Монгол ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэв

Өнгөрсөн долоо хоногт нэрээ сольж, үзэл баримтлалаа шинээр баталсан МҮАН /ҮШН/ -ын удирдлагууд хэвлэлийнхэнд хандлаа. Тэд гуравдугаар их хурлаараа намын дүрэм болон улс төрийн үзэл баримтлал, удирдлагын өөрчлөлт, болон намын нэрийнхээ талаар ярьсан юм. Тэр дундаа Монгол үндэстэн, монгол төр, монгол бодлого хэмээн нэрийдсэн улс төрийн үзэл баримтлалаа илүүтэй ярьж байв.

МҮАН-ын даргаар сонгогдсон М.Энхсайхан хэлэхдээ “Дэлхий даяаршиж, глобальчлагдаж байгаа өнөө үед соёлын довтолгоон, эдийн засгийн түрэлтэд Монгол үндэстэн өөрөө устаж, уусах ийм аюулын ирмэг дээр байна. үүнийг яаж сөрж зогсох вэ гэдэг асуудал монголчуудын санаа зовох асуудал болжээ. Тиймээс бид Монгол иргэншил гэдэг концевцийг сөхөж тавьсан.

Энэхүү концевцийг нийтээрээ босгож ирсэнээр соёлын довтолгоон, эдийн засгийн түрэлтийг сөрж зогсоход чухал үүрэгтэй. Мөн манай нам Монгол төр хүчтэй байх ёстой гэлэг асуудлыг ярьж байгаа. Монгол үндэстэнд учирч байгаа аюул төрийн сулрал, доройтлоор дамжиж ирж байгаа.

Монгол төрийг хүчтэй болгохын тулд 1992 оны үндсэн хуулййг цогцоор нь өөрчлөх, парламентат төр, ерөнхийлөгчийн засаглал гэсэн ийм хэлбэрт Монгол орон шилжих шаардлагатай байна. Ингэхгүйгээр төрийн бэхжилтийн тухай асуудал алга байна гэдэг суурь, чухал асуудлыг хөндөж тавьж байгаа.

Түүнчлэн үндэсний эрх ашгаа ойлгон, өөрийн гэсэн бодлогыг гаргадагболмоор байна” гэсэн юм. Түүнээс гадна Монгол улс уул уурхайн орон болж байгаа нь үнэн боловч үүний өмнө үндэсний эрх ашгаа хамгаалах хэрэгтэй гэв.

Манай улс аливаа стратегийн хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхийн тулд нийгэм эдийн засгийн хөгжлийн багц саналтай ордог горим бий болгох хэрэгтэй гэсэн саналтай байгаа аж.

Тиймээс гадаад улс оронтой хийсэн гэрээнүүдийг дахин нягталж үзэх хэрэгтэй гэсэн юм. Мөн голланд өвчний эсрэг зогсож, мал аж ахуй газар тариалан, ЖДҮ-ийг татвараас бүр мөсөн чөлөөлөх саналыг дэвшүүллээ. Уул уурхайн салбар Монголыг тэжээж байгаа ч энэ нь олон хүнийг ажпын байрыг олноор бий болгодоггүй.

Тиймээс дээрх үйлдвэрүүдийг татвараас чөлөөлж ажлын байрыг нэмэгдүүье гэсэн юм. Мөн МҮАН нийгмийн бодлогоо хүнд нь бус өрхөд нь тусгахаар зорьж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих