Тансаглалаасаа татгалзахын оронд тураалд автаж буй хүүхдүүдээсээ мөнгө харамлаж байна

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт төсвийн тухай хуулийг хэлэлцэж ирэх оны төсөв, төлөвлөгөөгөө баталсан. Төсвөө батлахдаа хямралтай байгаа гэдэг шалтгаанаар нэлээдгүй танаж, хасаж, тайрч үгүй хийсэн. Ингэхдээ бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ. Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байгаа юм.

Тэгвэл төсвийн тодотголын үеэр хамгийн ноцтой бөгөөд эрсдэлтэй нэг зүйл хийсэн нь хүүхдийн мөнгийг хассан явдал байлаа. Тэд хүүхдийн мөнгийг ирэх жил ялгавартайгаар олгохоор шийдвэрлэсэн бөгөөд ердөө 144 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь хүүхдүүдийн 40 хувьд нь мөнгө өгөхгүй гэсэн үг.

Гэвч саарал ордонд цэцэрхэгчид савнаасаа хальж чадахгүй суухад саарал утаа хөшилдсөн гэр хороолол, алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд аяга тагш хоолны төлөө цөхрөнгөө барьж сууна. Энэ хэдий гашуун боловч үнэн асуудал.

 Үүнийг нотлосон үйл явдал өчигдөр боллоо. Өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг батласан юм. Тус хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн танилцуулгын үеэр цочирдмоор нэгэн мэдээлэл дуулдав. Гэвч үүнийг хэн ч анзаарсангүй. Тодруулбал, 0-5 хүртэлх насны хүүхэд багачуудын 10 гаруй хувь нь өсөлтийн дутагдалтай. Мөн насны хүүхдүүдийн 1.6 хувь нь тураалтай байна” гэв. Нярай хүүхдийн тураал бол ноцтой асуудал. Монголчууд тэртээ хорь гаруй жилийн өмнөх картын барааны үеэр л тураалтай байдал орж байсан. 90-ээд оны үед 0-5 хүртлэх насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь тураалтай байсан гэдэг. Тураал нь эргээд жингээ нөхөх үедээ гол эрсдэл болох жингийн илүүдлий бий болгодог. Жингийн илүүдэл бий болсноор чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин үүсдэг. Эмч нарын гаргасан нэгэн сонирхолтой судалгаа нь өнөөдөр 90 онд өлсгөлөнд автаж байсан хүүхдүүдийн ихэнхи нь жингийн илүүдэлтэй болсон бөгөөд тэдний дийлэнх нь дээрх өвчнүүдээр өвчилсөн байжээ.

Өлсгөлөн, тураал гэдэг асуудлыг байнга дагаж явдаг шалтгаан бол эдийн засгийн үхмэл байдал. Хямрал нүүрлэсэн орнуудад тураал хамгийн их байдаг. Үүний тодхон жишээ бол өлсгөлөн, гуйланчлалд автсан Африк, Ойрхи Дорнодын орнууд юм. Өлсгөлөн, тураалын асуудал бол эдийн засаг, нийгмийн амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс эдийн засгийн хямрал өдрөөс өдөрт бидний Африкын орон руу хөтөлж байна. Гэтэл манай улстөрчид бяцхан үрсээ өлсөж байхад нь “таван төгрөг”-өө харамлаж. Тэгсэн хэрнээ өөрсдийн тансаглалаа хэзээ ч

УИХ-ын гишүүд 2016 онд өөрсдийн тансаг хэрэглээнээсээ татгалзсангүй. Нөгөө л өндөр өртөг бүхий машин унаагаа хэрэглэсэн хэвээр үлдэх нь. Тэр ч бүү хэл төрийн албан хаагчдын цалинг бууруулах саналыг эв санаа нэгтэйгээр тас эсэргүүцлээ. Тэгсэн хэрнээ хүүхдийн мөнгийг хасч танах хуулийн төсөл боловсруулжээ. 2016 од орлого багатай айлын хүүхдүүдэд л мөнгө өгөх аж. Засгийн газрын хийсэн судалгаагаар Монголын нийт өрхөөс ядуугаас дундаж гэсэн ангилалд 421.8 мянган айл хамрагджээ. Эдгээр өрхөд 629.5 мянган хүүхэд байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ нь Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь гэнэ. Монголын нийт хүүхдийн бусад 40 орчим хувь нь дунджаас дээгүүр амьдралтай гэсэн шалтгаанаар хасагдаж байгаа юм байх. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар, З.Энхболдоор удирдуулсан УИХ ард түмний хүүхдийг баян, ядуу гэсэн хоёр ангилалд хуваалаа. Ирээдүй болсон бяцхан үрсээ алагчилж үзсэн байдлаар хандахаар боллоо.

2014 онд хүүхдийн мөнгөнд 239 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг олгож байсан. 2016 онд 144 тэрбумыг олгоно. Энэ 18 хүртлэх насны хүүхдүүдийн 40 хувьд мөнгө өгөхгүй гэсэн үг…

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих