Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрүүдэд гарын үсэг зурах эрх олгоно

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны  салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Итали улстай энэхүү хөтөлбөрийг байгуулснаар хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, бүх салбарт багш, судлаач, мэргэжилтнүүдийн солилцоог хэрэгжүүлнэ. Эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд хэрэгжүүлж, кино урлаг, номын сан, соёлын өвийг хадгалах чиглэлээр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Франц Улсад 1996 оноос хойш 140 гаруй монгол оюутан боловсрол эзэмшиж, 40 гаруй хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагджээ. 2014 оны байдлаар 100 гаруй Монгол оюутан суралцаж байгаагийн 10 нь Францын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн байна. Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 онд байгуулагдсан бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажлыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага, судалгааг 55 дурсгалт газарт хийж, 200 гаруй олдворыг Францын тал 200 000 еврогоор сэргээн засварлаж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд монголын дэлгэцийн сор бүтээл болох “Цогт тайж” киноны эх хувийг Франц Улсад сэргээн засварлаж, 2015 онд хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулах боломжтой болж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгийн хүрээнд 10 монгол оюутныг Францад сургах тохиролцоо хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Товч мэдээ

-  Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

-  2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Батцэрэгт даалгалаа.

-  2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээний бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус хэлэлцээний Монголын хэсгийн дарга Х.Ганцогтод даалгалаа.

-  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд бөгөөд тус ажлын хэсгийн Монголын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад даалгалаа.

-  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг нэгтгэн 2016 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.

-  “Журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.3.2 заалтад “Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр болон Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн авто зам, замын байгууламж” гэж нэмэхээр тогтлоо.

-  Францын хүнсний тусламжийн эргэлтийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжиж, уг хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

-  “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлд өөрчлөлт орууллаа.

-  Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


URL:

Сэтгэгдэл бичих