Таван толгойн хувьцаа нэг доллар орчим байх таамаг дэвшүүлжээ

Иргэн бүрт 536 ширхэг Таван толгойн хувьцаа “тараагаад” хэдэн сар болж байна. Үнэн хэрэгтээ тэр нь Хөрөнгийн биржийн цахим хуудсанд бидний регистрийн дугаартай хамт байрлуулсан тоо. Энэ жилдээ багтаад тараачих сурталчилгаа хийж байсан эрх баригчид ирэх жилээс анхдагч зах зээл дээр гаргах тухайгаа зарлаж байна. Ямар ч дэд бүтэцгүй орд дээр гаргах эдгээр хувьцаа нь хэзээ биржээр зарагдаж бодит үнэд хүрэхийг хэн ч мэдэхгүй.

Гэтэл хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдээлснээр бол 2012 онд Таван толгойн хувьцааг Хонконг, Лондон, Улаанбаатарын биржүүдээр зарагдана гэжээ. Бүр сонирхолтой нь, Улаанбаатарын биржээр олигтой зарагдахгүй боловч нөгөө биржүүдээс их хэмжээний мөнгө босгох гэнэ. Шинжээчид Таван толгойн хувьцаа нэг ам.доллар орчим үнэтэй байх таамаг дэвшүүлжээ. Дээр нь УИХ-ын зарим гишүүн иргэдэд үнэгүй олгох хувьцааны тоог хоёр дахин нэмэх саналыг Засгийн газарт оруулж дэмжлэг авчээ.

Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол төмөр зам тавигдаагүй тохиолдолд Таван толгойн хувьцаа ойрын хэдэн жилдээ бодит ханшид хүрэхгүй гэнэ. Энэ тухай Хөрөнгийн биржээс лавласан боловч нэг ч хариулах мэргэжилтэн олдсонгүй.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих