Айлгах төлөвлөгөө ба атомын цахилгаан станц

Саяхандаа мессенжерээр нэгэн  онигоо нисч ирэв. Өвгөн ач охинтойгоо ярьж байна гэнэ. Ач охин өвөөгөөсөө асуужээ. “Өвөө, өвөө, цөмийн хог хаягдал Монголд булшлах нь муу юу”. Өвөө нь “Мэдэхгүй” гээд ач охиныхоо толгойг илэв. Ач охин “Өвөө, өвөө цөмийн хог хаягдал Монголд булшилснаар ямар нэгэн хор нөлөө илрээгүй биз дээ”. Өвөө нь “Мэдэхгүй” гэж нөгөө толгойг нь илжээ.

Энэ онигоог та бүхэн бас имейл хаягаараа хүлээж авсан байх. Инээх зүйл биш  гэдгийг хүлээн зөвшөөрөх иймэрхүү айлгах төлөвлөгөө хэнд хэрэгтэй вэ гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй болов уу. Мэдээж, хэрвээ Монголд цөмийн хог хаягдал булшилсан тохиолдолд дээрх онигоог уншаад юун инээх, ханиах хэрэг гарах биз. Гэхдээ сүүлийн үед гадаад дотоодын хэвлэлээр цацагдаад байгаа цөмийн хог хаягдал Монголд булшлах тухай яриагаар дамжуулан Монголд атомын цахилгаан станц барих дэмий гэсэн  хандлагыг ямар зорилгоор нийгэмд болгоод байна вэ.

Атомын цахилгаан станц аюултай шүү гэх айдасыг монголчуудыг сэтгэл зүйд суулгах айлгах төлөвлөгөө өнөөдөр амжилттай хэрэгжиж байна.  Монголчууд хэдийнээ айгаад эхэлчихэж. Атомын цахилгаан станц чинь аймаар хэрэггүй эд байна гэсэн ойлголт ч олон нийтэд суучихаж. Тэгвэл нэг асуулт байна. Тэр аймаар атомын цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлэх гэж Америк, Хятад, Орос, гадаадын их гүрнүүд яагаад хоорондоо өрсөлдөх болов. АНУ яагаад 2035 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэглээний 80 хувийг атомын цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах зорилт тавиад байна вэ.  Японы ерөнхий сайд ямар ч аюулгүй технологитой атомын цахилгаан станц барина гэдгээ мэдэгдсэн. Франц атомын цахилгаан станцынхаа тоог өсгөхийн тулд 1,4 их наяд ам.долларыг зарцуулахаар болсон гэдгээс харвал атомын цахилгаан станц аюултай байсан бол бол өнөөдөр юуны учир өндөр хөгжилтэй орнууд өөрс­дийнхөө реакторын тоог нэмэг­дүү­лэ­хээр төлөвлөөд байна вэ гэдэг асуулт гарч ирэх юм.

Гадаадын телевизүүдээр “Айлгах төлөвлөгөө” гэдэг аймаар шоу гардаг шүү дээ. Хэн нэг нь хэн нэгнийг хөөрхөн шоглохын тулд, “Айлгах төлөвлөгөө”-нд оролцуулж амаар нь үнхэлцгийг нь гаргах шахуулдаг. Гэхдээ энэ бол монголчуудын хэлдгээр зүгээр л нэг хатуу тоглоом. Яг тийм шоуг Монголд цацах нь хэн нэгэнд ашигтай бололтой. Айдас төрүүлэх шум дэгдээж, атомын цахилгаан станц бариулахгүй байх нь хэн нэгэнд ашигтай байгаа юм биш биз. Гэхдээ лав монголчуудад биш байх. Атомын цахилгаан станц барихгүй байж болно. Харин атомын цахилгаан станцгүйгээр Монгол хөгжинө гэвэл ёстой үлгэр болох биз.  Атомын цахилгаан станц Монголд барихгүй байлаа гэхэд бидэнд ямар ашигтай гэж. Үнэндээ Монголын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа. Тэр хэрэглээгээ бид зөвхөн нүүрс түлээд л хангаж чадах уу. Тэгвэл нүүрсний үнснээс хэр хэмжээний цацраг идэвхт бодис ялгарч байгаа хэн нэгэн  олж тогтоосон юм уу. Нүүрс түлснээс болоод Улаанбаатарын утаа хэр бохирдсоныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ, монголчууд. Жилээс жилд Улаанбаатарын бохирдол нэмэгдэж, энэ зөвхөн нүүрс түлэлтээс болж байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид ярьдаг. Өнөөдөр хүүхдүүд хичнээн нь тархины даралттай, хүчил төрөгчийн дутмагшилтай, хөгжлийн бэрхшээлтэй төрж байгааг нүүрсний утаа угаараас болоогүй гэх үү. Уул уурхайн салбар жилээс жилд эрчимтэй хөгжиж байгаа ч хэрвээ цахилгаан эрчим хүчгүй л бол бид хэзээ ч уул уурхайн боловсруулах үйлдвэртэй болж чадахгүй. Баруун бүсийнхээ цахилгааны хангамжийг хойд хөрш, говийн аймгуудыг урд хөрш маань өнөөхөндөө хангаж байгаа. Хүний юмаар монголчууд хичнээн жил хүүдэгнэж чадах вэ. Нэг л өглөө Орос цахилгаан нийлүүлэхээ болилоо гэвэл Монголын баруун хязгаар хөгжлөөс тасарна. Гуйна гэдэг гутамшиг гэгчээр тэд эрчим хүч өгснийхөө хэрээр эргээд бидний юунд санаархаж байгааг хэлж мэдэхгүй шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргасаар байх юм бол Монгол Улс ухсан нүхтэйгээ л үлдэх байх.

Атомын цахилгаан станц барьс­наар монголчуудад тэгвэл ямар ашигтай вэ. Наад зах нь ядаж бид цахилгаан бусдаас гуйхгүй.  Ашигт малтмалаа боловсруулж үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох болно. Энэ хэрээр улсын эдийн засагт орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Өнөөдрийнх шиг нүүрсээ хамгийн хямдаар буюу нэг тонныг нь 70 ам.доллараар хятадуудад түүхийгээр нь зарвал Монголд атомын цахилгаан станц ч хэрэггүй бас хөгжил ч хэрэггүй.

Хэрвээ хэн нэгнээс зориудаар тарааж буй “Айлгах төлөвлөгөө” амжилттай хэрэгжвэл атомын цахилгаан станцгүй Монгол юу ч үйлдвэрлэж чадахгүй, бусдын будаагаа тоншчихоод явдаг  газар л болоод хувирах вий.

Ж.ЭРХЭС

“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих