АН-д Ерөнхий сайд хийх хүн олдохгүй байна

Улс төрд зүтгэж яваа улстөрчдийн өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа ганц зүйл бол Засгийн газрыг огцруулж дараагийн ээлжинд нь багтаж “хоолонд” орох явдал юм.

Харамсалтай нь тэдний санасан бүхэн зурсан зураглалынх нь дагуу өрнөхгүй байсаар өдийг хүрлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газрыг хамгийн хурдан хугацаанд огцорсон Засгийн газар болно гэж олон хүн үзэж байсан. Тэрийг нь батлах мэтээр томоохон төслүүдийг нь УИХ удаа дараалан гацааж гүйцэтгэх засаглалынхаа засаглах чадавхид нь саад учруулж эхэлсэн юм. Үүнийхээ дараа ичгүүр, сонжуургүйгээр “хайр зарлаж” бага хурлын гишүүдэд нь захиа бичин байж засагтаа хамтруулсан МАН-ыг хөөж асуудлыг улам дэвэргэж орхисон.

      Ээлжит бус чуулганаас хойш АН-ынхан сурсан зангаараа Засгийн газраа дотроосоо “оролдож” эхэлсэн. УИХ-ын гишүүн Г.Уянгын боловсруулсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт эхнээсээ гарын үсэг зураад эхлэв. Улс төрийн хүрээнийхэний таамаглаж байснаар бол энэ намрын чуулганы эхэнд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч Ерөнхийлөгчийн хориг тавьсан Өршөөлийн хууль энэ асуудлыг өдийг хүртэл хойшлуулсан юм. Нам, эвслүүд энэ хуулийн төслийг өөрсдийн талд ашигтайгаар эргүүлэхийн тулд Засгийн газраар эрх баригчидтай наймалцахаар зүтгэсэн. Гэвч олон нийтийн өмнө ил болж олны хараанд хангалттай өртсөн учир УИХ  яах ч аргагүйгээр авилгачдыг өршөөж чадсангүй.
       Үүний дараагаар зориг гаргаж засгийг “самрах” гэсэн боловч шил дараалсан олон баривчилгаа асуудлыг дахиад л хойшлуулж орхилоо. Эхлээд Зам, тээврийн төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаа. Мөн энэ хэрэгт холбогдох Ч.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ гэх зэрэг гурван хүний хэрэг. Төд удалгүй Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын дуулиант баривчилгаа. Түүнийг авилга авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэх мэдээлэл бий. Хамгийн сүүлд С.Зориг агсны эхнэр Д.Булганы нууцлаг баривчилгаа болсон. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол Д.Булганы хэрэг “Маш нууц”-д хамрагдаж байгаа гэсэн. Нийгэмд тун удахгүй улс төрийн том аллагын хэрэг илрэх юм болов уу гэсэн битүүхэн найдлага бас айдас төрж байна.
       Ингээд Засаг огцрох асуудал чиг мөрөөсөө хазайсан хэвээр л байна. Хамгийн сүүлд тэд “их” баривчилгааны дараагаар Засгийн газраа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг шөнө дөлөөр өргөн барьсан гэх. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө эцэслэн шийдвэрлэх хуультай. Дээрээс нь өөр ямар ч хууль хэлэлцдэггүй онцгой дэгээр хэлэлцдэгээс нь шалтгаалж улс төрийн хүрээнийхэн “Фортун” гишүүний өргөн барьсан хуулийн төслийг “хоол болтол шийр зугаа” гэж ойлгож байгаа. Үнэхээр ч он гаргачихвал Засгийн газрыг огцруулаад байх сонирхол үгүй болно.
    Хамгийн хачирхалтай нь АН-ынхан өнгөрсөн аравдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад сойхоор болсон талаарх мэдээлэл гарсан. Гишүүн ч өөрөө “Би Ерөнхий сайд болвол МАН-тай хамтарна” гэх үгсийг унагасан байсан. Р.Амаржаргал гишүүн хүссэн хариултыг нь өгч чадаагүйд эргэлзсэн хүмүүс С.Эрдэнэ сайдыг мөн л дараагийн сайдад ярьж үзсэн. С.Эрдэнэ нь харин мэдээлэл гарсан даруйд нь хэвлэлээр “үгүй” гэж цааргалсан ч цаагуураа “яасан ч яах вэ” гэх ухааны юм ярьсан байдаг.
    Тэгвэл хамгийн хачирхалтай нь дээрх хоёр хүн өнөөдөр Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж эхэлжээ. Аргаа барсан АН-ынхан дараагийн Ерөнхий сайдад хэнийг тавихаа мэдэхгүй байгаа аж. Ямартаа л энэ долоо хоногийн бүлгийн хурал, өчигдөр болсон байнгын хорооны хуралдаанд АН-ынхан суухгүй байх вэ дээ.
Г.Лхагваа

URL:

Нэр: Anonymous Огноо: 25 November 2015

Negent ner ni navs unachihaad bhad nemj neree shavart hutgaad yahavdee l bizdee tertee tergui ireh songuuliar ihenh ni laaz ushiglunu bizdee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.