Б.Болор: Хүүхдийн мөнгийг 70-80 хувьд нь үргэлжлүүлэн олгоно

a230ed6fd5b74975b00d123535a79878

УИХ өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг эцэслэн баталсан. Ингэснээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох, зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах зэрэг чухал шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Болороос цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхдийн мөнгийг ирэх жилээс ялгавартайгаар олгохоор төсөвт тусгасан. Хүүхдийн мөнгө хүртэх зорилтот бүлгийг ямар байдлаар тодорхойлох юм бэ. 40 хувьд нь үргэлжлүүлэн олгоод үлдсэн 60 хувь нь хасагдахаар болсон гээд байгаа. Гэтэл хүүхдийн мөнгөөр амьдардаг айл, өрх олон бий шүү дээ?

-Хүүхдийн мөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлогоос бүрдүүлдэг. Гэтэл энэ орлого жил ирэх бүр багасаад байгаа учраас өр тавьж л хүүхдийн мөнгийг олгох нөхцөл бүрдчихээд байгаа юм. Тиймээс олж байгаа орлогынхоо хэмжээнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоё гэдэг саналыг Засгийн газраас оруулсан. Яагаад гэхээр олон улсын судалгаагаар халамж зөв хүмүүст хүрэхгүй, төрөөс халамж хүртэх шаардлагагүй хүмүүст очоод байна гэх шүүмжлэл гарсан. Тиймээс ийм өөрчлөлт оруулсан. Зорилтот бүлэг гэхээр амьжиргааны төвшний 1-17 дугаар бүлэгт хамаардаг айл, өрхийн хүүхэд төрөөс хүртдэг тэтгэмжээ үргэлжлүүлэн авна л гэсэн үг. ХАХНХЯ дээр амьжиргааны төвшин гарчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэнээ манай улсын нийт хүүхдийн 80-аад хувь нь энэ бүлэгт багтчихаж байгаа юм. 1-17 гэхээр дундаж ба түүнээс ч дээгүүр амьдралтай айлууд хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр үнэхээр хүүхдийн мөнгө хэрэггүй, данснаас нь татаж авдаггүй айлуудын хүүхдийн мөнгийг л болиулсан гэсэн үг үү?

-Монгол Улсын хэмжээнд хүүхдийн мөнгө авах ямар ч шаардлагагүй айл өрх байна. Энэ нь нийт хүүхдийн 20-оод хувь буюу амьдралын боломж гайгүй, сайн айл өрх байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөө татаж авч, хэрэглэдэггүй айл өрхийн хүүхдүүдийг л тэтгэмжээс хасах шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

-Зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ нь ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй харагдаад байна л даа. Жишээлбэл, Монголбанк арилжааны банкуудыг зээлийнхээ хүүг бууруул гэж шууд шаардах боломжгүй байх. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах шийдвэрийн үр дүн хэзээнээс иргэдэд хүрч эхлэх вэ?

-Мэдээж арилжааны банкуудыг шууд зээлийн хүүгээ бууруул гэж шаардах боломж Монголбанкинд байхгүй. Сая бид төсөв батлахдаа Засгийн газраас оруулж ирсэн хэлбэрээр нь дэмжсэн бол зээлийн хүүг бууруулах боломж гарахаар байсан. Одоо бол хүүг бууруулах тал дээр ажиллана. Гэхдээ энэ нь мэдээж ойрын хугацаанд төдийгүй тийм амар хэрэгжих ажил биш. Урт хугацаандаа л үр дүн гарах байх.

М.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих