Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурлын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх товч мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өглөө. Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр 11 баримт бичигт гарын үсэг зурсан айлчлал өндөр ач холбогдолтой болсон. Тухайлбал, нэг тэрбум ам. долларын зээл, Хятадын талын 300 сая юанийн буцалтгүй тусламж, БНХАУ-д мах экспортлох зэрэг олон талт хамтын ажиллагааг баталгаажуулсан. Ерөнхийлөгч Франц улсад айлчлал хийнэ, мөн  энэ сарын 23-24-нд ий ОХУ-ын Чита хотод болох Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралд оролцоно гэдгийг мэдээллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаарын 15-16-нд манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ 1 тэрбум ам долларын зээл олгохоо мэдэгдэж хамтарсан мэдэгдэлд туссан.

Энэтхэгийн “Эксим” банкнаас 8 жилийн хугацаатай, эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх жилийн LIBOR+0,5 хувийн хүүтэй энэхүү зээлийг ямар салбарт хэрхэн зарцуулах, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамрагдах талаар Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.

Энэтхэг улс программ хангамж, мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг. Мөн үйлдвэрийн усан хангамж, эрчим хүчний салбар, газрын ховор элемент боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт зээлийг хамруулах саналыг зөвлөлийн гишүүд тавьсан бол зарим гишүүдийн зүгээс тус улсын техник технологийн давуу талыг сайн судалж байж экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн байх нь зөв. Гэхдээ энэ зээлийг хувийн секторт олгох нь хариуцлага болон үр дүнг сайжруулах боломжтой гэж үзэж байлаа.

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр удирдуулсан энэ удаагийн хурлын гуравдахь асуудал нь иргэдэд төрөөс гаргах шийдвэрийн төслийг онлайн орчинд шуурхай, үр дүнтэй хэлэлцэх боломж олгох зорилгоор нээгдэж буй www.mongolforum.mn сайт  нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тухай байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих