Д.Уранчимэг: Дэлхийн соёлын зах зээл Монголыг сонирхож эхэлсэн

11-16-5_700x700

Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа 70 жилийн түүхтэй Дүрслэх урлагийн сургуулийн захирал, доктор Д.Уранчимэгийг зочноор урьсан юм. Түүнийг СУИС-ийнхан төдийгүй Монголын дүрслэх урлагийн салбарынхан андахгүй. Урлаг судлалаар Орост, урлагийн менежментээр Герман улсад магистр хамгаалж, үргэлжлүүлэн Людвигсбург хотын Соёл урлагийн менежментийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан түүний мэдлэг боловсрол Монголын урлагт үнэтэй хөрөнгө оруулалт юм. Соёлын сайдын эрх охин дипломатч, орчуулагч мэргэжилтэй болохыг хүсч байсан ч түүнийг юу урлагт татан оруулсан нь сонирхол татав. Багаасаа өнчрөл хагацал үзсэн ч хатууд нугарч няцахгүй байх сэтгэлийн тэнхээг олж авч чадсан Д.Уранчимэг докторын амьдралын тойрогт хамтдаа саатъя.

БҮХ Л ҮЗВЭР, ТОГЛОЛТЫН НЭЭЛТЭД ОЧДОГ ДАРХАН ЭРХТЭЙ БЯЦХАН ОХИН

11-16-5a1_700x700

Ээж Д.Цэндсүрэн, Аав Ё.Доржсүрэн

Д.Уранчимэг Соёлын яамны орлогч сайд Ё.Доржсүрэнгийн бага охин болон 1966 онд мэндэлжээ. Тэрээр хоёр ах, нэг эгчтэй айлын отгон охин. Гэвч долоохон настай байхдаа ээжийгээ алдаж, аавынхаа энгэрт өсөх хувь заяатай байж. Тэрээр ээжийнхээ тухай дурсахдаа “Би ээжийнхээ тухай дурсамж багатай. Миний ээжийг Д.Цэндсүрэн гэдэг. Бүтэн өнчин хүн байсан юм билээ. Ээж минь радио телевизэд ажилладаг байсан. Бие нь өвдөөд Герман улс руу эмчилгээнд явсан үеийг би санадаг юм. Манай гэр бүл Берлин хотын төв талбайн хажуугийн буудалд байрласан. Ээж эмнэлэгт хэвтчихсэн, аав эмнэлэг дээр өнжинө. Би тэр хойгуур буудлыг жинхэнэ эзэгнэдэг байлаа. Тэр буудлынхан жаахан ази охиныг өхөөрдөж хүссэнээр минь байлгана. Буудлын урд талын дэлгүүрүүд ч минийх юм шиг орж, гараад дуртай чихэр жимсээ иддэг байж билээ. Ээж минь Монголд ирээд эмнэлэг дамжиж хэвтсээр намайг долоон настай байхад минь өөд болсон юм” гэсэн юм.

Харин түүний аав, өвөө, эмээ Булганых. Аав Ё.Доржсүрэн нь 1953-1956 онд ОХУ-д Соёл гэгээрлийн ажилтныг бэлтгэх сургуульд суралцаж, 1960-1964 онуудад Москва хотын Соёлын дээд сургуулийг онц дүнтэй төгссөн урлагийн анхны сэхээтнүүдийн нэг. 1956 оноос Соёлын яам, Урлагийн хэрэг эрхлэх хороонд хэлтсийн дарга,1964-1968 онуудад Соёлын яамны орлогч сайд, 1969-1972 онуудад Циркийн дарга, 1979-1984 онд Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан төр засгийн зүтгэлтэн байжээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Монголын соёлын түүхийн талаар ном бичиж байсан ч хэвлүүлж амжаагүй аж.

Д.Уранчимэгийн бага нас урлагтай салшгүй холбоотой байв. Соёлын яамны орлогч сайд аавыгаа даган багаасаа л үзэсгэлэн, жүжиг, дуурь, балет, циркийн бүх тоглолтын нээлтэд очдог дархан эрхтэй охин байв. Тэр тоолонд Уранчимэг охины хүсэл мөрөөдөл өөрчлөгдөнө. Цирк үзэхээрээ уран нугараач болно, дуурь үзэхээрээ дуучин, балет үзэхээрээ балетчин, тоглолт үзэхээрээ төгөлдөр хуурч болно гэж гэрийнхнээ сандаргана. Хичээлийнхээ хажуугаар төрөл бүрийн секц дугуйланд явдаг адтай охин есөн настайдаа балетын сургуульд шалгуулахаар ааваасаа зөвшөөрөл авчээ. Гэтэл өглөө нь түүнийг аав нь гаднаас нь цоожлоод явчихсан байж. Ингээд балетчин болох хүсэл нь аавынхаа авчирч өгсөн чихэр жимсэнд хууртаж орхигджээ.

ДИПЛОМАТЧ БОЛОХ ХҮСЭЛ НЬ УРЛАГТ УРВАСАН ТҮҮХ

11-16-5a2_700x700

Д.Уранчимэг охины сэтгэлд үлдсэн тод дурсамж аав, ээжтэйгээ хамт байсан мөчүүд юм.

1984 оны хоёрдугаар сард Д.Уранчимэг 18 нас хүрсэн юм. Гэтэл аав нь сарын дараа ОХУ-д зүрхний хагалгаанд ороод өөд болжээ. Уг нь тэрээр тухайн үед моданд орж байсан Москвагийн олон улсын харилцаанд орж дипломатч, орчуулагч болох хүсэлтэй байв. Харин аав нь түүнд орчуулагч мэргэжил биш. Эхлээд мэргэжил эзэмшээд дараа нь хэл сурч болно гэж зөвлөдөг байж. Тэр тухайгаа дурсахдаа “Аавыгаа өнгөрсний дараагаас сүүлчийн хүслийг нь биелүүлж, урлаг судлаачаар суралцахаар шийдсэн. Манай гэрт урлагийн мэргэжилтэй хүн байхгүй, тэгээд ч эмэгтэй хүнд урлаг судлал гоё мэргэжил юм билээ. Ингээд хавар конкурс өгч ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репины нэрэмжит уран зургийн академид суралцахаар явсан. Тэндээ магистр хамгаалж ирсэн. Дараа нь Германд урлагийн менежментээр магистр, докторын зэрэг хамгаалсан. Европт зэрэг хамгаална гэдэг үнэхээр амаргүй байсан. Хэцүү шантармаар үеийг давах сэтгэлийн тэнхээг аав минь надад өгсөн. Би аавыгаа бодож, аавдаа зориулж хичээж зүтгэн суралцаж байсан” гэж сэтгэл догдлон ярьж байв.

Гэхдээ багаасаа урлагийн ертөнцөд амьдарсан түүнд сургууль нь, суралцаж буй мэргэжил нь хол байсангүй. Анх оюутан болж очоод зураачдын дунд ороод алмайрч байсан гэнэ. “Зураач нар их өвөрмөц хүмүүс. Соёлтой боловсон орчинд хүмүүжсэн айлын эрх охин надад билэг танхай, сонин хувцаслалттай, ширүүн харцтай, архи уудаг хүмүүс сонин санагдаж билээ. Бүр гэртээ харьдаг ч юм уу гэж бодон ах руугаа захидал бичиж байснаа тод санадаг юм. Удалгүй дасч тэднийг ойлгож, өвөрмөц ертөнцөд нь татагдах болсон.

