Сургуульд заавал заах хичээл

Эргэцүүлэл

Хүний амьдралд том шийдвэр болдог, эргэлт гаргадаг, магадгүй энэ нь буруу бол амьдралыг нь ноцтой үр дагаварт хүргэдэг үндсэн 2 асуудлын талаар сургуульд зааж, сургаж, зөвлөх ёстой.

1. Гэр бүл төлөвлөлт: Чанартай боловсролыг төлбөртэй цэцэрлэг, сургуулиар олж авахын тулд 20 шахам жил суралцаж амьдралд бэлдэнэ. Нэгэн өдөр хэн нэгэнд дурлаж, сайхан хайраас өөр юу ч хэрэггүй мэт бодогдож амьдралаа эхлүүлнэ. Гэтэл олон янзын шалтгааны улмаас гэр бүл салдаг. Эсхүл салахгүй ч гэр бүлийн хүчирхийлэл, архи уух, араар нь тавих, гэр бүлдээ халамжгүй зэрэг олон таагүй нөхцөл бий болж гэр бүлийн амьдрал нь хувь хүний амьдралд нөлөөлж хүнийг өөрчилж, зогсолтгүй урагшилж, хөгжиж байхад нь чөдөр тушаа болж эхэлнэ. Ингээд сайхан хүмүүжилтэй, сайн сурлагатай, ирээдүйд нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулах байсан нэгэн хүн гэр бүлийн амьдралаас шалтгаалан, зохицож, таарч амьдрах нэгнээ зөв сонгоогүйгээс алдана.

Бид бүхэн амьдралын иймэрхүү жишээ, тохиолдлыг олныг мэднэ. Гарын таван хуруу, Мартагдсан дууль, Амьдралын нахиа зэрэг олон кино бидний амьдралаас сэдэвлэн хийгдсэн.

Арван жилээ алтан медальтай, дээд сургуулиа онц төгссөн, тэмцээн, уралдаанд түрүүлдэг, тэргүүлэгч, манлайлагч байсан охин сургуулиа төгсөнгүүтээ хүнтэй суугаад хөдөө гарч малчин болсон жишээг би мэднэ. Дээд боловсролтой малчин байж болно л доо. Гэхдээ малчин болох байсан юм бол эцэг, эхийн хөлс хүчийг баран, цаг хугацаа зарцуулан байж сургуульд суралцахын хэрэг юун, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд малчин болсон бол хашир туршлагатай сайн малчин болох ч байсан юм билүү.

Одоогоос 11 жилийн өмнө 25-тай сайхан залуу 45-тай бүсгүйтэй суугаад одоо 11 жил амьдарч, хүүхэдтэй болох нас оройтсон тул хүүхэд өргөж аваад амьдарч байна. Эхнэр нь “хатуухан базна”. Тэдгээрийн хооронд хайр сэтгэл байдаг л байх, магадгүй байдаггүй ч байх, бүү мэд. Гэхдээ ганц олдох амьдралдаа өөрийн гэсэн үр хүүхэдгүй ингэж өнгөрөөх нь хэр байдаг юм бол.

Хорь гаруй насны 2 сайхан залуу болсон хүүхэд, нөхрөө зовлон шаналалд умбуулж хаяад явсан 40 гаруй насны бүсгүй, 1-8 насны 3 хөөрхөн банди нараа хаяад явсан хүн гэж хэлэхэд хэцүү, сэтгэл зүрх, хүн чанар гэж байдаг эсэх нь үл мэдэгдэх тийм нэг “амьтад”-ыг ч бас мэднэ.

Гэр бүл салахад зөвхөн хүүхэдтэй үлдсэн эмэгтэй нь ч биш, эр хүн бас л хохирно, тэр 2-оос илүүтэйгээр ямар ч буруу зүйл хийгээгүй хүүхэд хамгийн их хохирно, төрөхдөө л эцэг эсхүл эхийн хайр халамжийг үл мэдэрнэ. Зарим “Шагдар”-ууд хүүхдүүдээ нус, нулимстай нь холиод, зүрх нь базалж, өр өвдмөөр байхад нь л орхин одно.

Гэр бүл болох хань ижлээ сонгох гэдэг бол үлдсэн амьдралынх нь сайн, муу явахтай холбоотой маш том алхам, шийдвэр юм гэдгийг ахлах ангийн хүүхдүүдэд хичээлээр зааж өгөх ёстой. Хэдэн насны дотор гэрлэх, хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийн нас хоорондын зай, хамгийн эхний болон сүүлийн төрөлт хэзээ байх, хүүхэдтэй болсон хойно салвал хүүхдийн эрх ашигт хэрхэн нөлөөлж, хүүхэд яаж зовдог, хүнтэй суухдаа хэнээс зөвлөгөө авах, эцэг, эхийн зөвлөгөөг дагах ёстой юу, яагаад, өөрөөсөө насаар ах эсхүл дүү хүнтэй суувал ямар байх, хоорондоо хэрхэн нийцэх, шашин өөр эсхүл гадаад хүнтэй суувал хэр зохицох зэрэг олон зүйлсийн талаар мэдээлэл өгч болмоор. Шууд ингэ, тэг гэж зөвлөж чадахгүй ч ийм тохиолдолд ингэх магадлалтай, тэгэх боломжтой гэж хэлж болмоор. Бид хоорондоо албан бусаар өгдөг зөвлөгөөнүүд зөвдөх, буруудахыг тааж үл мэднэ.

Зөвхөн бусдыг шилж сонгохоос гадна өөрийгөө таних, хань ижилтэйгээ хэрхэн яаж зохицож, буулт хийх, хүнд үе ирэхэд гэр бүлээ яаж тогтоон барьж, авч үлдэх, өөрөөсөө шалтгаалах ямар арга хэмжээ авч болох зэргийг мөн л хэлж өгч баймаар. Эс бөгөөс амьдралын хүнд цохилтууд хэлэлгүй ирэхэд тэр талаар өчүүхэн төдий ч бодолгүй байсан нэгний хувьд дэндүү хүнд, бүр заримынх нь хувьд амиа хорлох шалтгаан болно. Харин сэтгэл зүйн болоод эдийн засгийн хувьд бэлтгэлтэй байсан нэгний хувьд бол харьцангуй хөнгөн байх биз ээ. Би ингэж өссөн, би ингэж амьдарч байсан, ийм хоолонд дуртай, тийм кинонд таашаалтай, түүнд ёстой дургүй, үүнд хачин их татагддаг зэргээр зөвхөн өөрийнхөө үзлээр ханийгаа хэмжиж, бодлоо тулгах нь гэр бүл салах бас л нэг шалтгаан.

Эргэн тойрон ганц бие залуучууд, бүсгүйчүүд дүүрэн. Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэсэн буруу суртал ухуулгаар ганц бие байгаагаа зөвтгөж, өөрийгөө хуурах уу? Нас нь яваад байдаг, 40 хүрсэн боловч хүнтэй гэрлэж байгаагүй хүн хэзээ хүнтэй сууж, хэдэн хүүхэдтэй болох вэ? Өөрийг нь 50 хүрэхэд анхны хүүхэд нь 10 настай байх нь ээ дээ. Монгол хүний дундаж наслалт бага, 37 наснаас цааш төрөхөд хүүхэд дауны синдромтой болох магадлалтай гэдгийг хүүхдүүд маань мэдэж байгаа болов уу? Нас ахих тусам хүүхдийн “чанар” муудна. Эмэгтэй хүний тухайд дээд сургуулиа төгсөөд ажилтай болж хэдэн жил ажиллаж байгаад хүнтэй гэрлэж анхны хүүхдээ төрүүлэх ёстой гэж бидний ихэнх нь ярьдаг. Энэ зөв үү? Гадаад, дотоодгүй сургууль төгсөж, биеийг бүрэн засаад зарим нь гэрээ бас бэлдээд за одоо хүнтэй сууна аа гэдэг. Гэтэл үеийн залуус нь хүнтэй суугаад явчихсан, сонголт багасч, “бонус”-тай нь нэмэгдэж, өөрөө ч ганцаараа байх тусам улам бүр зожгирч, ганц бие амьдралдаа дасал болсон байх нь түгээмэл.

Миний бодлоор залуус маань болвол 30-35 насыг хүнтэй сууж, төлөвлөсний дагуу хүүхэдтэй болох хязгаар гэж бодвол зүйтэй мэт. Хүүхдийн тооны хувьд хүмүүстэй санал бодлоо солилцоход доод тал 3 хүүхэд, 4 бол сайн, түүнээс дээш бол бүр сайн гэх юм билээ. Гэвч өчүүхэн миний бодол хэрхэн хол явах билээ, судлаач, эрдэмтэд нь энэ талаар шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй бичиж туурвих нь зөв буюу. Хүүхдийг амьдралдаа алдаа гаргахаас нь сэргийлэх, ядаж алдааг нь багасгах талаар хичээл орох нь хэрэгтэй санагдана.

2. Мэргэжил сонголт:

Мэргэжлээ сонгох нь хүний амьдралын бас нэгэн том алхам. Гэтэл өнөөгийн нийгмийг харахад ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд тухайн үед нь зөвхөн өнгөц бодоод л аль нэг сургуульд ордог. Эсхүл эргэн тойрныхоо садан төрлөөсөө асууж зөвлөөд л хүүхдийнхээ амьдралыг шийдчих нь тэр. Сонирхол, авьяас, төгсөж гараад ямар чиглэлээр ажиллах, өөрөө тууштай ажиллаж чадах эсэх, мэргэжлээ ашиглан бизнес хийх үү, байгууллагад ажиллах уу зэрэг олон зүйлсийг урьдчилан тооцох шаардлагатай энэ талаар олон бүтээл, судалгаа ч байдаг.

Урлагийн сургуульд сурч байснаа болиод эрх зүйн сургуульд, нягтлан бодогч болох гэж сурч байснаа дундаас нь хаяад мэдээллийн технологи зэргээр хаяж солихоос гадна, хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй өөр өөр мэргэжлээр дахин дахин суралцдаг. Ингэж олныг зэрэмдэглэснээс нэг мэргэжлээ сонгоод тууштай сурч, ажиллавал илүү амжилтанд хүрч, өөрт нь тустай, нийгэмд ч мэргэшсэн, чадварлаг хүн хэрэгтэй. Нэг талаас нь харахад их л олон мэргэжилтэй, супер хүн, бодит байдал дээр “эрэмдэг” хүн.

Тиймээс аль болох мэргэжлээ солихгүй, түүний тулд анхнаасаа зөв сонголт хийх, үүний тулд мэддэг, чаддаг, амьдралын туршлагатай багш нар хүүхдүүдэд энэ талаар зааж, сургах нь зүйтэй болов уу.

Хичээл гэхээр бидний дассан, сурсан, уйтгартай зүйлээ үглээд эхлэхгүй байгаасай, амьдралд нь хэрэг болохуйц, чухал мэдээлэл, мэдлэгийг судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан өнөөгийн нөхцөл байдлыг тооцон үзэж, бодит жишээ баримтаар баяжуулан хэлж өгөөсэй. Эцэг, эхчүүдийг нь ч энэ хичээлд нээлттэй оролцуулж байгаасай.

Монголын ирээдүй хойч үе, таны, бидний хүүхдийн төлөө сэтгэл зовниж үүнийг бичив.

Үүнийг бичигч. Иргэн Чинзориг


URL:

Сэтгэгдэл бичих