Эмэгтэйчүүдээ ясны сийрэгжилтээс хэрхэн сэргийлэх вэ?

Эмэгтэйчүүдийн амнаас дуулдах “ясны сийрэгжилт” хэмээх өвчний анагаах ухаан дахь нэр нь остеопороз юм.

images23Остеопороз гэж юу вэ? Остеопороз нь яс сийрэгжиж улмаар амархан хугарч гэмтдэг нэг төрлийн ясны өвчин бөгөөд голдуу эмэгтэйчүүдэд их тохиолддог. Остеопороз нь бүх төрлийн ясанд нөлөөлөх боловч ялангуяа сүүж, ууц нурууны ясанд элбэг тохиолдож хугаралын шалтгаан болдог.

Тэр дундаа сүүжний хугарал илүү ноцтой байдаг бөгөөд эмнэлэгт хэвтрийн дэглэм сахих буюу мэс ажилбар хийлгэх хүртлээ хүндэрдэг. Өвчтөний хөдлөх чадвар алдагдаж, бусдын тусламжгүйгээр алхаж чадахгүй бөгөөд гэмтлийг бүрэн эмчлээгүй тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай. Харин нурууны ясны хугаралын үед хүн турах, өсөлт зогсох, байнгын нуруугаар өвдөх, галбираа алдах зэрэг эмгэгүүд илэрдэг. Эмэгтэйчүүдэд энэ өвчин илрэх нь эрэгтэйчүүдийнхээс 4 дахин их байдаг.

Хэн өвчлөх боломжтой вэ?

Эрдэмтдийн судалгааны дүнд остеопорозод хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөгийг тодорхойлжээ.

1. Нас: Нас ахих тусам яс элэгдэн, эрдэслэг чанар нь алдагдах тул өвчлөх боломж нэмэгддэг.

2. Хүйс: Эмэгтэйчүүдэд өвчлөлийн тохиолдол маш өндөр буюу эрэгтэйчүүдээс 4 дахин их байдаг. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс бага хэмжээний ясны эдийг агуулах ба цэвэршилтийн үед бодисын солилцооны өөрчлөлтөөс болж ясны бөх бат чанар мууддаг.

3. Арьсны өнгө: Цагаан арьстан ба Азийн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.

4. Биеийн жин ба ясны хэмжээ: Яс жижигтэй, туранхай эмэгтэйчүүдэд элбэг тохиолдоно.

5. Цэвэршилт: Цэвэршилт нь (50 орчим насанд явагддаг сарын тэмдгийн зогсолт ) остеопорозод нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Үүний зэрэгцээ цэвэршилтийн өмнөх анорексиа (anorexia) буюу хоолонд дургүй болох, биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлснээс үүдэх сарын тэмдгийн алдагдал зэрэг нь остеопорозод хүргэдэг.

6. Хорт зуршил: Архи, тамхи болон кальциар дутмаг хоол хүнс хэрэглэх нь өвчлөлийг нэмэгдүүлнэ. Иймд дээрх хорт зуршилд авталгүй байж, тараг сүү зэрэг кальциар баялаг бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Мөн хөдөлгөөн хомсдол энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг.

7. Эмийн бэлдмэл болон бусад өвчин: Кортизон болон түүнтэй ижил төрлийн эм бэлдмэл, багтраа ба үений үрэвслийн (aртрит) эмчилгээнд хэрэглэгддэг дааврын бэлдмэлүүд, бамбай булчирхайн томролоос мөн хэрлэгийн гаралтай үений үрэвсэл зэрэг нь энэ өвчлөлийг нэмэгдүүлдэг.

8. Удмын нөлөө: Остеопорозтой эхээс төрсөн охин мөн уг өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг тул өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг сайн судалж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

9. Эрт үеийн цэвэршилт: Энэ нь ялангуяа 45 хүртэлх насанд тохиолдвол остеопорозын үүсэлтэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл болдог. Хэдий дээрх хүчин зүйлс нөлөөлөөгүй ч цэвэршилтийн үед остеопорозоор өвчлөх магадлал өндөр хувьтай байдаг.

Ясны эрүүл ахуй Ямар ч хүчит салхийг ажралгүй орших хүчирхэг багана цаг хугацааны эргэлтэд элэгдэн гундах адил яс ч гэсэн, амьдралын уртад элэгддэг. Эрүүл яс уян хатан, бат бөх чанартай бөгөөд тодорхой хэмжээний даралт, сунгалтыг тэсвэрлэх чадвартай. Гэвч остеопорозоор өвчилсөн үед яс сийрэгжин амархан хугарамтгай шинжтэй болдог. Яс нь булчинг тогтоох, элэг, зүрх, тархи гэх мэт амьдралын чухал эрхтнүүдийг хамгаалах болон “Са” хуримтлуулах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. (Өвчилсөн ясыг эмчилж болох боловч тусгай хоолны болоод дасгал сургуулилтын дэглэмийг шаарддаг.) Ясны эдүүд нь мөхөж шинэ эдүүд бий болох маягаар ясны байнгын идэвхтэй үйл ажилгаа явагдаж байдаг. Гэтэл эдүүдийн хөгшрөлт хурдсах, нөхөн төлжилт бүрэн явагдахгүй байх гэх мэт хэлбэрээр дээрх үйл ажилгааны тэнцвэр алдагдах нь остеопорозын эхлэл болдог. Хэвийн буюу эрүүл хүнд 35 хүртэлх насанд дээрх эдийн хөгшрөлтөөс нөхөн төлжилт нь илүү хурдан явагддаг. Харин 35 аас дээш насанд хугарах нь хялбар болдог. Эмэгтэйчүүдийн хувьд 30 нас хүртэл ясны төлжилт сайн байдаг. Нас ахих тусам үхжсэн ясны хэмжээ болон нөхөгдөж буй ясны хэмжээ тэнцэнэ. Яваандаа төлжилт багасна. Гэвч цэвэршилтийн үеийн бодисын солилцооны өөрчлөлт их нөлөөтэй. Остеопорозын үед ясны шингэн багассанаас ясны эдийн үхжил хурдасдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа хурдасна. Учир нь өндгөвчнөөс ялгардаг ясны сийрэгжилтийн эсрэг үйлчилгээтэй дааврын ялгаралт зогсдог. Ийнхүү ясны үхжил шат ахисаар остеопорозод хүргэдэг.

Остеопорозыг эрт оношлохын тулд юуны өмнө тус өвчин болоод түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар зохих мэдлэгтэй байх нь чухал . Үүний зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламжтай ясны цулын хэмжилт буюу сийрэгжилтийн шинжилгээг хийлгэж болно.

Эдгээр шинжилгээ нь:
1. Остеопорозыг гүнзгийрэхээс өмнө илрүүлэх
2. Өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх
3. Өвчин эхэлсэн бол хурдыг нь тодорхойлж саатуулах арга хэмжээг оройтуулалгүй авч хэрэглэх боломжийг олгодог давуу талтай.

Остеопорозоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

30 наснаас өмнө ясыг “тэсвэртэй болгох” нь остеопорозын эсрэг хамгийн чухал арга хэмжээ болно. Үүний зэрэгцээ зөв, чанартай хооллолт болоод хөдөлгөөний идэвхтэй амьдрал ч их нөлөөтэй. Жирэмсний хугацаандаа ургийн ясны хөгжилд шаардлагатай “Са”-г хоол хүнсээрээ авч чаддаггүй эхчүүд өөрийнхөө яс, шүдний найрлага дахь Са-г урагтаа дамжуулж байдаг. Иймд эхчүүд маань зөвхөн өөртөө бус мөн үр хүүхдийнхээ төлөө хоол хүнс, хөдөлгөөний эрүүл дэглэмийг сахиж мөрддөг байх нь чухал юм. Эмчилгээний арга замууд Остеопорозын эмчилгээнд алендронат (alendronat), ралофин (ralofin) гэх мэт төрөл бүрийн эмүүдийг хэрэглэдэг. Гэвч хангалттай хэмжээний “Са” хэрэглэх нь хамгийн үр нөлөөтэй эмчилгээний арга юм. Сүүлийн үеийн судалгаагаар насанд хүрэгчид шаардлагатай хэмжээнээс тал хувь ба үүнээс бага “Са” хэрэглэдэг нь тогтоогджээ. 1 литр сүүгээр бүрсэн тараг 300 мг “Са” агуулдаг. (хүний өдөрт дунджаар авах ёстой хэмжээний 3 ны нэг) Цэвэршилтийн дараа “Са” хэрэглэсэн ч энэ нь ясны сийрэгжилтийг зогсоохгүй төдийгүй нөхөн төлжүүлж чаддаггүй.

Иймд эртнээс “Са” ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэн , тослог ихтэй зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Архи тамхи зэрэг хорт зуршлаас хол байж, “Са”-г нэмэгдэл маягаар хэрэглэсэн ч болно. “Са”-ийн задрал сайн үр дүнтэй болоход Д витамин их нөлөөтэй. Нарны гэрлээр бидний бие махбодь өөртөө Д витамин нийлэгжүүлэх чадвартай. Гэхдээ Д витамин хэвийн хэмжээнээс ихэсвэл хортой тул эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй. Бат бөх ястай байхын тулд байнгын бөгөөд хөнгөн чанарын дасгал сургуулилт чухал. Өдөрт тодорхой хэмжээний хөдөлгөөнт дасгал хийж, явган алхах зэрэг нь зөвхөн ясыг бат бөх болгох төдийгүй бусад эрхтний тогтолцоонд ч ихээхэн ач холбогдолтой.

Тэгвэл нэгэнт остеопороз эхэлсэн тохиолдолд дасгал сургуулилт хийх нь зөв үү? Ихэнх хүмүүс “тийм” гэх байх. Эмчид хандан тохирох дасгалын талаар зөвлөмж заавар авч болох юм. Гэхдээ зөвхөн дасгал сургуулилтаар өвчнийг саатуулах буюу эмчилж болно гэж ойлгож болохгүй. Остеопорозыг бүрэн дүүрэн биш ч тодорхой хэмжээнд эмчилж болно. Үүний дагуу дааврын эмчилгээ хийдэг. Ингэхэд даавар хийлгэсэн өдөр 1000мг, хийлгээгүй өдөр 1500 мг “Са”-г нэмж хэрэглэх бөгөөд биеийн хүчний ажил болон хүнд зүйл өргөхөөс зайлсхийх хэрэгтэй. Цэвэршилт эхэлсэн эмэгтэйд дааврын эмчилгээ нь хамгийн үр дүнтэй арга болдог. Үүнээс гадна Сalсiton (калцитон) хэмээх нэгэн төрлийн эмчилгээ бий. Энэ нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хэрэглэж болдог давуу талтай бөгөөд тариагаар хамраар хэрэглэж болдог.

Ялангуяа эстроген (даавар) хэрэглэх боломжгүй цэвэршилтийн шатны эмэгтэйд хамгийн тохиромжтой. Мөн бифосфонатыг (bifosponat) ясны хугаралтыг бууруулахад, аллендронатыг (allendronat) цэвэршилтийн нас нь өнгөрсөн эмэгтэйчүүдэд санал болгодог. Хэрвээ танд остеопорозын шинж илэрсэн бол эрч хүчтэй бай. Сэтгэл санаагаар бүү уна. Аль болох бүхий л арга хэмжээг судлан идэвхтэй, адал явдал дүүрэн амьдралыг бий болгох хэрэгтэй. Сандарч тэвдэлгүй, тайван уужуу байж өөрийгөө ганцаардуулалгүй гагцхүү болгоомжтой бас өөдрөг байгаарай. Дэлхий дээр тань шиг 200 сая хүн байгаа гэдгийг мартаж болохгүй.


URL:

Сэтгэгдэл бичих