Үлэг гүрвэлүүд мөхсөн тухай хамгийн оновчтой 10 онол

66 орчим сая жилийн тэртээ цэрдийн ба палеогены галвын зааг дээр шинжлэх ухаанд «5 дахь удаагийн их сүйрэл» гэж нэрлэгдсэн гамшиг нүүрлэж, дэлхий дээрх амьтдын 80 хувь нь устжээ. Энэ сүйрлийн хор уршиг хязгааргүй бөгөөд бүх төрлийн үлэг гүрвэлүүд асар хурдан мөхөж, үлдсэн амьтад нь эрс өөрчлөгдсөн байна. Энэ бүхний шалтгааныг эрдэмтэд одоо ч тайлбарлахыг хичээж байгаа ч одоог хүртэл хэн ч 100 хувь итгэлтэй байх тийм шалтгааныг олоогүй байгаа юм. Гэхдээ шинжлэх ухааны салбарт хамгийн магадлалтайд тооцогддог 10 онолыг та бүхэнд сонирхуулж байна.

10. Asteroid /солир/

Дэлхий бага гарагтай мөргөлдсөний улмаас үлэг гүрвэлүүд сүйрсэн байж магадгүй. Цэрд-палеогений галавт хамаарах тунамал чулуулгийн давхаргад ихээхэн хэмжээний иридий байгааг эрдэмтэд анзаарчээ. Дэлхийн чулуулаг царцдаст маш ховор тааралддаг энэ бодис бага гарагуудын бүрэлдэхүүн хэсэг болж байдаг. Хэрвээ дэлхий дээр сансрын биет унасан юм бол тогоо байх ёстой. 1990 онд Мексикийн Юкатаны хойг орчмоос илрүүлсэн 180 км голчтой, 18-20 км гүн аварга тогоог Чиксулуб гэж нэрлэсэн бөгөөд 10 орчим км голчтой бага гарагтай мөргөлдсөний ул мөр гэж үүнийг үзэж байна. Энэ цохилтын хүч 100 тератонн (түүхэнд байсан хамгийн хүчирхэг халуун цөмийн төхөөрөмж 0,00005 тератонн хүчин чадалтай байжээ) хүрсэн байх ёстой. Үүний улмаас 100 метр өндөр цунами үүсч эх газрын гүн рүү нэвтэрсэн байж таарна. Хөрсөн дээр цохилтын долгион тархаж, асар хүчтэй ойн түймэр гарагийг бүрхэнэ. Агаар мандалд үнс нурам цацагдаж, угаарын хийн агууламж хэдэн зуу дахин нэмэгдэж, газрын гадаргуу олон жилийн турш нарны гэрлийг үзэж чадахгүй болно. Үүнээс болж ургамлын аймгийн фотосинтезийн процесс удааширч улмаар агаар мандал хүчилтөрөгчийн дутагдалд орно. Эцсийн эцэст үүл сарнихад үлэг гүрвэлүүд нэгэнт үгүй болсон байх юм.

9. Global Firestorm /галт шуурга/

Дэлхий бага гарагтай мөргөлдсөн байж магад гэдэгтэй олонх эрдэмтэд санал нийлдэг ч, энэ нь сүйрлийн гол шалтгаан гэдэгт эргэлзэгчид олон байгаа юм. Мөргөлдөөний дараа манай гарагийг бүрэн хамарсан галт шуурга болсон гэх онол бий. Учир нь, мөргөлдөөний үеэр өчүүхэн жижиг чулуулгууд сансарт цацагдана. Эдгээр нь аажмаар агаар мандалд бууж ирэхдээ агаартай үрэлдэн С 1500° хүртэл хална. Тэнгэр хурц улаан өнгөтэй болж бүх гараг түймрийн хурц дөлөнд автах юм. Энэ онолыг баримтлагчид дэлхийн гадаргуугийн 7 ам.дөрвөлжин метр бүрд нэг мегатонн бөмбөг хаясантай адил гэж жишиж байгаа аж. Зөвхөн усан доор, эсвэл гүнзгий нүхэнд нуугдсан амьтад л амьд гарах боломжтой гэнэ.

8. Hypercanes /Хар салхи/

Массачусетсийн Технологийн Их сургуулийн эрдэмтэд үлэг гүрвэлүүдийн мөхөлд хүчтэй хар салхи буруутай гэж үзэж байна. Онолын хувьд солир унасны дараа далайн ус С +50° хүртэл халж цагт 1100 км хурдлах хүчтэй супер хар шуургыг үүсгэж чадах ажээ. Дэлхий дээрх хамгийн хүчтэй хар салхи 1979-10-12-нд болсон бөгөөд 350 км/цаг хурдтай байсан гэдэг. Энэ нь дээрх үзүүлэлтийн ердөө 30% гэсэн үг. Динозаврууд хүчтэй салхийг тэсээд өнгөрч чадах байсан. Харин салхи 75 км-ийн өндөрт дэгдсэн нь тэдний хувьд үхлийн аюултай нөхцөл байдлыг үүсгэжээ. Удалгүй озоны давхарга цоорч, үхэл таригч нарны цацраг амьд бүхнийг төөнөсөн байна.

7. Gradual Extinction and Mammal Competition /Аажим устгал буюу хөхтөн амьтдын өрсөлдөөн/

Үлэг гүрвэлүүд агшин зуур биш харин хэдэн сая жилийн туршид аажмаар сөнөсөн гэх онол арай аймшиг багатай сонсогдоно. Шалтгаан нь сүүгээр бойжигчидтой өрсөлдөж чадаагүй. Сүүгээр бойжигчид орчиндоо дасан зохицож хоол тэжээлээ олохдоо хавьгүй илүү, мөн үржлийн арга нь боловсронгуй байв. Хүйтэн цуст үлэг гүрвэлүүд өндөг гаргана. Харин сүүн тэжээлтнүүд амьд зулзага төрүүлж тэжээнэ. Нялх гүрвэлүүд маш дорой, тэдний хэвийн өсөлт хөгжлийг хангахын тулд асар их идэш тэжээл хэрэгтэй. Харин үүнийг олоход улам л хэцүү болж байлаа. Тэгээд ч сүүгээр бойжигчид хэвлийдээ үр зулзагаа тээдэг байхад, үлэг гүрвэлүүдийн булж орхисон өндөг махчин амьтдын хоол болох нь элбэг. Ингээд буурай хөгжилтэй, орчиндоо сайн зохицож чадаагүй амьдралын хэлбэр илүү хөгжингүй нэгэндээ орон зайгаа тавьж өгсөн бололтой.

6. Continental Drift /Эх газрын нүүдэл/

Эрдэмтдийн тооцоолсноор үлэг гүрвэлүүд мезозойн эринд (248-66 сая жилийн өмнө) амьдарч байсан. Мезозой нь триасын, юрийн, цэрдийн гэсэн 3 галавт хуваагдана. Эхлээд бүх тив Пангея гэх нэгэн аварга том эх газарт багтаж байв. Юрийн галвын үед Пангея аажмаар хуваагдаж, тасарсан хэсгүүд нь хоорондоо холдож эхэлжээ. Үлэг гүрвэлүүдийг мөхөх үед тивүүд одоогийнхоо дүр зургийг ерөнхийдөө олоод байлаа. Ингэж оршин суугаа газар болон цаг уурын нөхцөл эрс өөрчлөгдсөний улмаас үлэг гүрвэлүүд мөхсөн байж болзошгүй юм. Ургамлын аймаг өөрчлөгдөхийн хэрээр өвсөн тэжээлт гүрвэлүүд идэш хоолоо олоход бэрхшээлтэй болно. Тэдний тоо толгой цөөрөх нь махчин гүрвэлүүдэд нөлөөлөхгүй байж чадахгүй билээ.

5. Changes in Water Levels /Усны түвшингийн өөрчлөлт/

Амьтны ертөнцийн их сүйрэл бүр далайн түвшин өөрчлөгдөх цаг үетэй давхцдаг. Усан доороос хуурай газар шинээр гарч ирэхэд өөр хаа нэгтээ амьтдын амьдрах орчин усанд автана гэсэн үг. Шинэ газар шинэ төрлийн ургамал ургаж, цаг уурын нөхцөл ч өөрчлөгдөнө. Хүйтэн цуст амьтад ийм эрс өөрчлөлтөнд дасан зохицох нь маш хэцүү, бараг л боломжгүй зүйл ажээ.

4. Disease /Өвчин/

Эртний чулуужсан хуванд хадгалагдан үлдсэн хачиг, шумуулын үлдэгдлийг судалсан эрдэмтэд онц аюултай олон халдварт өвчин үлэг гүрвэлүүдийн мөхлийн үед бий болсон гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хүчирхэг динозаврууд тахал, хижигт нэрвэгдсэний улмаас үүрд алга болсон байж болзошгүй. Үнэхээр өвчин тэднийг үгүйрүүлэх өндөр магадлалтай. Учир нь үлэг гүрвэлүүдийн дархлааны систем маш сул, үржлийн процесс нь дэндүү удаан. Үхлийн аюултай өвчинд нэрвэгдсэн нэг нь бусаддаа маш хурднаар халдаах боломжтой. Сүүгээр бойжигчдын хувьд тэдний дархлааны систем сайн хөгжилтэй тул эсэн мэнд үлдсэн байх.

3. Comet /Сүүлт од/

Сүүлт од нь сансрын мөс, тоос, чулуулаг, органик нэгдлүүдээс тогтох бөгөөд хэмжээ багатай учир асар их хурд авах боломжтой. Дэлхий дээр сүүлт од унасаны улмаас үлэг гүрвэлүүд сөнөсөн гэдэг онолыг 1980 онд дэвшүүлжээ. Гэвч Чиксулубын тогоо шиг ул мөр үлдээх том сүүлт од яагаад ч байх боломжгүй гэх эсэргүүцэгчид олон байв. Гэвч асар их хурдтайгаар хөдлөх сүүлт од ийм тогоог үүсгэж болно гэдгийг компьютерээр загварчлан үзүүлжээ. Сонирхолтой нь, энэ үед агаарт дэгдэх тоос шороо зэрэг ньдэлхий бага гарагтай мөргөлдөх үеийнхээс хэд дахин их байх юм гэнэ.

2. Volcano /Галт уул/

Одоогийн Энэтхэг улсын нутаг дэвсгэрт манай гарагийн хамгийн том галт уулсын бүс болох Деканы тэгш өндөрлөгт галт уул дэлбэрснээр үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн гэх онол байдаг. Дэлбэрэлтийн үеэр агаарт цацагдсан хүхрийн асар өндөр агууламж бүхий хий, тоосон үүл нарны гэрлийг хэт удаан хугацаагаар халхалж, далай тэнгисийн ус исэлдэн, хүлэмжийн хийн нөлөөгөөр хэт дулаарал болсон нь амьтны ертөнцөд гамшигт сүйрэл авчирсан байж болох юм. 2009 онд энэ онолыг батлах нэгэн олдвор гарч иржээ. Энэтхэгийн эрэг орчимд усан доор нефтийн цооног өрөмдөж байх үед хурдсаар дүүрэн эртний хатуурсан лав их хэмжээгээр илэрчээ. Лаван дотор үлэг гүрвэлүүдийн мөхлийн үед хамаарах чулуужсан үлдэгдэл байжээ.

1. Combined Event /Хосолмол үйл явдлууд/

Дэлхийн түүхэн замналтай харьцуулахад дээрх үйл явдлууд асар богино хугацаанд нэгэн зэрэг, эсвэл цувран болж өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр манай гараг сүүлт одтой мөргөлдлөө гэхэд галт уул дэлбэрэх, түймэрт автах аюул нэгэн зэрэг заналхийлэх бүрэн үндэслэлтэй. Түүнчлэн амьд үлдэгсэд нь өвчилж, далайн түвшний өөрчлөлтийн гамшигт нэрвэгдэх зэргээр дараалсан, давхацсан олон хүчин зүйлийн нөлөөнөөс ангид байх аргагүй. Тиймээс үлэг гүрвэлүүдэд ямар ч боломж байгаагүй нь мэдээж. Нэг аюулыг давлаа гэхэд нэг хэсгийг гэтлэх нь бараг л боломжгүй зүйл.

Г.Уянга

Эх сурвалж: www.toptenz.net

URL:

Сэтгэгдэл бичих