Гэмт хэрэгтэн гэрч болдог уу?

Сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэсч, учир битүүлэг хийгээд хачирхалтай хэргүүд ар араасаа хөврөх боллоо.

Төрийн өндөр албан тушаалтанг албан тасалгаандаа хээл хахууль авч байхад нь хуулийнхан газар дээр нь орж баривчилсан л гэх.

Арван долоон жил учир нь тайлагдаагүй хав дарагдсан хэрэг гэнэт сөхөгдөж хэд, хэдэн хүнийг цагдан хорьж байх жишээний. Тэгсэн хэрнээ олон сар жилээр яригдсан дуулиант хэргүүдийн сураг аажим аажмаар алдарч олны анхаарлаас холдсоор. Энэ бүхэн хуулийн байгууллагуунхныг хэрхэн ажиллаад байгааг үл ойлгоход хүргээд ч байх шиг. Зарим иргэд бүр юу болоод байгааг ч мэдэхээ больчихсон эргэлзчихсэн сууж байгаа биз.

Гагцхүү сонгууль дөхөнгүүт С.Зориг агсны хэрэг сөхөгдөж, сонгууль дөхөхөөр улс төрчдийн хэргүүд намждаг байдал энэ удаад бүү давтагдаасай.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын хувьд л гэхэд албан өрөөндөө санамсар болгоомжгүйгээр хээл хахууль авч байгаад баригдах хүн яавч биш. Намынхан нь ч хэлж сонсогдоно лээ. Гагцхүү өөрөө хэргээ хүлээх ч юм уу ямар нэг шалтгаан цаана нь байж мэдэх юм.

Эсвэл хууль хяналтынхан аль эртнээс мөрдөж мөшгөж, шалгаж байгаад үүрийн 04:00 цагт баривчлаад аваад явсан уу?. Үнэхээр ойлгомжгүй. Аль аль нь урьдаас үгсэн тохиролцсон ч юм шиг учир битүүлэг эл хэрэг дуулиан дэгдээгээд авлаа. Магадгүй хэргээ хүлээж, хуулийнхан түүнийг нь газар нь илрүүлсэн болж аяглаж ч байгаа ч юм уу. Бас л ойлгомжгүй нэг хэрэг сөхөгдөх нь энэ.

Тэгвэл С.Зориг агсны хэрэг гэнэт сөхөгдөж чухал баримттай хуурцаг олдсон, сэжигтэн этгээдүүдийг баривчилсан, хэргээ хүлээж эхэллээ гэх бор шувуу нисэх болсон нь бас л сонирхолтой. Сонирхолтой гэхээсээ илүү ойлгомжгүй. 1998 онд уг хэргийг гарсаны дараа хэрэгтэнг шоронд л байгаа гэх хардлага нийгэм даяар явж байсан. Тэгвэл энэ удаад хэрэгтэн төмөр торны цаанаас хэн нэгэн хүнийг гүтгэчихээгүй байгаа даа. Дархлаа сууж, “даам” болсон хэрэгтэн хэнийг ч хөдөлгөж мэдэхээр болсон байгаа биз.

Энэ олон жилийн дараа ямар жүжиг тавьж, ямар үнэн тогтоогдох юм бол доо. Олон нийт харж хүлээсээр.

Харин олны сонирхолыг татахуйц асуудал гарч ирэх явцад зарим хэрэг “санамсаргүйгээр” замхрах, намжих талруугаа ордог бичигдээгүй хууль тогтсон гэмээр. Учир мэдэх хүмүүс бүр нэг хэргийн дуулианыг намжааж, олон нийтийн анхаарлыг сарниулахаар өөр нэг “айхавтар” хэрэг гарч ирдэг ч гэж ярьж байх юм.

Тэгвэл энэ бүхнийг бас л бодууштай. Өнгөрсөн удаад шалгагдаж байсан хийгээд багагүй асуудал үүсгээд байсан зарим хэргүүд үнэхээр замхараад байгаа юм биш биз.

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой “Улаанбаатар таймс” хэвлэх үйлдвэрийн хэрэг яагаад нам жим болов.

Эл хэрэг эцэст нь ингэж шийдэгдсэн гэж хэлэх хүн байна уу?. Н.Энхбаярын талаар анх гомдол гаргасан н.Сэргэлэн гэгч нь 1.5 сая доллар залилсан хүн гэлцдэг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хүн. Гэтэл энэ хэрэг Чингэлтэйн шүүхэд очсон ч прокуророос хэргийг шалгана гэж буцаан татчихаад нам жим болчихсон байдаг.
Энэ мэтээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нэгэн ямар нэг хэргийн гэрч болоод хэргээс мултардаг юм биш байгаа.
Ганц үүгээр ч зогсохгүй олны анхаарлаас холдож чимээгүй дарагдсан хэргүүд өдгөө юу болж байгаа бол хуулийнхан нэг мэдээлэл өгмөөр санагдах юм.

Д.Дуулим

www.24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих