Нүүр буруулсан алт

http://www.bolod.mn/Upload/news/MW-CY807_gold_20141110233507_ZH.jpg

Монгол Улс алт экспортолдог топ 20-н орны нэг болно

Алтан бөгж, сүүжин ээмэгний үнэ хямдарсаар. Хямрал болоод бөгжний үнэ хүртэл буурчих юм гэж бүү бодоорой. “Хатуу валют”-ын үнэ тогтдог зарчмын дагуу ам.долларын ханш дэлхийн зах зээлд чангарч, эл эрдэнэсийн ханш уруудаж буй хэрэг. Өнгөрсөн долоо хоногт Парист болсон халдлагын улмаас евро бүс тийм ч таатай орчин биш боллоо. Үр дүнд нь “ноён ногоон”-ы ханш чангарчээ.Үүнээс гадна зэсийн ханш буурлаа гэх мэтээр халдлагатай холбоотой ханшийн савалгаа олон улсын биржүүдэд харагдаж эхэлсэн байна. Тэртээх Европын оронд болсон шуугиант халдлагын үр дүнд алтан ээмэг, бөгж хямдрахаас өгсүүлээд манай төсвийн тэнцэл түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч, тасрах нь тодорхой болж байна.

ӨРТӨГ НЬ ӨСӨӨД, ҮНЭ НЬ БУУРААД

Алтыг бид “хатуу валют” гэж нэрлэдэг. Олон аравныг элээж хуучирлаа ч, үнэ цэнээ алддаггүй онцлогтой. Тиймээс ч үр хүүхдэдээ өвлүүлэхээс эхлээд эл эрдэнэсээр хийсэн ээмэг зүүлт урт удаан настай байдаг. Харин эл эрдэнэсийн зах зээлийн үнэлгээ нэлээд хямдарч байна.

Үнэ хямдрахтай зэрэгцээд манайх алтны экспортоо эрчимжүүлж байгааг яалтай. 2016 оны батлагдсан төсөвт 23.6 тонн алт олборлоод, унцыг нь 1156 ам.доллараар зарахаар тусгасан байна билээ. Ингэснээр алтны экспортлогч дэлхийн топ 20-н орны нэг болох төлөвтэй.

Тэгтэл алтны ханш сүүлийн зургаан жилийн доод түвшиндээ хүрчээ. Лхагва гарагийн байдлаар эл эрдэнэсийн унци тутмыг нь 1071 ам.доллараар арилжаж байна. Өнгөрсөн оны мөн үед унци нь 1200 орчим ам.долларт хэлбэлзэж байсан гээд бодоход овоо хямдарсан байгаа биз. Ирэх жил үүнээс ч илүү хямдарна. 2016 оны төсөвт тусгасан үнэ нь одоогийн ханшаас 85 ам.доллараар өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийн орлого 14 орчим тэрбум төгрөгөөр тасрах нь.

Манайхан алтыг унци бус граммаар хэмждэг учраас нарийвчлаад тайлбарлая л даа. Дээрх үзүүлэлтүүдийг граммд шилжүүлбэл, өнгөрсөн оны өдийд нэг грамм алтыг дэлхийн зах зээлд 42.3 ам.доллараар борлуулсан байна. Өдгөө энэ тоо 37.7 орчим ам.доллар болсон гэсэн үг. Грамм тутамдаа бараг таван ам.доллараар алтны ханш урууджээ. Өөрөөр хэлбэл, ээмэг зүүлтний үнэ төдийгөөр хямдрах нигууртай юм.

Ийнхүү үнэ буурч байгаа нь алт олборлодог компаниудад сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Тухайлбал, манайд бараг 20 жил олборлолт хийсэн Канадын “Бороо Гоулд” компанийн энэ оны гуравдугаар улирлын тайлангаас харахад алдагдалтай ажиллажээ. Тус компанийн нэг унци алтны борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь өмнөх улиралд (ББӨ-алт олборлож, борлуулахтай холбоотой гарсан бүх зардал багтсан) 1195 ам.доллартай тэнцсэн. Харин 1265 ам.доллараар мөнөөх алтаа заржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнэ буураад, борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь өссөн байгаа юм.

Нэг талаас, компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор борлуулсан бүтээгдэхүүний өртөг өссөн бол гадаад хүчин зүйлээс болж алтны ханш урууджээ. Үр дүнд нь улсад төлөх татварын хэмжээ багасна. Энэ мэтээр зэс, төмрийн хүдрийн ханш дэлхийн зах зээлд уруудах тусам татварын хэмжээ буурсаар, их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай жилийг бид үдэж байна. Дашрамд сануулахад, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш уруудахад компаниуд олборлолтоо бууруулдаг. Үүнээс үүдэн дээр дурдсан ББӨ өсдөг учиртай. Эл өртөг өссөнөөр компанийн ашиг буураад, бидний авдаг татварын хэмжээ багасдаг зүй тогтолтой юм.

ИРЭХ ЖИЛ Ч АЛТНЫ ХАНШ СЭРГЭХГҮЙ НЬ

Жанет Йеллен тэргүүтэй АНУ-ын Холбооны нөөцийн банкыг бодлогын хүүгээ чангаруулна гэсэн таамгийг бараг нэг жилийн турш ярилаа. Ирэх сарын эцэст энэ шийдвэрийг гаргадаггүй юм гэхэд 2016 онд чангаруулах нь ойлгомжтой гэж шинжээчид үзэв. Үр дүнд нь тус улс мөнгөний бодлогоо хумьж, ам.доллар үйлдвэрлэхээ болих учиртай. Ингэхээр “ноён ногоон”-ы ханш бүр ч чангарч, үнэд орох төлөвтэй.

Ингээд л дэлхийн зах зээлд алтны ханш буурч, сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хэлбэлзээд байгаа юм. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сард унци алтны үнэ 1081 ам.доллартай тэнцсэн түүхтэй. Өдгөө 1080 ам.доллараас ч дотогш орчихоод байна.

Ирэх жилийн ханшийн таамаглал ч бүүдгэр байгааг шинжээчид онцолсон. Парисын халдлагын дараа ханш нь бага зэрэг сэргэснийг “сүүлийн удаа үнэ нь өслөө” гэж зарим нь тодотгож байна. Тодруулбал, “Wall street journal”-д тэмдэглэснээр “Арванхоёрдугаар сарын эцэст, эсвэл ирэх жил Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ чангална. Тиймээс ирэх жилийн алтны ханш буурсан хэвээр байна” гэжээ.

Энэ мэтээр яривал алтны ханш энэ эрчээрээ уруудах төлөвтэй. Үүний эсрэг талд компаниудын өртөг өсөөд байгаа нь муугийн дохио. Нэмэрлээд алт экспортолдог топ 20 орны нэг болохоор зорьчихож. Өөрөөр хэлбэл, алтанд найдсан Монгол болжээ. Ер нь ч тэгээд биднийг юун дээр суусан гуйлгачин гэж цоллодог билээ дээ. Гуйлгачин байхаа болъё, гэтэл мөнөөх алт нүүр буруулав.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих