Сонгууль “ялав”

Манай улс сүүлийн хэдэн жил ирэх оныхоо төсвийг арай ядан хугацаанд нь багтааж баталдаг жишиг энэ жил ч мөн давтагдлаа. Хуулиараа, арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оныхоо төсвийг УИХ батлах учиртай. Хэдийгээр Сангийн сайд энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг өнгөрсөн сарын 6-нд өргөн барьсан ч УИХ ээлжит бусаар хаалттай хуралдан байж баталсан Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсээр цаг шахагдсан. Ийнхүү УИХ хугацаандаа баригдсаар өнгөрсөн баасан гаригийн орой ирэх оны төсвийг эцэслэн батлав. Уг нь эдийн засгийн хүндрэлтэй жилийн төсөв гэдэг утгаараа байж болох бүх хэмнэлтийг хийх саналыг Сангийн сайд оруулж ирсэн ч эцсийн мөчид бүх зүйл эсрэгээрээ эргэж, сонгуулийн жилийн төсөв баталдаг жишгээр үйл явдал өрнөв. Өөрөөр хэлбэл, энэ төсөвт хэдэн агентлагийг нэгтгэж, гадаад, дотоод томилолт, хүлээн авалт, сургалт семинарын зардлыг танахаас өөр бодит хэмнэлт болж чадсангүй. Тухайлбал, ирэх жил инфляцыг долоон хувьд барьж, санхүү макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, банкны зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Монголбанк хүлээхээр болов. Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбумаар хэмнэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 79544 тэрбум төгрөг байхаар батлав. Ийнхүү уг төсвийг хэлэлцэх үеэр сонгууль үнэртсэн төсөв болох нь гэсэн шүүмжлэл нэлээд өрнөж байсан ч эрх баригчид эцсийн мөч хүртэл өмгөөлсөн бол төсвөө батласны дараа харахад төсөв дээр үнэхээр сонгууль ялав. Учир нь, Засгийн газрын бүтцийг өөрчлөх, гишүүдийн туслах, зөвлөхүүдийг цөөлөх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасах гэх мэт бодит саналыг гишүүд дэмжсэнгүй. Хэрвээ дээрх өөрчлөлтүүдийг сонгууль бодолгүй зоригтой хийсэн бол 2-3 тэрбумыг хэмнэх бүрэн боломж байлаа.

Төсвийн алдагдлыг нэмж батлав

Сангийн сайд төсвийн хуулийг оруулж ирэхдээ 600 гаруй тэрбум буюу ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэхээр оруулж ирсэн нь эцсийн мөчид нэмэгдлээ. Тухайлбал, төсвийн нийт алдагдлыг 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцүүлэхээр баталсан юм. Уг нь хэлэлцүүлгийн явцад УИХ дахь сөрөг хүчний зүгээс эдийн засгийн хүндрэлтэй жилд төсвийг алдагдалгүй батлах нь нэн чухал хэмээж байсан ч эрх баригчид эсрэгээрээ алдагдлын хэмжээг нэмж баталлаа. Ийнхүү төсвийн алдагдлыг нэмнэ гэдэг нь орж ирэх орлого нь зарлагаасаа давахын нэр. Өөрөөр хэлбэл, энэ зөрүүг бонд гаргаж нөхөхөөс аргагүй гэдгийг Сангийн сайд хэлсэн. Нэг ёсондоо, төсөв буруу төлөвлөлттэй явж байна гэсэн үг. Түүнчлэн ирэх онд шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй. Харин хуучин буюу царцаагдсан объектуудаа үргэлжлүүлэхээр болж байна. Хэдийгээр энэ нь нэг талаас зөв шийдвэр мэт харагдаж байгаа ч нөгөө талдаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу АН Засгийн эрх барьж байх үед улсын төсөвт хөрөнгийг нь суулгасан атлаа барилга, объект нь баригдаагүйн цаад шалтгааныг асуумаар байгаа юм. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг суулгадаг ч эцсийн дүнд бодит үр дүн гарахгүй байсаар өдий хүрсэн, төсөв төлөвлөгөө буруу явж ирсний гор ийнхүү гарч, ирэх жил манай улсад шинэ бүтээн байгуулалт өрнөхөөхгүй болж байна.

Гаалийг татвартай, Статистикийг УБЕГ-тай нэгтгэлээ

2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирсэн юм. Энэ дагуу төсвийг батлахад Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэв.Хэлэлцүүлгийн үеэр Статистикийн газрыг УБЕГ-тай нэгтгэх нь буруу гэдгийг гишүүд хэлж байсан ч ийнхүү нэгтгэлээ. Учир нь Статистикийн газар Засгийн газраас хараат бус байж улс эх орны бодит тоон мэдээллийг бие даан гаргаж байх учиртай гэж байсан ч эцсийн мөчид нэгтгэв. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг арван хувь бууруулах саналыг олонх дэмжээгүй бөгөөд гишүүдийн туслах зөвлөхийн орон тоог ч мөн цомхотгохгүй байхаар төсөвт тусгалаа. Мөн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар есөн яамтай ажиллах саналыг оруулж ирсэн ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар энэ асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдэхээр боллоо. Мөн ирэх онд сайд нарын зарцуулах төсвийг тогтоон баталсан бол ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд найман тэрбум 904 сая төгрөг төвлөрүүлэхээр батлав.

Ирэх оны мөнгөний бодлогыг баталлаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр баталлаа. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэх дээ “Төвсийн алдагдлыг нэлээд өндөр баталлаа. Цаашдаа үүнээс ч илүү алдагдалтай байх магадлалтай. Үүнийг бид холбогдох газруудад танилцуулсан” гэлээ. Мөнгөний бодлогыг баталснаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээгээд байна. УИХ- ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зээлийн хүүг бууруулах ёстой. Энэ асуудлыг эдийн засгийн аргаар бууруулах бололцоогүй, тодорхой үүрэг өгч ажиллах ёстой гэж үзсэнийг гишүүд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахад мөн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

М.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих