Ц.Элбэгдорж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захиралтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернар Валла бараалхлаа. Дэлхийн 180 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын чухал түншийн тоонд Монгол Улс багтдагийг ноён Бернар Валла уулзалтын эхэнд онцлоод, хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илэрхийлсэн.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014, 2015 онд Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарахад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага тусалсанд талархаж буйгаа хэллээ.

Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Уг хуультай холбоотойгоор ноён Бернар Валла ойрын хугацаанд Монголд айлчлахаар зэхэж буйгаа Ерөнхийлөгчид ярив. Түүнчлэн уг уулзалтын үеэр шүлхий, бруцеллёз зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин, тэдгээрийн тархалт, таслан сэргийлэх арга хэмжээний талаар талууд санал солилцсон юм.

Мөн Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн асуудлаарх олон улсын хурлыг Монголд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхан уламжлав. Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулах, холбогдох бэлтгэлийг хангахаар тохиролцжээ.

Г.Төмөр


URL:

Нэр: зочин Огноо: 21 November 2015

Энэ нэг өвчтэй ерөнхийлөгч энд тэнд очоод л нэг л баян улс оронтой юм шиг манайд хуралд манайд хуралд гэж уриад нөгөө олон улсын хурал зөвөлгөөн явуулах зардлыг нь өрөндөө баригдаж өнөө маргаашгүй хүний болох гэж байгаа монгол маань даахгүй нь ээ.

Сэтгэгдэл бичих