И.Е.Репины нэрэмжит Уран зургийн академи бол XVII зуунд Орост байгуулагдсан том сургууль. Академик сургалттай учир сургалт нь чанга. Эхний хоёр курст эртний урлагийн хичээл орно. Би эртний Египет, Грекийн урлагт дуртай байсан. Энэ ч бас учиртай юм билээ. Намайг унтуулах гэж аав минь орой бүр үлгэр уншиж өгдөг байсан. Манайд Египетийн паронуудын үлгэрүүд их байсан. Тиймээс миний хүүхэд насны дурсамжид Египетийн урлаг шингэсэн болохоор надад илүү ойр байсан байх.

11-16-5a4_700x700

Оюутан байхдаа Оросын Эрмитажийн музейд байх Египетийн уран бүтээлүүдийг шимтэн үзээд  газар дээр нь очиж үзэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдлөө биелүүлж Египетийн маш олон эртний хотоор судалгаа хийсэн.

11-16-5a5_700x700

Харин төгсөх курстээ Төвдийн урлагийг сонирхож судалсан. Энэ нь манай өвөөтэй холбоотой байсан. Өвөө маань Булганы том лам байсан. 93 насандаа өөд болсон юм. Манай гэрт төвд ном их уншдаг байсан болохоор надад нөлөөлсөн байх” гэж байв.

Тэрээр амар хялбарыг бодон социалист орнуудын зураачдын ажлыг авч болох байсан ч өөрийн сонирхлоор “Монголын дундад зууны Танга зураг, Төвд нөлөөлөл Монголын онцлог” сэдвээр дипломын ажлаа онц хамгаалжээ Хэдийгээр 1989 онд Монголд шашны сэдэв хориотой байсан ч тэрээр өвөөдөө зориулж энэ сэдвийг сонгосон аж.

ГУРВАН ХЭЛИЙГ ТӨГС ЭЗЭМШСЭН ЭЭЖ, ОХИН ХОЁР

Түүний аав дөрвөн хүүхдээ өндөр дуугаар загнаж зандарч өсгөөгүй. Үргэлж л инээж явдаг хүн байсныг охин нь дурсаж суулаа. 18-хан насанд нь аав нь өнгөрсөн ч том ах нь аав, ээжийг нь орлож хэлж ярьж, захиж загнадаг байв.

Д.Уранчимэг оюутан байхдаа нэг залуутай хайр сэтгэлтэй болж охиноо төрүүлсэн байна. Гэвч амьдралын явцад таарч тохирохгүй болоод салсан гэдэг. Энэ шийдвэрийнхээ талаар “Тухайн үед аав ээж байхгүй, хэлж ярих хүнгүй болохоор  өөрийн дураар л энэ шийдвэрийг гаргасан байдаг. Хэрэв аав ээж минь байсан бол хүүхдээ өнчрүүлж болохгүй, салж сарниж болохгүй гээд хэлж ярих байсан биз гэж одоо боддог юм. Ах маань намайг төрөхөд охиныг минь өөрийнхөө хүүхэд шиг хүлээж авсан. Одоо ч тэр хоёр надаас илүү дотно харилцаатай байдаг юм” гэж ярьсан.

Охиноо гуравдугаар ангид байхад Герман руу авч яваад Гимнази төгсгөөд, 18 настайд нь Монголд ирсэн байна. Охин нь СУИС-д нэг жил менежментийн ангид сурч байгаад Бээжингийн их сургуульд ресторан, зочид буудлын менежментээр суралцаж төгсчээ. Герман, англи, хятад хэлтэй тэрээр оюутан байхаасаа Porsche машины маркетингийн ерөнхий менежерээр ажиллаж ирсэн боловч саяхан хувийн бизнес хийхээр ажлаасаа гарсан байна. Өнгөрсөн долдугаар сард тусдаа байр аван ээжээсээ өрх тусгаарлан ганцаараа амьдарч эхэлжээ. Тэрээр одоо 28 настай ч ээжийгээ эмээ болгох гэж яарахгүй байгаа гэсэн.

Д.Уранчимэгийн том ах Д.Баярсайхан Швейцарьт ДЭМБ-д ажилладаг байна. Түүнийг Эрүүл мэндийн дэд сайд байсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх.

“Би амьдралыг аз жаргалтай өнгөрүүлсэн. Хүний амьдрал баялаг. Баярлаж хөөрөх үе байхад гутарч шантрах зүйл ч  олон тохиолдоно. Тэр бүхэнд намайг юу хөглөдөг байсан гэхээр Эрдэнийн сан субашидын мөртүүд. Би хүүхэд байхдаа аз жаргалтай өссөн учраас өөрийнхөө амьдралыг сайн сайхнаар цогцлооно гэж бат боддог, өөртөө хэлдэг байсан. Хүн өөрөө л хичээж зүтгэж, урдаа зорилго тавиад явах юм бол заавал биелүүлж чаддаг. Үүнийг одоогийн залуус ойлгоосой гэж хүсдэг юм” гэж байлаа.

Номын мөр хөөж, эрдмийн ажил хийнэ гэдэг маш их цаг хугацаа, тэвчээр хөдөлмөр шаарддаг. Тиймээс түүнд гэр бүл үр хүүхэд гэхээс илүү сурах мэдэх ажилдаа цаг гаргах нь илүү байж. Мэдээж хүнтэй ханилж амьдрал зохиож явсан ч 1990-ээд оны эхэн үеийн нийгмийн байдал, амьдралын хүнд нөхцөлөөс болоод охиноо дүүтэй болгох гэсэн бодолгүй явж иржээ.

Гурван жилийн өмнө охиндоо жаахан гөлөг худалдан авч өгсөн нь удалгүй түүний асрамжид иржээ. Тэрээр нохойдоо Жинжило буюу Адислан соёрх гэсэн утгатай төвд нэр өгчээ. Жинжилог миний бага охин хэмээн өхөөрдөнө. Түүнд оюутан нь нохойных нь зургийг зурж өгчээ. “Тэнгэрээр явагч Жинжило” нэртэй нохойных нь үүлэн дээр хөвж яваа өвөрмөц зураг гэрийнх нь үүдэнд өлгөөтэй.

11-16-5a7_700x700

ЭЭЖ, ОХИН ХОЁР ХАМТ АЯЛАХ ДУРТАЙ

11-16-5a3_700x700

1990 онд сургуулиа төгсөөд Монголын урлагт том зүйл хийнэ гэсэн хүсэл мөрөөдөлтэй ирсэн залуу мэргэжилтэнг нийгэм солигдож, улс хямарсан амьдрал угтаж. Гэхдээ тэрээр мэргэжлээрээ ажиллаж байлаа. Чойжин ламын сүм музейд тайлбарлагч, Уран зургийн галерейд фондын эрхлэгч, Багшийн дээд сургуульд дэлхийн урлагийн түүх, гоо зүйн багш, 1994-1995 онд Соёлын яаманд мэргэжилтэн, 1997-1998 онд Уран зургийн галерейн захирлаар ажиллаж байсан юм.

Энэ хугацаанд урлагийн салбарт менежмент хэрэгтэйг анзаарсан тэрээр 1998 онд Германы Людвигсбург хотын Соёл урлагийн менежментийн их сургуульд магистр хамгаалж, үргэлжлүүлээд соёлын аялал жуулчлалын маркетингийн менежментээр докторын зэрэг хамгаалсан байна. Д.Уранчимэгт “Bosch” санд соёлын менежерээр ажиллах хүсэлт ирж байсан ч тэрээр эх орондоо ажиллах сонголт хийж 2007 онд эргэн иржээ. Сургуульд явахдаа Уран зургийн галерейн захирлын ажилдаа эргэн орно гэсэн гэрээг Төрийн сантай байгуулаад явсан ч ирээд ажилдаа орох гэтэл орон тоогүй гээд гаргасан гэдэг. Тэгээд хувиараа соёлын аялал жуулчлалын ажил хийж Монголын зураачдын үзэсгэлэнг гадаадад гаргах, тэндээс уран бүтээлчдийг авчирч байв.

Европын холбооны бүх орнуудаар аялж урлагийн музей, галерей, театруудыг бүгдийг үзсэн нь түүний мэргэжлээс гадна хобби болж. Германд байхдаа охинтойгоо хамт европын орнуудад тоглож байгаа дууриудыг очиж үздэг байсан гэдэг. Түүнд одоо Шведэд л очих дутуу байгаа аж. Энэтхэг, Филиппин, Хонгконг, Макао, Япон, Солонгос зэрэг орноор явсан тэрээр цаг, боломж л гарвал охинтойгоо хамт аялах дуртай гэсэн.

Д.Уранчимэг: 70 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН СУРГУУЛЬ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРГҮЙ

-Та яагаад Германы сургуулийг сонгож суралцсан юм бэ?

-Соёлын яаманд дүрслэх дизайн урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа урлагийнхантай их харилцдаг байлаа. Манай урлагийнхан гадаад хэл мэддэггүй. Ертөнц монгол хэлээр ойлгохгүй шүү дээ. Дэлхийн соёлын зах зээл дээр Монгол улс жижигхэн цэг л харагдана. Одоо л Монголыг сонирхож эхэлж байна шүү дээ.

Монгол Улсад соёлын менежмент гэдэг зүйл байгаагүй. Энэ чиглэлээр сургууль төгссөн ч хүн байгаагүй, энэ талаарх мэдлэг багатай. Тухайн үед би Уран зургийн галерейн захирлаар ажиллаж байхдаа соёлын менежмент манайд хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад Засгийн газрын тэтгэлгээр Германы Людвигсбург хортын Соёл урлагийн менежментийн их сургуульд магистр хамгаалахаар явсан.

Энэ сургуульд гадаад оюутан ховор сурдаг байсан. Тиймээс намайг магистр, доктор хамгаалж энэ сургуулийг төгссөн анхны гадаад оюутан боллоо гэж байсан. Үнэхээр босго өндөртэй, шаардлага ихтэй байсан. Энэ сургуульд сурсандаа баярладаг. Учир нь зөвхөн Германы биш Европын урлагийн боловсролыг надад олгосон.

11-16-5a8_700x700

Хэнтий аймаг, Рашаан хад, хээрийн судалгааны үеэр

-Урлагийн менежментийн тал дээр европоос суралцах зүйл юу байв?

-Бид барууны юмыг хуулах гэж, тийшээ тэмүүлдэг. Үнэндээ Монголын соёл урлагт тийм шаардлага байхгүй. Нүүдэлчин ард түмний урлаг соёл  гэдэг дэлхийд гайхагддаг. Даанч үүнийгээ мэддэггүй. Монголынхоо урлагаар бахархах сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй.

Мөн XXI зууны техник технологийг ашиглаж сурах хэрэгтэй. Ардын язгуур урлаг хэдий өвөрмөц сайхан ч уйтгартай. Тиймээс орчин үеийн техник технологиор орчин үеийн хэлбэрт оруулж дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Үүний тулд соёл урлагийн менежмент ажиллах ёстой. Монголын ардын урлагийг үргэлж моданд байлгаж хүмүүсийн сонирхлыг татаж байх арга зам бол орчин үеийн хэлбэрт оруулах юм. Энэ бол кино, бүжиг, зураг гээд бүх салбарт байгаа. Үүнийг хийхийн тулд төр засгаас мөнгө хөрөнгийг нь гаргаж өгөх ёстой. Соёл урлагаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй.

-1990 оноос хойш Монголын соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд хөгжлийг нь хэрхэн дүгнэх бол?

-Өөрчлөлт удаан явагдаж байна. Яагаад гэвэл Монгол шиг гурван сая хүн амтай авьяаслаг ард түмэнд хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөгжих боломжгүй. Монголын соёлын өвийг хадгалж хөгжүүлж, хойч үедээ дамжуулахын тулд заавал бодлого хэрэгтэй. Соёл урлагт хөрөнгө оруулалт хийх юм бол Монголд  уул уурхайгаас илүү мөнгө олох том талбар юм. Үүнийг төр засгийн эрх баригчид ойлгохгүй байна.

-Та Монголын соёл урлагийн ууган сургуулийн захирлаар хоёр жил ажиллалаа. Ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-2013 оны аравдугаар сараас эхлэн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа маш олон өөрчлөлтийг хийсэн. 2014 онд ЮНЕСКО-гийн стандартаар сургалтын хөтөлбөрүүдээ өөрчилсөн. Нэгдүгээр курст элссэн оюутнууд урлагийн бүх мэргэжлийн хичээлийг үздэг болсон. Хоёрдугаар курсээс оюутнууд өөрийн сонирхсон, авьяас байгаа мэргэжлээ сонгоод цааш суралцах юм. Учир нь XXI зууны уран бүтээлчдээс зах зээл зөвхөн зураг зурах төдий биш видео урлаг, инстиляц хийж, уран бүтээлчидтэй хамтран төслүүд дээр ажилладаг байхыг шаардаж байна. Тиймээс манай сургуулийн төгсөгч ямар ч мэргэжил рүү хөрвөх чадвартай төгсч байгаагаараа онцлог.

-Дүрслэх урлагийн сургуулийн 70 жилийн ой болж байна. Ойдоо зориулж ямар ажил хийв?

-Бид 70 жилийн ойгоор сургуулийнхаа багш нар, төгсөгчидтэйгөө нийлж хамтын олон бүтээл туурвисан. Үүний нэг нь Монголд анх удаа гарч байгаа урлагийн арт кино болох “Алтан огтлол” кино юм. Баруунд Монголын урлаг хэтэрхий уламжлалт харагддаг. Тиймээс биднийг фото, видео, медиа урлаг, инстиляц зэргийг мэддэггүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл энэ урлаг манайд хэдийнэ нэвтэрсэн, Монголын урлаг дэлхийн хөгжлөөс хоцроогүй, хөл нийлүүлэн алхаж байгааг харуулахыг хүссэн. Мөн энэ урлагийг бүтээн туурвиж байгаа манай Дүрслэх дизайн урлагийн залуу багш нараа танилцуулах  зорилготой юм.

Мөн манай багш нарын “Орон зай” гэдэг нийгэмлэг бий. “Бид 70 жилд” гэсэн фото үзэсгэлэнгээ нээж, Урчуудын эвлэлийн хорооны Уран зургийн галерейд “Орон зай”-н нийгэмлэгийн каталоги гаргасан. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ гурван том ажилд багш нар маань идэвхтэй оролцсонд баяртай байна.

11-16-5a6_700x700

-Танай сургууль хичээлийн байргүй олон жил явлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж байна уу?

-Манай Дүрслэх урлагийн сургууль 70 жилийн түүхтэй ууган сургуулийн нэг атал өөрийн гэсэн байргүй. Өнөөдөр манайх гурван газарт хичээллэж байна. Уг нь баруунд Дүрслэх урлагийн сургуулиараа хот нь чимдэг. Миний суралцсан Людвигсбург хотод киноны академи байдаг учраас хотын гудамжны дизайн чимэглэл тэр аяараа кино академиараа амьсгалдаг. Энэ тал дээр төр засгаас анхаараасай. Дүрслэх урлагийн мэргэжлийн анги танхимтай болно гэдэг соёлын нэг хувьсгал юм. СУИС-ийн байр яамны байр байсан. Ямар ч урлагийн өрөө байхгүй газар бид уран зураг зурж, баримал, дархан, арьсан эдлэл, хувцас дизайн хийж байна. Энэ бол нэг талын эмгэнэл нөгөө талаас бид чадлынхаа хэрээр урлагийн ажилтан бэлтгэх сургалтаа авч явж байгаагийн илрэл юм.

СУИС-ийн захирал Э.Сонинтогос Боловсролын яаманд Дүрслэх урлагийн сургуулийг өөрийн гэсэн байртай болгож өгөөч гэж олон удаа хандсан. 2013 онд Дүрслэх урлагийн сургуулийн архитектурын уралдаан зарлаж эхний байруудыг эзлүүлсэн. Манай сургууль хуучин Хятадын сургуулийн гуанз байсан нэг давхар байшинд байгаа. Тэр байшинг нурааж шинэ сургуулийнхаа байрыг барих боломжтой. Тиймээс одоо хөрөнгө мөнгө шийдэж, концессийн гэрээгээр байшинг маань босгож өгвөл дүрслэх урлагийн салбарт том хөрөнгө оруулалт болно.

-Урлаг судлаач шүүмжлэгч нар ховор байна гэдэг. Та уран бүтээлчдийн ажилд үнэлэлт дүгнэлт өгдөг үү?

-1990-ээд оны эхээр үнэлэлт дүгнэлт, шүүмж хийдэг байсан. Одоо мэргэжлийн сэтгүүлүүд нь хаагдсан. Гэхдээ урлаг судлал хөгжих бололцоо нээгдэж байна. СУИС дотор олон ном, сэтгүүл, сонин гардаг. 2016 онд Монголын дүрслэх урлагийн түүх гэдэг номыг багш нартайгаа хамтарч гаргана.

Өнөөдөр уран бүтээлчдэд янз бүрийн үзэл суртлын дарамт байхгүй байна. Үнэхээр мундаг бүтээл хийвэл төр засаг ч, хувь хүмүүс ч худалдан авч байна. Энэ бол уран бүтээлчдэд сайн зүйл. Сайны хажуугаар саар гэгчээр зарим залуус хөдөлмөрлөх дургүй, залхуу. Хүний хөдөлмөрлөж олсон санаа стилийг хуулах үзэгдэл мэр сэр байна.

-Дүрслэх урлагийн сургууль хэдэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа вэ?

-Зургаан хөтөлбөрөөр 16 мэргэжлээр сургалтаа явуулж байна. Манай сургуулийн төгсөгчид саяхан Италийн Венец хотод үзэсгэлэнгээ гаргасан нь маш том амжилт.

XXI зууны урлагийн боловсролыг ярихад дэлхийн бүх соёлын сургуулиуд төсөл дээр ажиллаад байгаа юм. Багш, оюутан нийлээд зөвхөн өөрийн орны биш Ази номхон далайн, Европ Америк урлагийн сургуулиуд том сүлжээнд нэгдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ туршлагыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн жил германуудтай хамтран үзэсгэлэн гаргасан. Тэр үзэсгэлэн маань амжилттай болж Харбин, Шанхай, Берлин Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран зургийн галерейд, Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд гарсан. Энэ бол манай сургуулийн шинэ хөтөлбөрөөр хийж буй том амжилт юм.

Мөн бид торгон хэвлэлийн машин худалдаж авснаар манайд графикийн урлаг хөгжиж эхэлсэн. Түүний нэг жишээ нь торгон хэвлэлийн дөрвөн цуврал цэцэг 2015 оны оюутны шилдэг бүтээлийн тэргүүн байранд орсон. Бэрцэцэг, Цагаан-Уул, Алтангагнуур, Вансэмбэрүү гэсэн Монголын брэнд болсон цэцэгсээр торгон хэвлэл хийсэн.

Манай сургууль 8.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлж, керамикийн зуух суурилуулсан. Үр дүнд нь 21 дарь эхийг шаазангаар хийлээ. Энэ бол маш том үр дүн юм. Мөн монгол зургийн уламжлалаа алдахгүйн тулд “Монголын хосгүй үнэт зүйлс” гэдэг төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Монголын музейн сан хөмрөгт байгаа хосгүй үнэт зүйлсийг хуулбарлаж түүн дээрээ хичээлээ явуулж байгаа гээд олон шинэ ажил хийж байна.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих