Гадаадад эмчлүүлэхийн тулд 100 гаруй тэрбумыг зарцуулжээ


Гадаадад эмчилгээ хийлгэхээр явж буй монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэх тооцоог Монголбанкнаас гаргажээ. Харин эмчилгээний зардлын 94 хувь нь БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайландад шингэсэн байна. 2011-2014 оны хооронд дээрх улс руу Монголоос 13.6 мянган иргэн эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд нэг эмчлүүлэгчийн дундаж зардал 3182 ам.доллар гэж үзжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсын 3800 гаруй иргэн БНХАУ-д, 2500 орчим иргэн БНСУ-д, 400 гаруй иргэн Тайландад, 51 иргэн Энэтхэг улсад эмчилгээ хийлгэсэн гэх таамаг тооцоо байгаа аж.

Элэг шилжүүлэн суулгах, зүрхний хагалгаа, тархи мэдрэлийн хагалгаа зэрэг өндөр өртөгтэй хагалгааг ихэвчлэн Энэтхэг улсад хийлгэдэг бөгөөд эмчилгээний дундаж зардал нь бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр байгаа юм.

Тодруулбал, энэ оны эхний долоон сард Энэтхэгт эмчлүүлсэн нэг иргэн дунджаар 22 мянган ам.долларын зардал гаргажээ. Харин Тайландад хамгийн бага өртгөөр эмчилгээ хийлгэдэг байна. Тайландын Төв банк, эмнэлгийн төлөөлөгчийн газрын мэдээлэлд үндэслэн нэг эмчлүүлэгч дунджаар 2800 гаруй ам.долларын зардал гаргадаг гэх тооцоог ч мөн гаргажээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар Тайланд улсын хамгийн том Бумрунгранд эмнэлэгт 2011 онд Монгол Улсын 1254 иргэн эмчлүүлсэн байна. Харин Солонгосыг зорьж буй таван монгол иргэн тутмын нэг нь эмчилгээ хийлгэх тус улс руу зорчдог аж. Тэгвэл БНХАУ-д суугаа ЭСЯ-ны мэдээлснээр 2013 онд тус улсад эмчилгээ хийлгэсэн иргэдийн 79 хувь нь Хөх хотод эмчлүүлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих