Сайд Л.Гансүх дэрэвгэр жиргэрүүд “дайн зарлажээ”

“Төрийн сайд хүн эх орныхоо ширхэг ч лууг ч хайрлах сэтгэлтэй байж л сая ард түмэн дээ

үнэлэгдэх хувь заяаг эдэлдэг” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өнгөрсөн жилийн сүүлчээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа өгүүлж байсныг эргэн сануулмаар байна. Ийн сануулахын учир нь сайдын ам, ажил хоёр алд дэлэм зөрж байгаад юм.

Түүний хэлсэн үг, хийж байгаа ажил нь зөрдгийг олон баримт харуулна. Араб руу үе үе айлчилж, айлчлах бүртээ эцэг өвгөдийнхөө шүтээн болж ирсэн шонхор барих зөв шөөрлөөр тэдэнд хариу “бэлэг” барьдгийг нь дурдахад л хангалттай. Монгол орны олон ан амьтан ховордож, зарим нь мөхлийн ирмэгт байгааг хэн хүнгүй мэднэ.

Ан амьтантай зэрэгцээд ургамлын аймаг ч шунахай сэтгэлтнүүдийн хараа наас ангид байсангүй. Бэлчээрийн хомсдол бий болж, зарим нэг өвс ургамал устаж, устахдаа тулаад байгаа талаар сүүлийн хэдэн жил дээр дооргүй амаа цууртал ярилаа. Харамсалтай нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаасаа эхлээд тэр бүхэнд хоноцын сэтгэлээр хандсаар ирсэн гэвэл үгүй гэх хүн хэд бол.

Эмийн ховор, үнэт түүхий эд болох Монгол орны ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн хэд хэдэн төрлийн өвс ургамлыг хэдэн арван тонноор нь бэлтгүүлж гадагш нь зөөх зөвшөөрөл олгож байгаа нь Л.Гансүхийг байгальд хэр хайртай сайд вэ гэдгийг харуулна. Тэрбээр нэг хэсэг эмийн ховор түүхий эд болох баргашууныг түүж бэлтгэх зөвшөөрөл (2009 онд 450 тонныг бэлтгэх) өгч, байгалийн энэ үнэт баялгийг мөхлийн зам руу нь хөтөлсөн гэдэг.

Тэгвэл байгаль хамгаалагч сайд маань сүүлийн үед эмийн үнэт, ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүд “дайн зарлаад” байна. УИХ-ын энэ оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэлд баримтлалын 3.5.3-т “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг экспортод гаргахыг бүрэн хориглох” тухай маш тодорхой заажээ.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх энэхүү заалтыг зөрчин өнгөрсөн долдугаар сарын 27-нд А-252 дугаартай тушаал гарган, энэ онд 43 тонныг бэлтгэн экспортлох байсан дэрвэгэр жиргэрүүг даруй 30 тонноор нэмэгдүүлэхээр болсон байх юм. Дээрх ургамлыг Дорнод аймгийн Халх гол сумаас бэлтгэх зөвшөөрлийг “Их ташгай”, “Бэрх цагаан овоо” зэрэг таван компанид олгожээ.

Монгол орны ховор ургамлын нэг болох дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх зөвшөөрлийг урд хөршийнхний захиалгаар Байгаль орчны сайд асан У.Барсболд 2001 онд анх эхлүүлсэн гэдэг. Түүнээс хойш жил бүр их хэмжээгээр түүж, урд хөрш рүү гаргасаар ирсэн нь эмийн чухал түүхий эдийн нэг болох энэ ургамлыг мөхлийн зам руу нь түлхжээ. У.Барсболд гэдэг сайдыг Монгол Улсынхаа байгаль, ан амьтныг хамгаал гэж томилсон байж таарна.

Гэтэл энэ сайдын үед дархан цаазат Богд хан уулын газрын наймаа цэцэглэж, угалз, тэх хэдэн арваараа харийн анчдын ганзагыг мялааж, эрх дураараа нисэж явсан шонхор Арабын баячуудын зугааг гаргахаар торонд хоригдсон байх юм.

Түүний гаргасан мөрөөр Л.Гансүх явж байна. Сайдын ивээлд багтан, Дорнод аймгийн Халх гол сумаас дээрх ургамлыг түүж бэлтгэх, экспортод гаргах зөвшөөрлийг авч чаддаг “Их ташгай”, “Бэрх цагаан овоо”, “Цагаанбиндэръяа”, “Билгүүн дөл” компанийнхан уг нь тус сумын Засаг даргаас газар тариалан эрхлэхээр 969- 3375 га газрыг хэдэн жилийн өмнө авсан юм билээ. Гэсэн ч тэд газар хагалж, тариа тарьсангүй.

Харин дэрвэгэр жиргэрүү бэлтгэн урд хөрш рүү гарган ашиг олж байсан аж. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэгчээр сүүлдээ тэд Халх гол сумын нутгийн хаа дуртай газраасаа энэ ургамлыг түүж байжээ. Тэдний сувдаг сэтгэлийн үрээр дэлхийд үржил шимээрээ А зэрэглэлд багтдаг газар нутаг бэлчээрийн доройтолд орохдоо тулаад байгааг мэргэжилтнүүд шалгалтаар тогтоосон байна.

Байгалийн ургамлын тухай хууль, Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах журамд зааснаар ургамлыг 14 хүртэл хоногийн хугацаагаар түүх зөвшөөрөл олгодог. Гэтэл БОАЖЯ-наас дээрх компаниудад 90 хүртэлх хоногийн зөвшөөрөл олгосон байна. “Билгүүн дөл” компанийнхан гэхэд л 2010 онд зөвшөөрсөн хэмжээнээс 1.4 тонныг хэтрүүлэн бэлтгэсэн аж.

Тус компанийн нэг босс нь “Энэ өвсийг түүх зөвшөөрлийг БОАЖЯ-наас ямар өндөр үнээр авдгийг та нар мэдэх үү, бид нар л авч чаддаг юм” хэмээн шалгалтаар очсон ХХААХҮЯ-ны болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарт агсарсан дуулдсан. Тэгэхээр ховор ургамал түүх зөвшөөрлийн цаана тус яамны сайд, дарга нартай холбоотой авлигын хэрэг ч сөхөгдөж магадгүй нь. Үүнийг манай хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах биз ээ.

“Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно”, “Ховор ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” хэмээн Байгалийн ургамлын тухай хуульд заа сан байдаг.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвшөөрөл олгосон дээрх компаниудын нэг нь ч эмийн үйлдвэрлэл эрхэлдэггүй, түүж бэлтгэсэн ургамлаа зөвхөн урд хөрш рүү гарган, их хэмжээний ашиг олсоор ирсэн байх юм.

Сайдын тушаал ёсоор энэ онд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгаас нийт 73 тонн дэрэвгэр жиргэрүү бэлтгэж гадаадад гаргах аж. Энэ ургамлыг 7-9 дүгээр сард түүж бэлтгэн сайтар хатаасны дараа савлаж гаргадаг.

Аливаа ургамлыг хатаахад жингийнхээ 70-80 хувийг алддаг гэсэн. Тэгвэл сайдын өгсөн зөвшөөрлөөр дор хаяж 140-150 тонн дэрэвгэр жиргэрүү түүх хэрэгтэй болно. Ийм хэмжээний ургамлыг хэчнээн га талбайгаас түүх вэ. Хамгийн харамсалтай нь дэрэвгэр жиргэрүүгийн үндсийг ухаж авдаг. Үндсээр нь авсан ургамал дахин ургахгүй нь ойлгомжтой.

Тэр хэмжээгээр бэлчээр доройтож, цөлжилт нэмэгдэнэ гэдгийг БОАЖЯ-ныхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдсэн хэрнээ эх нутгийнхаа онгон байгалийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдэж байгаа тэдэнд хариуцлага тооцох газар Монголд байхгүй гэж үү. Сайд дарга нар нь оролцсон болохоор нэр нөлөөнөөс нь айгаад хир халдааж чаддаггүй юм бол эх нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй иргэд бид яагаад нэгдэж болохгүй гэж.

Бидний ирээдүй, эх нутгийн минь амь амьдрал болсон өвс ургамлыг тэд зоосны нүхээр харж, харийнханд арилжиж байна шүү дээ. Гадаадад гаргаж, ашиг олдог хүмүүст ар өврийн хаалгаар ч юм уу, авлига өгч авалцдаг ч юм уу, хэдэн арван тонноор нь бэлтгэх зөвшөөрөл өгдөг хэрнээ үндэсний эм үйлдвэрлэгч нарт болохоор шаардлагатай эмийн ургамлыг нь 300-500 кг-ыг л түүхийг эрхэм сайд үүрэгдсэн нь шударга явдал мөн үү. Үгүй ядаж хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгсэн.

ДАРХАНД ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮ АВДАГ 2-3 ХЯТАД БИЙ

Дархан-Уул аймгийн төвд дэрэвгэр жиргэрүү авдаг 2-3 хятад иргэн байдаг аж. Тэд сүүлийн гурван жил энэ ажлаа эрхэлж байгаа гэсэн. Тэдэнд дээрх ургамлыг түүж өгдөг нэгэн залуутай уулзсан юм.

-Та нар дэрэвгэр жиргэрүүг хаанаас түүдэг юм бэ?

-Сэлэнгийн Ерөө, Шаамар, Дулаанхаан сумын нутгаас түүдэг.

-Олон жил түүж байна уу?

-Хүмүүс хэзээнээс түүдэг байсныг мэдэхгүй, би түүгээд гурван жил болж байна.

-Түүсэн ургамлаа хэнд, хэдэн төгрөгөөр зардаг юм бэ?

-Хятад, солонгосчууд авдаг. Манай Дарханы төвд дэрэвгэр жиргэрүү тогтмол авдаг 2-3 хятад байдаг юм. Тэдэнд нэг кг-ыг нь 3300-3800 төгрөгөөр зардаг. Том, жижиг, гэмтээлгүй түүсэн энэ тэрээс шалтгаалан үнийг тогтоодог юм билээ.

-Ийм ургамал түүдэг хүн олон байдаг уу?

- Хоёр жилийн өмнө бол 70-80 хүн түүдэг байсан, энэ зун тоймоо алдсан байна лээ. Сэлэнгийн хэдэн сумын дэрэвгэр жиргэрүүг бараг дуусгасан байх. Хүүхэд хөгшидгүй л явж харагдсан. Хүн бүр багажтай явж байсан.

-Бас тусгай багажаар түүдэг юм уу?

-Хүрз маягийн нарийхан багаж байдаг юм. Хятадууд өвс түүнэ гэсэн хүн бүрт тэр багажийг үнэгүй өгдөг. Өөрсдөө хийдэг гэж ярьж байсан.

-Нэг хүн өдөрт хэдэн кг-ыг түүдэг юм бол?

- Зургадугаар сарын сүүлчээс газар хөлдтөл нэг хүн өдөрт 5-10 кг-ыг түүдэг.

-Та нарыг ургамал түүж байхад байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтынхан шалгадаггүй хэрэг үү?

- Шалгалтынханд үзүүлээрэй гэж хүн бүрт нэг бичиг өгдөг. Тэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн зөвшөөрлийн бичиг юм билээ.

-Хятадууд тэр ургамлаар юу хийдэг юм бол?

-Нэг ярихдаа эмийн чухал түүхий эд гэж байсан. Хүмүүсийн ярих нь хар тамхины найрлагад ордог ч байж магадгүй гэх юм билээ.

Д.Заяабат

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.