Нохой агнаж ашиг олсон орос хийгээд эвэр нь хугарсан тайжийн тухайд

Хуучны сониныг сөхөн үзэхүй

Яг одоо би гартаа “Үнэн” сонины 1926 оны бага зэрэг урагдан, шарласан нэг дугаарыг нандигнан барьж сууна. Түүхийн нэгэн хэлтэрхийг л атгаж байна гэсэн үг шүү дээ. Монгол улсын 16-р он, 12 сарын 25-ны өдөр гарсан 46 дахь дугаар. “Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо ба Бүх Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хорооноос долоо хоног бүр нэг удаа хэвлэн нийтэлмүй” хэмээж. “Залуучуудын үнэн” сонин 1924 оноос эхэлж гарсан гэдэг, тэгтэл 1926 онд дээрх хоёр байгууллага хамтран энэ сониныг гаргасан байхыг бодоход нэг хэсэг “Үнэн”, “Залуучуудын үнэн” хоёр нийлсэн юм аа даа.

Сонины гол уриа нь “Ардын зориг агуу гайхамшиг”, харин дагалдуулсан уриа нь “Бүх дэлхийн үгээгүй нар нэгдэгтүн”.

Сониныхоо гарчгийг “46 дугаар сонин дээр хэвлэсэн зүйлийн товъёог” гэжээ. Одоо бол “товъёог” хэмээх үгийг “каталог” гэсэн утгаар хэрэглэх болсон билээ. Ингээд тэрхүү “товъёог”-ийг нь үзвэл 1. Чармайн гүйцэтгэмү, 2. Аж ахуйн явдлын тухай, 3. Нохой барьж алахыг зогсоожээ, 4. Гадаадын сонин 1 зүйл, 5. Хөдөөний байдал 3 зүйл, 6. Нам, эвлэлийн байдал 1 зүйл, 7. Тусгай зарлал 3 зүйл гэсэн нийт долоон ерөнхий гарчиг буюу хөмсөгтэй юм байна.

“Нохой барьж алахыг зогсоожээ” гэсэн мэдээ нь тун сонирхолтой юм. Их Хүрээнд ирсэн гадныхны дурсамжийг уншихад нохой нь хүн барьчих гээд, үнэхээр хэцүү байсан тухай өгүүлсэн байдаг. Нэрт монголч эрдэмтэн Николас Поппе л гэхэд “Дуртгал”-даа “…Урьд Хүрээнд алхана гэдэг асар том, догшин нохдын хоол болчих гээд нэн аюултай байж билээ. Нэг орос цэргийг ноход бүр хэдэн хэсэг болгоод хаячихсаныг би мэдэх юм. Бүр сүүлд, 1926 он гэхэд шөнө ганцаар алхах бас л амь дүйсэн ажил хэвээр байлаа…” гэж бичсэн байдаг. Яг л тэр 1926 онд гарсан сонин дээр тэгвэл ийм мэдээ гарчээ:

“Мөнөөхөн Улаанбаатар хотын захиргааны газраас тус хотыг ариун цэвэр байлгах ба мөн хүн амьтныг ноцох, зуух зэргийн хорлолыг устгахын учир эзэнгүй золбин нохдыг арга эрж арилгуулахаар орос хүн лүгээ гэрээ байгуулсан нь, тэрхүү орос завсраас ашгийг агнах зэргээр ард олонд шүүмжлэлтэй хэрэг дэгдээсэн тухайг Засгийн газрын эрхлэх товчооны хурлаар хэлэлцэж, тэрхүү золбин нохойг чингэж алж арилгахыг зогсоох ба ашгийг хичээсэн оросыг байцаан шийтгүүлэхээр тогтож, эрхлэх газар явуулъя хэмээмүй”

Уг нь золбин нохойтойгоо тэмцэх нь ч тэмцсэн л юм байна л даа. Нохой алах монгол хүн олдоогүйг бодоход шашны нөлөө их байсан юм  болов уу даа? Хүүхэд нохой баярлуулна гэж нэг үзэл байдаг даа, гэтэл юун алах? Даанч нөгөө орос нь ашиг хөөгөөд явчихсан байна. Үнэхээр ашиг хөөсөн үү, эсвэл хэн нэг орос этгээд ирээд нохойг нь буудаж алаад байхаар ард олны дургүй хүрсэн үү гэдэг бас л бодох асуудал. Буддын шашны чин үнэн утгыг олж биширвэл нохой алснаас зуулгаад хазуулаад явж байсан нь хавьгүй дээр гэдгийг мэдрэх билээ. “Алтангэрэл” судраас өлөгчин баранд биеийг өргөсөн ханхүүгийн үлгэрийг уншвал бүр ч тодорхой болно.

Өөр нэг сонирхолтой зүйл байгаа нь гэрээ хийсэн оросыгоо эргүүлээд хариуцлагад татаж чадаж байсан нь тун сүрхий. Сүүлд, мэргэжилтнүүд гэж ирдэг болсон үед хүн дайрч алсан орос жолоочоос болж тэр хэргийн тухай зүгээр л нийтлэл бичсэн монгол сэтгүүлч хэлмэгдэж байсныг бид мэднэ. 26 онд бол манайхан бас том л толгойтой байж дээ.

“Эрхэм тайжийн эвэр хэдүйнээ хугарсан биш үү” гэсэн бас нэг сонирхолтой мэдээ байна.

“Баруун ангийн мэдээнд үзвээс, Богд хан уулын аймгийн Хүнцэлцавчид уулын хошууны сургуулийн тэнхмийн сургагч тайж Бат-Очирын бие намар цаг, өөрийн гэрт жасаа номоо уншуулж, найр хурим үйлдэж бүхүйд намын гишүүн нэгэн хүн очвоос мөнөө Бат-Очир авгай жинстэй малгайгаа ойрын авдранд тавьж, нэлээд ихэмсэг байдалтайгаар морилон сууснаа тэрхүү гишүүнийг үзмэгц малгайгаа авдрын хооронд далдлан нуух зэргээр сандарч, баахан арга барагдсан янз гаргав хэмээмүй. Энэ нөхрийн эвэр хэдүйнээ мухарсан биш үү? Юунд дахин нууцаар хэрэглээд нэгэн нөхөртөө мэдэгдэж баригдан, ийнхүү сандран мэгдрэв хэмээгч нэн ч инээдтэй хэмээгч байтугай нэгэнт хугарсан эврийг дахин ургуулах хэмээн бэлэглээд ямар тусыг олох вэ хэмээн гайхмуй”

Богд хан уул аймгийн Хүнцэлцавчид уулын хошуу гэдэг нь хуучнаар бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийнхоор бол Төв аймгийн Өндөрширээт, Эрдэнэсант сум тэр чигээрээ, Бүрэн, Баян-Өнжүүл, Лүн сумын хэсэг, Булган аймгийн Дашинчилэн сумдын нутаг юм.

Хөөрхий тайж ард олныхоо дунд нэр хүндтэй, додигор сайхан суугаад найрлаж байтал намын гишүүн ороод ирж дээ. Яасан ч хүнийг эвгүй байдалд оруулдаг намын гишүүн байсан юм, юун ч сүрхий нэр устай нь сониндоо бичиж илгээдэг юм, бас л сонирхолтой л түүх юм даа. 1926 он шүү дээ. “Мухрах”, “мэгдрэх” хэмээх үйл үгс, “байтугай” гэсэн холбох үгийн хэрэглээ нэн өвөрмөц байна.

Гадаад мэдээ буланд Ордос дахь намын үүр, ажил байдлын тухай бичжээ. Ингэхдээ Өвөр Монгол гэсэнгүй, Дотоод Монгол хэмээх нэр томьёо хэрэглэж.

Тусгай зарлалын гурван зүйл дотроос хамгийн сонирхолтой нь мөн оны 12 сарын 2-ны өдөр Оюутны сургуулийн байшинд нээлттэй болсон нэгэн шүүх хурлын талаарх мэдээлэл юм. Тус шүүх хурлаар “…урьд улсын санд үлэмжхэн мөнгөний өр байгуулж оргон зайлсан ялт, өндөр Дугаржав, мөн урьд улсаас урваж цаазаар автагдсан Лувсанжав лугаа уруул шүд мэт нөхөрлөж, уг зорьсон хэрэгт (нь) туслалцаж явсан ялт Долгор, бас Толгойтын алтны уурхайн газраа алба хааж байгаад гэнэт Хайлаар зэрэг газар оргон зайлсан хэргийн ялт, Тойс хэмээх Бадамжав” нарын хэргийг нягтлан байцаажээ.

Албан ёсны шүүх хурлын мэдээг албаны “Үнэн” сонинд мэдээлж байгаа атлаа “уруул шүд мэт” хэмээн уран зохиолын маягийн зүйрлэл хэрэглэсэн нь тун содон. Шүүх хурлаас өндөр Дугаржавт арван долоон сар хорих ял оноогоод түүнийгээ “суллан тавьж, тэгнэн харгалзуулах ба гадаад улст үүрд нэвтрүүлэх эрхгүй” болгон шийтгэжээ. Үүнд одоогийн “тэнсэн харгалзах” гэдэг хуулийг ойлголтыг “тэгнэн харгалзуулах” гэдэг байсан нь анхаарал татна. Аль аль нь л “тэн” хэмээх язгууртай, “тэнцүүлэх” гэсэн санаатай үгс юм. Мөнөөх улсаас урваж цаазлуулсан Лувсанжав хэмээгч этгээдийн “уруул шүд мэт” анд Долгорыг долоон жилээр, Тойс хэмээх Бадамжавыг харин гурван зуун төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Түүхийн нэгэн баримт болсон, энэ мэт сонин содон унших зүйл ихтэй тус сониныг Навааннамжил, Зэнмядар хэмээх хоёр хүн эрхлэн гаргаж, бүгд таван мянган хуудас (одоогийнхоор бол хувь) хэвлүүлэн гаргасны нэг хувь нь ийнхүү хувийн цуглуулгад маань хадгалагдаж буй нь энэ бөгөөд Монгол улсын боловсролын тогтолцооноо хамгийн сүүлд мэндэлсэн “Цахим өртөө” дээд сургууль Номын өргөөтэй болж, ховор хуучин номын цуглуулга нээж байгаад талархахын ялдар, шинэ сургуулийн эрч хүчтэй, урам зоригтой оюутан залуусыг үүх түүх, хэл соёлоо сонирхон судлаасай хэмээн хүсч, он цагийн эрхэнд сэмрэн шарласан боловч  бүрэн бүтнээрээ хадгалагдан байгаа уг сонины жинхэнэ эх дугаарыг отгон сургуулийн номын шинэ өргөөнд бэлэг болгон гардуулсугай.

Өөлд яст Цагаан туг овогт Мягмарын Саруул-Эрдэнэ (Вашингтон хот)



URL:

Tags:

Сэтгэгдэл бичих