Н.Батцэрэгээр ахлуулсан баг ”Ноён” уулын асуудлаар газар дээр нь ажиллав

УИХ-д өргөн баригдсан Ноён уулын талаар нутгийн иргэдийн санаа бодлыг сонслоо.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Уул уурхайн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга н.Жавхланболд, Архелогийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Ч.Амартүвшин, Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлаач н.Жамбалжав болон тус хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн н.Бямбадорж зэрэг албаны хүмүүс болон сэтгүүлчдийн бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдтэй уулзаад ирлээ. Энэхүү уулзалт нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог “Ноён” уул хэмээн нутгийн иргэдэд тахигдсан хайрханыг Улсын тусгай хамгаалалтанд авах талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, мэргэжлийн хүмүүсээр мэдээлэл өгүүлэх, “Ноён” уулын аж байдалтай танилцах зорилготой юм.

Уулзалтанд Мандал сумын иргэд болон, “Ноён уулаа хамгаалъя” ТББ, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний төлөөлөл болсон 100 гаруй иргэд оролцсон юм. Танхимд цугласан олон хүмүүс дор дороо нэгийг бодон хэлж нэлээн бухимдуу байсан ч БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон мэргэжлийн хүмүүсийн судалгаа шинжилгээний материал, хими биологийн онцлог зэрэг олон тайлан мэдээг сонссоны дараа намжиж, тайван ярилцсан юм. Иргэдийн зарим нь буух эзэнгүй буцах хаяггүй ингэж нинжа нараар “Ноён” уулаа ухуулж байхаар Төр нь хариуцаад, буцаад сэргээлт хийж чадах хүмүүстэй нь гэрээ хэлэлцээр хийж, хамгийн гол нь зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн бол, ТББ-ын төлөөлөл О.Цэрэннадмид “Ноён уулыг яагаад ч ухаж болохгүй, үр хойчдоо үлдээх хэрэгтэй, уулыг бүтнээр нь тусгай хамгаалалтанд ав” гэсэн саналыг хэлж байлаа.

Харин БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Ноён уулыг тусгай хамгаалалтанд авах талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн баригдсан байгаа, ингэж улсын тусгай хамгаалалтанд авснаар нийгэм, эдийн засгийн үр дагавар нь юу юм, үүнээс гарах үр дагаварын талаар бид ярилцахаар ирсэн. Энд сумын засаг дарга С.Нямдаваа, сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Ц.Эрдэнэхүү гээд сум орныхоо талаар сайн мэддэг хүмүүс энд байна асуух асуулт, санал, сэтгэгдлээ чөлөөтэй хэлэх хэрэгтэй. “Ноён” уул нь өөрөө Хан хэнтийн салбар уулсын нэг, экологийн хувьд, түүхийн өв соёлын хувьд ч үнэ цэнэтэй хамгаалж, анхааралдаа авч, хойч үедээ авч үлдээх хэрэгтэй байгалийн дурсгалтай газар юм. Мөн “Ноён” ууланд олон тооны уул уурхайн олборлолтын болон ашиглалтын лицензүүд олгогдсон байна. Ухагдсан шороон ордууд дунд ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй орхиод явсан газар ч их олон байна. “Сентерра голд” хэмээх компанийн нэр дээр лиценз нь гарсан 70-аад тонн алтны нөөцтэй талбай байдаг. Мөн Баавгайтын ам, Эрээний ам гэх газар 15 тонн алтны нөөцтэй хэмээн тогтоогдсон байна.

Байгаль орчин уул уурхай хоёр зөрчилдөх тохиолдол олон байдаг. Дэлхийн улс орнуудад зөв зохион байгуулж чадвал тэндээс гарсан мөнгөөр нь байгаль орчиноо нөхөн сэргээж, ажлын байр бий болгоод, орлогоо нэмэгдүүлээд, нийгмийн хөгжилдөө шат ахиулаад, зохицож ирсэн туршлагууд ч байна. Монгол улсын эдийн засгийг бүхэлд нь авч явдаг салбар бол яах аргагүй уул уурхай юм. Гэхдээ бид зөвхөн уул уурхайд түшиглэж болохгүй, эдийн засагаа солонгоруулах хэрэгтэй. Бусад валют орж ирдэг салбрыг ч гэсэн хөгжүүлэх хэрэгтэй. “Ноён” уулын энэхүү асуудлыг зөвхөн хэсэг бүлэг хүмүүс шийдэхгүй, би энд энэ нь буруу, энэ нь зөв гэж шийдэх гэж ирээгүй, аливаа нэг газар уул уурхай, үйлдвэрлэл явуулах гэж байгаа л бол тэнд оршин суугаа иргэдийн санаа бодлыг сонсож, зөвшөөрлыг нь авах ёстой тийм учираас л бид энд ирж, та бүхэнтэйгээ уулзаж байна” гэлээ.

“Ноён” уулынхаа хормойд өвөлжиж буй “Бат нөхөрлөл”-ийн гишүүдийн хот айлаар буулаа.

“Ноён” уулынхаа энгэрт 16 жил амьдарч байгаа нутгийн иргэн Г.Доосойгийн гэргий Л.Батсүх “Манай нөхөрлөл нь Мандал сумын Уртын ам нэртэй энэ газар 2007 онд 10 өрх 21 гишүүнтэй, 1328 га газрыг хамгаалан эзэмших зорилгоор байгуулагдаад өдгөө 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энд “Ноён” ууланд өчнөөн нинжа гэх хүмүүс бий, өдөр шөнөгүй хүмүүс нэмэгдэж ирж байна. Хамгаалалтанд авна гэхээр нэг л өрөөсгөл ойлголт мэт санагдаж байна. Бид гар гараасаа бариад зогсдоггүй л юм бол “Ноён” уулаа хамгаалж чадахгүй. Ингэж хамгаалах нэрээр байж байгаад эцэст нь уул ч үгүй болох вий гэж бид айж сууна. Нинжа нар мал хуйнаас хүртэл хулгайлж, орой болонгуут зарим нь орж хонох гэж оролдохоос аваад бидэнд асуудал их байна. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Нутгийн иргэн Б.Сүхээ “Ингэж аманд ч үгүй хамарт ч үгүй нинжа гэх хэн нь мэдэгдэхгүй хүмүүсээр уулаа ухуулж байснаас буух эзэнтэй буцах хаягтай мэргэжлийн хүмүүсээр ухуулж, байгалиа нөхөн сэргээх хэрэгтэй. Энэ хэвээрээ удвал нутгийн иргэд бид энд амьдрах ч аргагүй болно. Тусгай хамгаалалтанд авлаа гээд нинжа ухахгүй гэсэн ямарч баталгаа байхгүй улам л байгаль хамгаалагч, нинжа нарын дундах тэмцэл хурцдана” гэсэн санал хэлж байлаа.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулыг шүтэх нутгийн иргэдийн саналыг сонсож, Засгийн газарт дамжуулахаа хэлээд хотын зүг хөдөлсөн юм.


URL:

Сэтгэгдэл бичих