлчилж байх зуур, нэгхэн минутийн дотор лангуун дээр байсан 4 сая 800-н мянган воноор үнэлэгдэх 16-н ширхэг, 14 каратын алтан бөгжийг бүлэглэн хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч Солонгос иргэнийг хохиролгүй болгосон ч Солонгос улсын хуулийн дагуу, Монгол залууст эрүүгийн хэрэг үүсгэн түр хорьсон байна.

“Тэд хэрэг үйлдэхдээ хар өнгөтэй нүдний шил зүүж, малгай өмсөн нүүрээ халхалж байсан төдийгүй хэргийн газраас холдсон даруй цүнхэндээ байсан хүрэмийг өмсч байсан зэргийг тооцвол, Монгол залуус нь уг хэргийг урьдчилан төлөвлөн үйлдсэн гэдгийг баталж байна. Мөн тэдний өнгөрсөн 7-р сард манай улсад хамт ирээд буцахдаа өөр бусад гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нь шалгаж байна. ” гэж Сөүл хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Ийнхүү БНСУ даяар монголчууд хулгай хийдэг хэмээн удаа дараа зарлуулж байгаа нь хамгийн их хөндүүр сэдэв болж байгаа юм. Тус улсад ажил хийж байгаа олон мянган иргэдийн нэр хүнд иймэрхүү хүмүүсээс болж маш ихээр унаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих