МАХН-ыг хэлмэгдүүлж сонгууль угтдагаа боль, АН-ынхаан

МАН,  МАХН-ын ахмадууд гар барилцаж, ирэх сонгуульд хамтарна гэх мэдэгдэлтэй зэрэгцээд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг саатуулав. Бүр саатуулахаар авч явсан мөртлөө урьдчилан хорих ангид ч аваачсангүй. Өөрөөр хэлбэл, Г.Шийлэгдамба нэг шөнийн турш хаана байсан бэ? гэх асуулт оньсого хэвээр үлдэж байна. АТГ-ынхан нууц шоронтой болчихоогүй байлтай.

Ирэх сонгуулийн өнгө төрхийг ерөнхийд нь тодорхойлчихсон жинтэй мэдэгдлийн дараа МАХН гэнэт нэг сайдаа ингэж  АТГ-ынханд  “алдлаа”. Уг нь Н.Энхбаярт  бие дааж сонгуульд оролцож, эрх баригч хоёр намынхаа саналыг хуваах, МАН-тай хамтрах буюу том наймаа хийх, АН-тай зохицож, Ардын намын саналыг хуваах боломжийн хувилбарууд байсан гэх.

Өршөөлийн хуулийг  “Шударга ёс” эвслээр дамжуулан зүтгүүлээд бараагүй МАХН-ерөнхийдөө АН-тай тохиролцох хязгаарт цэг тавьсан гэсэн үг. Тиймээс ч хуучны сайхан түүхээ санагалзаж, адармаат Х үсгээ огоорох шийдвэр гаргасан. Одоо МАХН засаг түшилцэж байгаа  гэдэг утгаараа АН-тай уушги зүрх хагарахгүй байх хэмжээнд харилцаагаа барьж буй.

Гэвч энэ явдлын дараа бол тэд хүчтэй түнжин хагарах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, АН-ын зүгээс “Сонгуульд садаа болоод байвал хашраагаад өгнө шүү” гэх  сэрүүлгийг Г.Шийлэгдамбыг барьснаар өгч байгаа мэт харагдав. МАХН ч  эл санааг үгүйсгээгүй. АТГ-ын  даргыг хэн томилдог билээ, тэр хүнд л энэ явдлыг захиалсан  гэх тайлбарыг өчигдөр сэтгүүлч нарт өгч амжлаа.

АТГ-ын даргыг ерөнхийлөгч томилдог. Чухам ерөнхийлөгч томилдог учир АН-ын дотоод хагарлыг өдөөдөг  луугаруудыг номхотгох,  толгой өргөсөн нэгнийг буулгах ажлууд хийгдсээр ирсэн гэж болно. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ерөнхийлөгчтэй хэсэг үзээд, эцэст нь яав. АТГ-ын бүхэл бүтэн 12 мөрдөн байцаагч зөвлөх А.Гансүхийг  жил гаруй эргүүлдэж, эцэст нь ял өгөөд буй. Хамгийн сүүлийн жишээ Х.Баттулгын гарын хүн гэгддэг Б.Батзаяа мөнгө угаасан хэргээр саатуулагдаад байна. Үүнийг намынхаа луугруудтай  хийж  буй ерөнхийлөгчийн чимээгүй дайн гэж нэрлэчихэж болно.

Харин энэ удаагийн МАХН руу чиглэсэн АТГ-ын үйлдлийг дан ганц ерөнхийлөгчийн  үйлдэл гэхээсээ илүүтэй АН-ыг бүхлээр нь нэрлэж, хардаж  болохоор байна. Учир нь, одоо Н.Энхбаяртай  улстөрийн амбицийн төлөө ерөнхийлөгч өрсөлдөх нь утгагүй. МАХН нэр хүнд нь  өсөх чигтэй байгаа энэ үед шуудхан МАН-тай гар барьчихаар АН-д хүнд тусна аа даа. Мэдээж саарал ордноор  энэ тохироонууд эртнээс яригдаж, хариу тактикууд ч бас боловсруулагдаад эхэлсэн байж.

Хэрэг явдал цаашид хэрхэн өрнөхийг таамаглахад хэцүү ч АТГ яаж ийгээд Г.Шийлэгдамбыг муухай харагдуулж дөнгөнө. Цаашлаад МАХН-ын нэр хүндийн асуудал хурцаар сөхөгдөж, МАН-тай хамтрах явдалд ч нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байгааг энд дурдъя. Мөнхүү олны анхаарлыг АТГ, гэнэтийн баривчилгаа сэлтэд хандуулж байгаад  тэс өөр зорилго бүхий цаагуураа том тоглолт явуулахыг ч үгүйсгэх аргагүй юм.

Улстөрийн ямар ч акц хийж, тоглолт явуулж болно. Гэхдээ сонгууль дөхөхөөр өрсөлдөгчөө бариад хорьчихдог жишиг арай л биш санагдах юм. Илүү шударга, найдвартай өрсөлдөөний аргыг АН-ынхан бодож олох хэрэгтэй мэт.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn


URL:

Нэр: zochin Огноо: 6 November 2015

muhuj bgaa alyyrchin nam AN

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.