Орхон голыг бохирдуулсан хэрэгт “Алтан дорнод Монгол”, “Монгол газар”-ын дэд захирлуудыг шалгаж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт хууль бусаар алт олборлож буй аж ахуйн нэгж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол ихээхэн хэмжээгээр бохирдоод байгаа.

Байгаль орчинд ноцтой хохирол учруулж, гол мөрөн бохирдуулж буй аж ахуйн нэгжүүд, иргэдийг албадан гаргах ажиллагааг энэ сарын  сарын 13-15-нд  Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны мэргэжилтнүүд болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Улаанбаатар хотоос очиж орон нутгийн Ажлын хэсгийнхэнтэй хамтран ажилласан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Энэ үеэр байгаль орчинд ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Цэнхэр сумын Орхон багт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн эздэд УМБГ-ын Байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тухайлбал, дээрх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийнхан дээрх багийн нутаг дахь ашиглалтын талбайдаа алт олборлох үйл ажиллагаа явуулахаа 2008  онд больсон байна. Гэвч тэд нөхөн сэргээлт хийлгэх нэрийн дор 50 гаруй жижиг аж ахуйн нэгжид талбайгаа худалдаж, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн гэнэ.

Тэдгээр компаниудын дунд УИХ-ын зарим гишүүний нэр дээр байдаг аж ахуйн нэгж бий гэнэ. Хамгийн сүүлд бидэнд олдсон мэдээллээр энэ хэрэгт холбогдуулж, УМБГ-т “Монгол газар”-ын Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан Дорнод Монгол”-ын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Бямба нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэдийгээр “Алтан дорнод Монгол” ХХК ОХУ-ын иргэн С.В.Паушокоос салж, Монголчуудын эзэмшилд ирээд буй ч хуулийн байгууллагынхнаас холдох болоогүй бололтой.

Мөн дээрх хоёр компанийг болон бусад жижиг аж ахуйн нэгүүдийг хууль бусаар ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгсөн Цэнхэр сумын удирдлагуудад хариуцлага тооцохыг өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас холбогдох яам, аймаг, газрын дарга нарт үүрэг болгожээ. Харин хуулийн байгууллагаас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг хүмүүст албан тушаалын хэрэгт шалгахаар болж байгаа гэнэ.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих