7 сар ажиллах байсан дэд сайдуудаа халж мөнгө хэмнээд 6 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгох гэнэ

Эвслийн эсвэл зөвшилцлийн гэх Засгийн газар байгуулагдсан тохиолдол хавчуурганд нь заавал явдаг нэг албан тушаал бол дэд сайдын суудал юм.

Салбар хариуцсан сайд, төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг бодвол дэд сайдад хийгээд байх зүйл тун бага. Хаа нэгтээ засгийн хуралд оролцох, ажлын хэсэг ахлахаас цаашаа гарсан мэдэл тэнд угаасаа байхгүй. Нэг ёсондоо “гуя дагаж хүзүү” гэдэг шиг бэлгэдлийн шинж, чанар бүхий субъект билээ.

Тэгвэл Засгийн газар, Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн тодотголоор бүх яамдын дэд сайдын орон тоог хасч, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасахаар оруулж ирсэн. Уг нь Сангийн сайд хэлэхдээ ирэх оны төсвөөс дэд сайдуудыг орон тоог хасч шинэчлэл хийхээр болсон гэж мэдэгдэж байсан ч байнгын хорооны хуралдааны үеэр ирэх оны төсвийн тодотголд тусгагдсан нь энэ. Ингээд чуулганы хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасахыг дэмжиж 17 дэд сайдыг “гудамжинд гаргаад” 2015 оны төсвийн тодотголыг эцэслэчихсэн. Төсвийн тодотголыг батлагдсан өдрийн маргаашнаас хэрэгжүүлэх хуультай. Үүнийхээ дагуу өнгөрсөн долоо хоногт цомхтголд орсон дэд сайдууд ажлаа хүлээлгэж өгч дууссан. Үүнийгээ Засгийн газрынхан “төсвийн мөнгөнөөс хагас тэрбум төгрөг хэмнэлээ” хэмээн тайлбарлаж олны дэмжлэгийг авахыг хичээж байна.

Гэвч энэ нь харагдах байдлаасаа л хэмнэж байгаа юм шиг боловч үнэн хэрэг дээрээ огтхон ч хэмнээгүйтэй адил зүйл юм. Зүгээр л хэмнэж буй мэтэр “матрын нулимс” унагаж байгаа хэрэг. Учир нь төрийн албан тушаалаас гэнэт халагдсаны тэтгэмжийг зургаан сараар нөхөж олгох хуультай. Тэгвэл дэд сайдууд долоон сарын хугацаанд ажиллах үүрэгтэй байв. Эндээс хэмнэлт хийсэн биш харин хэмнэлт хийсэн мэт дүр үзүүлсэн болох нь харагдаж байна.

Яамны дэд сайд сард дунджаар 950 мянган төгрөгийн цалин авна. Үүн дээрээ нэмээд төрийн албаны ангиллаасаа шалтгаалаад цалингийн нэмэгдэл авдаг аж. Цаг тухай бүрт нь дэд сайд, түүний ажлын алба, жолооч, туслах, шатахуун тосны мөнгийг нь олгоод явах боломж байсан ч бүгдийг нь халснаар энэ их зардлыг нэг дор бүгдэнд өгөх болчихлоо. Ингэснээр төсвийн тодотголоор төсөв хэмнэлээ гэж баахан сүр болсон ч ердөө ганцхан сарын төсвийг нь л хэмнэсэн байна. Харин тэдний гэнэт халагдсны тэтгэмжийг хараахан өгөөгүй гэж эх сурвалж мэдээлсэн юм. Төсөв нөхцөл хүнд байна гэж олон нийтийн өмнө ярьдаг ч гэсэн ард түмнээ хуурсан дээрх мэт үйлдлийг хийхгүй байхыг төрийн алба хашиж яваа эрхмүүдээс хүсмээр байна. Дэд сайдуудыг цомхтгосноор тэдэнд зарцуулагдах байсан долоон сарын төсвийн хэмнэж байгаа юм шиг боловч яг үнэндээ ганцхан сарын төсвийг нь л хэмнэлээ. Нөгөө “эхийн эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийд гаргасанаас өөрцгүй үйлдэл боллоо.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: Зочин Огноо: 14 November 2015

АН-ийнхний тооцоогүй, эцсийн үр дүнг боддоггүй, тэнэг бодлогын илрэл

Сэтгэгдэл бичих