Хүүхдүүд “хордуулсан” Моносын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

http://www.bolod.mn/Upload/news/337b9cd1581bd285fac320d471f58ea0.jpg

Өнгөрсөн жил 16 нярай эмэнд хордож эрүүл мэндээрээ хохирсон билээ. “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нарыг энэ хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн байдаг.

Тэгвэл энэ хэргийг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцсэн бөгөөд мөрдөн байцаалтад буцаалаа. Шүүх хурлын талаар хохирогчдын өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас цөөн зүйл тодрууллаа.

- Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд хичнээн сая төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргаад байна вэ?

- Өнөөдрийн байдлаар нийт 16 хүүхэд тус бүрдээ өөрт учирсан гэм хорын хохиролд 20 орчим төгрөг, эмийн хордлогын улмаас үүсэж болох эрүүл мэндийн хортой нөлөөллийг тогтоох шинжилгээ хийлгэх зардалд 50-70 сая төгрөгийг тус бүр нэхэмжилж байна.

- Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан?

- Шүүх хуралдааныг хохирогчдын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат буюу миний гаргасан үндэслэлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.2-т заасан үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаалаа. Прокурор, мөрдөн байцаагчид давж заалдах шатны 2015-02-15-ны өдрийн 95-р магадлалд заасан Монос болон эмийн үйлдвэр компаниудын удирдлагыг шалгах үүргийг биелүүлээгүй тул үүнийг дахин мөрдөн байцаалтад буцаах шалтгаан боллоо. Үүгээрээ шүүхийн хууль ёсны шийдвэр, прокурор, мөрдөн байцаагчид биелүүлээгүйг харууллаа.

- Хүүхдүүдийн биеийн байдал өнөөдөр ямар байна вэ?

- Хүндээр гэмтэн хоёр хүүхдийн хувьд Оюунцацрал охин сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн. Хулан охин байнга харшил өгч толгойгоо даахгүй байгаа бол нийт хүүхдүүд дархлаа маш муудаж байнга өвдөж байгаа. Зарим нь элэгний шинжилгээнд орох хүртэл арга хэмжээ авсан байдалтай байна.

“Монос” эмийн үйлдвэр компаниуд хохирогч хүүхдүүдэд 1.3 жил өнгөрч байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь тэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм үйлдвэрлэж хүүхдүүдийн эрүүл мэнд гэм хор учруулсандаа гэмшихгүйг харуулж байна.

- “Монос”-ыг яагаад хариуцагчаар татахгүй өнөөдрийг хүрсэн юм бэ?

“Монос” болон эмийн үйлдвэр компаниудыг зөвхөн иргэний хариуцагч төдийхнөөр хэргээс холдуулах санаа зорилготой байсантай холбоотойгоор хууль зөрчсөн эсэхийг шалгахаас зайлсхийж байсан гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэхэд хүргэж байна.

Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчдын өмгөөлөгчийн гаргасан санал, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг харгалзан дээрх компанийн удирдлагуудыг татаж шалгахаар шийдэж хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа.

- Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй эмийг худалдаалж, бусдыг хохироосон энэ үйлдэлдээ “Монос”-ын зүгээс өнөөдрийн байдлаар ямар хариуцлага хүлээгээд байгаа вэ?

- Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн үйлдвэрлэж, түгээж, худалдах үйлдэл нь зөвхөн дээрх хоёр компанийн удирдлагын эрх хэмжээнд эрүүл мэндийн болон бусад хуулийг зөрчиж хийсэн шууд санаатай үйлдэл юм. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дээрх хоёр компанийн удирдлагууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийн талаар маргасан.

Эмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээ зөвхөн ЭМЯ-д бичиг баримтаа үйлдвэрлэсэн компани өгсөн гэсэн тайлбараар л нотлохыг хичээсэн боловч мөн л энэ асуудлаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан чиглэлийг хангах ажиллагааг зөвхөн мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй нь тогтоогдсон.

Монос зөвхөн хариуцлага алдан хоёр ажилтнаа Эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар ял халдааж өөрсдөө уснаас хуурай гарахад хамаг анхаарлаа хандуулж байгаа нь шүүх хуралдаан тус компанийн төлөөлөгч, хуулийн зөвлөх Ганзоригийн мэдүүлэг, тайлбараас харагдаж байсан.

Монос хууль зөрчиж түгээн борлуулсан эмнээс хордсон хүүхдүүдийн эрүүл мэндэд учруулсан гэм хорондоо ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа. Цаашид Монос группийн Ерөнхийлөгч Хүрэлбаатарын хохирогч нартай байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх гэж байна гэсэн тайлбараар цаг хожиж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн эрүүл мэндийг улам хохироож байна. Өнөөдрийн шүүх хурлаар Монос болон эмийн үйлдвэр компанийн хариуцлагаас нуугдах гэсэн захирлуудыг шалгах боломж бүрдлээ.

- Цаг гарган тодруулга өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих