Монголын эдийн засаг хурд хэтрүүлэн давхиж байна

Монголын эдийн засаг хэт хурдтай өсч байна гэж Олон улсын валютын сан үзэж байна. Хурд хэтрүүлэн давхихад осолдох аюул их байдагтай адил эдийн засаг хэт хурдан өсвөл мөн эрсдэл олширдог гэнэ. Тиймээс удахгүй монголчууд эдийн засгийг өсгөх биш харин тодорхой хэмжээнд, тогтвортой барьж чадсан Засгийн газрыг сайшаах хандлагатай болж мэдэх юм.
“Ойрын ирээдүйд Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай хоёр эрсдэл бий. Нэгдүгээрт, эдийн засаг хэт халж, дэвэрч байна. Энэ нь үнийг дарамталж, инфляцийг өсгөнө. Инфляциас эмээх хэд хэдэн шалтгаан байдаг ч хамгийн их бидний эмээж буй зүйл бол инфляци өссөнөөр ядуус улам хүнд байдалд орно. Хоол хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд харин тэдний орлого дагаж нэмэгдэхгүй. Тиймээс тэд бүхнээс түрүүнд инфляцийн хор уршигыг амсана. Монголын эдийн засаг хэр хурдан өсч байгааг харуулахын тулд хэдэн жишээ татъя: Энэ оны хоёрдугаар улиралд ДНБ-ий бодит өсөлт 17 хувь, хувийн хэвшилд олгосон банкны зээл бараг 50 хувь, импорт бараг 80 хувь болтлоо өслөө. Энэ өсөлтүүд сайшаалтай ч харамсалтай нь алийг нь ч цаашдаа тогтвортой байлгаж чадахгүй” гэж  ОУВС-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнет хэлж байна.
Түүний хэлсэн хоёр дахь өсөлт бол дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал.  Европын орнуудын Засгийн газрын өр, АНУ-ын санхүүгийн бэрхшээл зэрэг нь дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг муутгаж, эрсдэлтэй болго байгаа. Энэ тодорхой бус, эрсдэлтэй байдал нь эрдэс баялгийн үнийг огцом унах өндөр магадлалтай. Энэ газрын доорх баялгаасаа 100 хувь хамаардаг манай улсад хамгаас их хамаатай гэж  Стивен Барнет онцолж байна.
Энэ үнэхээр тийм гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Хоёр жилийн өмнө болсон эдийн засгийн хямралаас бид зэсийн үнэ эргэж өссөний ач буянаар гарч чадсан. Харин одоо нүүрсээ зэснээс ч илүү экспортолсоны хүчинд эдийн засгийн өсөлтөө хэт хурдлуулж чадаж байна. Энэ нь манай эдийн засаг дэлхийн эдийн засгаас хэр хамааралтайг харуулах нэгхэн жишээ.
Монголын эдийн засаг хоёр жилийн өмнөх хямралаас гайхалтай хурдан сэргэн гарлаа. Энэ нь Монголын Засгийн газар, Монголбанк макро эдийн засгийн зөв бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүн. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС цагаа олсон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн нь нөлөөлсөн. Бас зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эргээд өссөн нь монголын эдийн засаг засаг өсөхөд чухал хүчин зүйл болсон. Тиймээс бид Монгол арвин эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол улс гэрэл гэгээтэй сайхан ирээдүйтэй золгоно гэж найдаж байгаа. Энэ бол дунд хугацааны төлөв байдал. Гэхдээ…гэж Стивен Барнет сануулаад… Гэхдээ үүнээс өмнө танай улс эргээд 2008 шиг хүнд байдалд орж мэднэ шүү! гэж байна. Гол хоёр эрсдэл нь (дахин хэлэхэд) инфляци, бас дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал.
2008 оны хямралын үед дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан нь Монголын эдийн засагт маш хүнд цохилт болсон. Экспорт, төсвийн орлого буурсан. Гэтэл  одоо 2008 оны өмнөх нөхцөл байдлыг санагдуулам ижил төстэй эдийн засгийн бодлого хэрэгжиж байгаа ажээ. Ялангуяа эдийн засаг хэт халж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхой биш байхад Засгийн газар төсвийн тодотгол хийж  зардлаа улам нэмэгдүүлэхийг төлөвлөж байгаа нь эрсдэлийг нэмж байна. Ингэж зардлаа нэмвэл хэт халсан эдийн засагт улам дарамт болж, эрдэс баялгийн үнэ унахад төсвийг улам эмзэг болгоно.
Тиймээс эрдэс баялгаас хамаарах эдийн засгийн цочироог багасгахын тулд инфляцийг хумих хэрэгтэй. Инфляцийг хумихын тулд төсвийн зардлыг хязгаарлах, мөнгөний бодлогыг чангалах ёстой аж. (Дашрамд хэлэхэд эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр унана гэсэн баттай мэдээ байхгүй. Харин ОУВС л эрсдэлийг тооцож ингэж дүгнэж байна.)
Тэртэй тэргүй анх батлагдахдаа л баахан хэл ам таталж, ирээдүйгээсээ зээлсэн гэж муулуулан байж “төрсөн” 2011 оны төсөвт тодотгол хийхийг манай зарим эдийн засагч, улстөрчтэй адил ОУВС “эсэргүүцэж” байна.  “Энэ оны төсөв анх батлагдахдаа л өмнөх оноосоо 30 гаруй хувь нэмэгдэхээр батлагдсан. Тиймээс төсвийн тодотгол хийх ямар ч боломжгүй. Төсвийн зардал эрс нэмэгдсэн нь эдийн засаг хэт халж байгаагын нэг гол шалтгаан. Төсвийн зардал нэмэгдэх тусам инфляци өсч, ядуу эмзэг бүлгийнхэн болон хувийн хэвшлийнхэнд хүндээр тусах болно” гэж  Стивен Барнет хэлсэн юм.
Харин мөнгөний бодлогын тухай тэрбээр ярихдаа “Бид Төв банкны хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ үүнээс ч илүүг хийх хэрэгтэй гэж бид үзэж байна. Ялангуяа инфляцийн дарамтыг бууруулж, зээлийн өсөлтийг хязгаарлахын тулд зээлийн хүүг улам нэмэх хэрэгтэй” гэв. Түүний хэлснээр бол Монгол банк инфляцийг хяналтандаа байлгахын тулд улам бодлогын хүүгээ өсгөж, зээл олголтыг хязгаарлах ёстой ажээ.
Тэрээр Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр, зээлийн хүү нэмэгдэнэ. Зээлийн хүү нэмэгдэхэд зарим жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусах болно гэдгийг нуусангүй. “Мөнгөний бодлого ингэж хэрэгжихээс өөр аргагүй байна. Энэ бол тийм сайн бодлого биш. Гэхдээ Засгийн газар зарлагаа нэмэгдүүлж байхад Монголбанк бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй болно. Ингэсний үр дүнд Засгийн газрын эдийн засагт эзлэх байр суурь томорч хувийн хэвшлийнхэн шахагдах болно. Зээлийн хүүг нэмж, зарим бизнесийнхэн зээл авах боломжийг хааж байгаа нь хүсээд байх арга хэмжээ биш. Гэвч юу ч хийхгүй байснаас ингэж бодлогын хүүгээ нэмэх нь дээр. Хэрэв Монголбанк юу ч хийхгүй бол инфляци улам өсч эдийн засагт их хор уршиг л учруулна.”
Түүнээс Монголын эдийн засгийн зохистой өсөлт ямар байвал зохих вэ? гэж асуухад “Хэрэв бид ашигт малтмалын салбарыг оролцуулалгүй зөвхөн ашигт малтмалын бус салбаруудын эдийн засгийн өсөлтийг тооцож үзэхэд жилийн өсөлт нь 8 хувь орчим байхад  Монголын эдийн засаг тогтвортой өсөх магадлалтай гэж үзэж байна. Мэдээж үүн дээр ашигт малтмалын салбарыг нэмвэл жилийн өсөлт бүр нэмэгдэнэ. Гэхдээ гол нь эрдэс баялгийн бус салбаруудын жилийн өсөлт 8 орчим хувь байх ёстой” гэв. Харин энэ жил ашигт малтмалын бус салбаруудын өсөлт жилийн 11 хувьд хүрэх магадлалтай гэж ОУВС тооцоолж байна.
Засгийн газрын зарлага нэмэгдсэнээс болж хамгийн түрүүнд ядуу, бас хувийн хэвшлийнхэн хохирох бололтой. Гэтэл их бүтээн байгуулалт, 21 мянган төгрөгийг иргэн бүрдээ өгөх гэж Засгийн газар зарлагаа нэмсэн. Бас Засгийн газар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа. Гэтэл одоо инфляци гэдэг “хадны хар мангаанаас” болоод Засгийн газар нэг гараараа босгосон гавьяагаа нөгөө гараараа сүйтгэх шаардлагатай болж байх шиг байна… Ямартаа ч дараа жилийн төсөвт эмзэг, ядуу хүмүүсийг онилж байгаад, хавтгайруулж биш, нийгмийн халамжийг үзүүлэх ёстой гэж Стивен Барнет хэлж байна.

Х.Эрдэмбилэг /МОНЦАМЭ/


URL:

Сэтгэгдэл бичих