В.Буяндэлгэр: Амьдрал дээр байгаа бодит зүйлээ мэдэхгүй, зөвхөн ширээний араас л номын үгээр удирдах болж

Халхгол сумын иргэн В.Буяндэлгэртэй ярилцлаа

-Та сайхан намаржиж байна уу?

-Сайхан намаржиж байна.

-Та Халхголоос хэзээ ирэв?, тэнд байгаагийн хувьд чөлөөт бүсийн талаар бодит мэдээллийг уншигчдад хүргэхгүй юу?

-Аймагт ирээд арваад хонолоо. 500 мянган га газрын тухай УИХ-ын 75-р тогтоол Халхголчуудыг төдийгүй Монголын ард түмнийг нилээн бухимдуулж байна. Ард түмнээс асуулгүй гаргасан энэ шийдвэр нь малчин ард  иргэдийн 80 гаруй хувийнх нь малын өвөлжөө, хаваржааг хамарсан газар нутаг шүү дээ.

Хэрвээ шийдвэр цуцлагдахгүй бол чөлөөт бүсийн хуулийн дагуу тэрхүү газар нутагт иргэд орох эрхгүй болж байгаа юм.

-Бурмаа сайдыг ирэх үеэр тэрхүү цуглаан дээр та нилээн идэвхтэй байж харагдсан? Бурмаа сайд нутаг орныг чинь хөгжүүлэх гээд яваа юм бишүү?

-Идэвхтэй байсан гэхээсээ илүү би тэр нутгийн,  2-р багийн иргэн, сумаасаа сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч хүн шүү дээ. Тийм болохоор нутгийн иргэд өөрсдийн үгийг дамжуулж өгнө үү хэмээн надад хандсан юм л даа. Тэгэхэд төрийн сайд хүн байж нутгийн ард иргэдийг доромжилж буй аятай Петро Чайна Дачин Тамсагаас санаатайгаар бослого гаргалаа, та нарын машин биш газрын тосны ажилчдын машин байна гэх мэтээр хэлсэн.

Сайдын хэлж буйгаар Халхгол сумын иргэд хувьдаа унах унаа ч байхгүй газар нутгийнхаа төлөө тэмцэх уриа лоозонгоо хэвлүүлэх мөнгө ч үгүй болж таарч байгаа юм.

-Халхгол сумын газар нутгаас 30 мянган га газрыг гадаадуудад зарсан хулгайчид болох ИТХ-ын дарга, засаг дарга нарыг илрүүллээ гэж Бурмаа сайд ярьж байна энэ үнэн юмуу?

-Төрийн албан хаагчид газар нутгаа худалдана гэж байхгүй. Тодорхой эрх мэдлийнхээ хэмжээг хэтрүүлэн хууль бусаар шийдвэр гаргаж газар эзэмшүүлсэн байж магадгүй. Хуулиас гадуур газар нутгаа худалдах эрх засаг дарга, ИТХ-ын дарга нарт байхгүй. Солонгосын компанид өгсөн гэж л яригдаад байгаа юм 2008-2012 оны хооронд байсан засаг дарга, хурлын дарга нарын л  хийсэн ажил байх. 2008 оноос өмнөхийг би сайн мэдэж байна. Би өөрөө 2012 оноос сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон болохоор энэ хооронд газрын тухай иймэрхүү асуудал гараагүй.

-Та аль намын гишүүн бэ?

-Би Ардын намын гишүүн хүн.

-Аймагт үүсээд байгаа АН-ын талаархи асуудлаар тантай ярилцаж болох уу?

-Намын асуудал яахав дээ тэр нам энэ нам гэх юмгүй дээр доргүй л бужигналдаж байна шүү дээ. Бүгд л зоосны нүхээр харсан байдалтай ажиллаж байна.

МАХН, МАН ч адилхан байна, зургаан сайдын асуудлыг хар л даа уригдаж ороод нохой шиг хөөгдөөд гарлаа шүү дээ.

Аймаг орны хувьд ч гэсэн сүүлийн үед нам дамжсан, хөрөнгө мөнгөтэй, албан тушаал горилсон бүлэглэл бий болжээ. Нам улс төрийн хүчний буруу гэж юу байхав, тэнд ажиллаж байгаа удирдаж байгаа цөөхөн хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй явдлаас л болж намын нэр хүнд унаж байна даа.

Манай аймагт энэ бүлэглэл нилээн газар аваад байх шиг харагдах юм.

-Ардын Нам ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээр удирдуултлаа боловсон хүчний “хомсдол”-д орсон юм уу даа та юу гэж бодож байна?

