Афганистаны экс ерөнхийлөгчийн амийг хөнөөжээ

Афганистаны экс ерөнхийлөгч, Энхийн дээд зөвлөлийн тэргүүн асан Бурхануддин Раббани Кабул дахь гэртээ алагдсан байна.  Гэртээ талибуудтай уулзаж байхад нь дэлбэрэлт болсноос үзэхэд талибуудын нэг нь тюрбандаа (толгой ороодог  алчуур) тэсрэх бөмбөг нууж орсон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Дэлбэрэлтийн улмаас Энхийн дээд зөвлөлийн ахлах зөвлөх Масум Станакзай хүнд бэртэл авсан байна.

Раббанийн гэр Кабулын баячуудын хороололд байдаг бөгөөд элчин сайдын яам болон төрийн байгууллагууд байрладаг хамгаалалттай бүсэд оршдог аж. Тус аллага афганы нийслэлийн аюулгүйн байдал эрсдэлтэй нөхцөлд байгааг анхааруулж байна хэмээн олон улсын ажиглагчид үзжээ.

Энхийн дээд зөвлөл нь Талибан хөдөлгөөнтэй энхийн хэлэлцээр хийх зорилготой байгуулагдаж байсан юм. Рабанни түүнчлэн Афганистаны сөрөг намыг тэргүүлж байжээ.

Раббанийн амь үрэгдсэн талаар мэдээд НҮБ-ын ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йорк нисэж байсан Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай ажлаа хойшлуулж буцахаар болжээ.

Энхийн дээд зөвлөлийг үүсгэн байгуулахдаа ерөнхийлөгч Карзай түүнийг “афганы ард түмний найдвар” гээд “Талибан хөдөлгөөнтэй энхийн хэлэлцээр явуулах чухал алхам боллоо”  гэж байжээ.

Гэвч зөвлөлийн олон гишүүд өмнө нь талибуудтай тэмцэж байсан можахедууд байсан тул тус байгууллагын бүрэлдэхүүнд талибууд тийм ч таатай бус хандаж, ирээдүйн ажилд нь эргэлзэж эхэлжээ.

Саяхан Раббани Иранд болсон шашны дээд хэмжээний уулзалтанд үг хэлэхдээ лалын шашинтнуудыг амиа золиослогчдын халдлагын эсрэг дуу хоолойгоо нэгтгэе гэж уриалж байсан юм.

1992 онд түүний цэргийн хүч анх Кабулд нэвтэрч, Раббани Афганистаны ерөнхийлөгч болсон байна. 1996 онд иргэний дайнд Талибан хөдөлгөөн ялснаас хойш Раббани Хойд Альянсын тэргүүн болж байжээ.

А.Цацрал

Эх сурвалж: www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих