Гээсэн гэсэн авсан шүү

-ФЕЛЬЕТОН-

“Гээсэн гэсэн олсон шүү”. Хаягдсан бичиг баримт мэтийг олж өгдөг үйлчилгээ ийм мессэжтэй. Тэд хүний хаясан зүйлсийг эзэнд нь өгөөд шан авдаг юм. Харин удирдаж байсан намынхаа “гээсэн” нэрийг “олсон” Энхбаяр дарга, Энхсайхан дарга  эднүүс эргүүлж өгөөгүйгээр барахгүй өөрөө авч байгаагаа зарлав. Зарлах төдийгүй унаган намтайгаа уралцахаа зарлав. Хууль номоороо бол хэрэглэхээ байсан нэрийг нөгөө этгээд авч болдог юм байна.  Юмыг  зүгээр нэг хаяж болохгүй хэцүү ч цаг юм аа.

Эхлээд намын нэр авч байна, цаашлаад хүний нэрийг хэрэглээд ирэхийг ч үгүйсгэх ч арга алга. Саяхь хоёрын аль нэг нь Санжаасүрэнгийн Зориг нэр авна гэхэд ИБМУТ-ийнхөн юугаар үгүйсгэх билээ? С.Зориг бидний дунд байхгүй юм чинь хэн нэгэн түүнийг авах эрхтэй байж таарна. Ингэж гэмээнэ ардчилсан холбоо тэднийх болно.

Харин “Зоригийг хөнөөсөн хэрэг” яадаг бол?  МАХН нэрийг авсан нам МАХН мөн гээд зүтгээд байгаа юм чинь, С.Зориг нэрийг авсан этгээд бол С.Зориг мөн гээд зүтгэж таарна. Цагдаагийнхан С.Зоригийг алсан хэргийг мөрдөх гэхээр С.Зориг амьд “би бол би мөн” гээд зогсож байх. Амьд байгаа хүн алагдсан байж таарахгүй.

Эзгүй байна гэдэг бол байхгүй байна гэсэн үг.  Ухаандаа, захирал ажил дээрээ байгаа эсэхийг лавлахад “байхгүй байна” гэсэн хариулах удаа бишгүй. Энэ хооронд нэг сэхээлэг нөхөр нэрийг нь авчихаад хүрээд ирвэл яах вэ?  Нэгэнт нэрийг нь аваад бүртгүүлчихсэн юм чинь хүчинтэй захирал байж болж таарна.

Энэ ч яахав, харин нөхрийнх нь эзгүйд хар хүнийх нь нэрийг өөр дээрээ бүртгүүлчихсэн хүн хүрээд ирвэл тэр авгай яах болж байна.

Хүн болгонд түгшүүр төрж байна. Амьд байхдаа ч нэрээ арай булаалгахгүй бол уу, булаалгалаа ч гэсэн заргалдаад байхад өөрийнхөө 50 хувийг барьчих байх. Харин үхсэн хойно хэн гээч нь миний нэрийг  өөр дээрээ бүртгүүлж “би” болдог бол, гэж. Хамгийн тусгүй нь юу байна гэхээр, аливаа нам, мамын нэрийг тэгэхээс тэгэх гэсэн шиг муудалцсан, эвдэрсэн  этгээд л авдаг болж таараад байна.

Энэнээс ч нэт асуудал бас байна.  Аль 21 жилийн өмнө сольсон БНМАУ гэдэг нэрийг хэдэн хятадаа байг гэхэд   хэсэг Өвөр монгол өөр дээрээ бүртгүүлчихээд ирвэл бид хаачих болж байна. Богд хаант Монгол Улс гэж бас нэг эмзэг цэг байна.

Гай ганцхан чамайг дайрдаггүй гэж үг бий. Зөвхөн бидэнд ч аймаар байгаа юм биш. Хэдүүлээ нийлж байгаад Манж Да Чин улс гэдэг нэрийг өөр дээрээ бүртгүүлчихээд Ху Жинтао даргыг “улсаа өг” гэж самгардуулж болж л байгаа юм.

Умард хөршийн ЗХУ нэр  ч сул хэвтэж байгааг сануулах юун.

МАХН нэрийг авсан МАХН ч өөрөө бөөн эрсдэл дунд байна. Ухаандаа одоо Шинэбаяр гишүүн өөрийгөө Юмжаагийн Цэдэнбал нэрээр дахин бүртгүүлчихээд  “Өвгөн ах нь намаа авах уу даа” гэвэл Энхбаяр юугаа хэлж хуйхаа маажих билээ.

МАН-ыг ч балаг тойрохгүй бололтой. Одоо манай ардчилсан хүчний нөхөд Дарь.Сүхбаатарынхаа овгийг дахин бүртгүүлээд Дамдин болгоход цөхөх юм алга. МАН-ыг үүсгэн байгуулагч нь Дамдины Сүхбаатар биш гэж үү?. Тэр бүү хэл  “Үнэн” сонинг нь ч авч болж байна. Тэргүүн нүүрэнд нь санаачлагч нь Д.Сүхбаатар гээд бичээстэй байдаг санагдана.

Б.ЦЭНДДОО


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.