-Намдаа сэтгэлээ зориулаад ажиллаж байгаа сургууль соёл төгссөн мэдлэг боловсролтой залуучууд байгаа л байх. Эцэг өвгөдөөсөө дамжиж ирсэн улс орноо олон жил удирдаж ирсэн энэ том улс төрийн хүчнийг залуучууд дэмжээд ажиллаж байгаа гэж бодож байна.

Энэ аймагт 74 мянган хүн байхад чадалтай хүнээ олж сонгож чадахгүй намын боловсон хүчний бодлого алдагдаж байгаад харамсаж л явах юм.

Аймгийн хуралд Төлөөлөгчөөр ажиллаж байгаа цөөн тооны хүмүүсийг хар л даа. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхээс биш алсын хараагүй байна, шинэ залуу чадалтай нутаг орноо гэсэн боловсон хүчнээ гаргаж ирэхгүй байна.

-Сонгууль ойртсон энэ богино хугацаанд аймгийн Ардын Намын гишүүд хоорондоо сандал суудлаа булаалдаж харагдах юм?

-П.Мөнхтөр гэж хүнийг ярьж байх шиг байна. Тэр хүний хувьд өөрийн бизнестэй, тээвэр зохицуулалтын албанд байсан, манай аймгийн намын хороонд ажиллаж намыг хөрөнгө санхүүгээр дэмждэг байх.

Гэхдээ өнөөдрийн байдлаар хөрөнгө мөнгөтэйгээрээ албан тушаалыг булаах гэж намын бүлгийн дарга С.Мөнгөнбаттай нийлж зүй бус авирлаж байгаа нь намын нэр хүндийг ихээхэн унагаж байгаа увайгүй үйлдэл юм.

Улс төрд байгаа хүний ноён нуруу гэж байна, гэтэл тэр С.Мөнгөнбат гэж хүнд ёс зүй алга, хэлж ярьж байгаа нь дэндүү бүдүүлэг.

-Аймгийн удирдлагуудын талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Засаг даргаас асуух олон зүйл байна даа. Гэхдээ аавтай нь хамт ажиллаж байсны хувьд янз бүрийн юм яриад явж бас чадахгүй л байна. Хүмүүс тэгээд муу хэлээд явах байлгүй дээ. Аавыг нь сайн таньж мэддэг байж хүүхдэд нь элдвийн юм ярьж явлаа гэх биз гэж бодоод таг л явж байна.

- -Олон жилийн түүхтэй намын ууган гишүүний хувьд залуустаа хандаж үг хэлвэл?

- Одоо бид хэдийгээр ахмад гишүүд болсон ч гэлээ нэгэн цагт улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан залуус байлаа шүү дээ.

Намын даалгавраар бид боловсролтой ч боловсролгүй ч улс эх орныхоо төлөө чин сэтгэлээр ажиллаж намынхаа өмнө төрийнхөө өмнө чин үнэнч сэтгэлээр хийж явсан болохоос  өөрт ашигтай юм юу байна гэж одооны зарим нэг залуус шиг бүгдийг зоосны нүхээр харж явсангүй.

Аль ч нам эвслийнхэн, төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа залуучууд ч адил ахмад хүний үгийг сонсохоо байжээ.

Амьдрал дээр байгаа бодит зүйлээ мэдэхгүй, зөвхөн ширээний араас л номын үгээр удирдах болж.

Аймаг, сум орон удирдана, хүнтэй ажиллана гэдэг чинь төгссөн сургуулиар хэмжигддэг юм бишээ, амьдралын явцад мэдэхгүй сураагүй юм таардаг л юм тэр болгоны эвийг олох хэрэгтэй шүү дээ.

Ахмад хүний үгийг үг гэж сонсохгүй биеэ тоосон, хоосон цээжээ дэлдсэн мөнгөөр бүхнийг шийддэг бүлэг хүмүүс олширчихлоо.

Сонгуулийн дараа өөрсдийн сайнаар гарсан мэт авирлаж эргээд сонгогчдоо ахмад үеэ гомдоож байгаад харамсаж байна.

Ямар ч намгүй гудамжаар яваа хэн дуртай мөнгөтэй хүмүүс нь намд ордог болжээ. Орохдоо их сайхан юм ярьж орно ороод мөнгөний амт үнэр аваад ирэхээрээ намын эсрэг үйл ажиллагаа явуулж намыг хагалан бутаргадаг асуудал газар авлаа.

Залуу дунд ахмад үе гэсэн эргэх холбоо байхгүй болж дээ энэ л уг нь их чухал шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих