Оюутнуудаа! Тахиа тэжээ!

Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн оюутан залуусын удирдсан хувьсгалуудаас хамгийн том, хамгийн эмгэнэлтэй нь яахын аргагүй 1989 оны 6-р сарын 4-ний өдрийн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тянь Мин-ий талбай дээрх хувьсгал юм. Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан өөрчлөлт, шинэчлэлийн тухай ил тод ярьснаараа албан тушаалаасаа халагдаж, улмаар хэдхэн хоногийн дараа зүрхний шигдээсээр нас барсан нь 100 мянга гаруй оюутнуудыг Засгийн газрынхаа эсрэг зогсоход хүргэн, эрх чөлөө, ардчилалын төлөө тэмцэж эхэлжээ. Харамсалтай нь хувьсгалыг зогсоохын тулд цэрэг, зэвсгийн хүч ашиглан 7000 гаруй залуусын алтан амь, халуун цусыг урсгасан нь дэлхийн түүхэнд тодоос тод бичигдсэн үлджээ. Тэдгээр залуучуудын цус дэмий урсаагүйг өнөөдрийн БНХАУ-ын хөгжил дэвшил тодорхойлдог.

Харин Монгол улсад 20 жилийн өмнө цагаан морин жилийн ардын хувьсгалтай холбоотойгоор 1990 оны 3-р сарын 2-ны өдөр Монголын оюутны холбоо онц IV бага хурлыг зарлан хуралдуулжээ. “Чөлөөт сэтгэлгээ, оюун санааны болон хүний эрх чөлөөг хаан боогдуулсан нийгмийг өөрчлөх ёстой гэдэгт оюутнууд санал нэгдэж энэхүү түүхэн үйл явдалд оролцсон нь Монголын оюутны холбоог ардын хувьсгалд Монголын ард түмнийг манлайлан зохион байгуулсан дөрвөн холбооны нэг болгосон юм.” гэж тухайн үеийн Монголын оюутны холбооны удирдлагуудын нэг байсан, одоогийн Иргэний зориг намын нарийн бичгийн дарга М. Зоригт саяхны ярилцлагадаа дурджээ.

Оюутнууд зөвхөн нийгмийн шинэчлэлийн төлөө бус сонин, содон санаа гаргах, сэтгэх чадвараараа ч нийгэмд тэргүүлэгч байр суурьтайг олон бодит баримт нотолдог.

Компьютерийн үйлдлийн систем үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн томд тооцогдох Mайкрософт компанийн ерөнхийлөгч Билл Гэйтс Харвардын их сургуульд компьтерийн чиглэлээр суралцдаг байсан бөгөөд 1975 онд сургуулиа төгсөхөөсөө өмнө өөрийн багын найз Паул Аллентай хамтран “Microsoft”-ийг үүсгэн байгуулсныг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өнөөдөр Билл Гэйтс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүн эгнээнд явна.

Мөн л Харвардын их сургуульд сурч байсан “Facebook”-ийг үндэслэгч, одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа өдгөө 27 настай Марк Закерберг оюутан хүний оюун ухаан, сэтгэлгээний үнэ цэнийг дэлхийд таниулсан нэгэн. Марк оюутан байх хугацаандаа  “Facebook” хэмээх дэлхий дээр урьд өмнө нь хэзээ ч, хэний ч хийж чадаагүй байсан хамгийн олон нийтийн харилцааны сүлжээг бүтээх санаагаа олсон юм.

Үүний зэрэгцээ Техасын их сургуульд сурч байх хугацаандаа компьютер, түүний дагалдах бүтээгдэхүүн борлуулдаг дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан корпораци “Dell Inc”-ийг үүсгэн байгуулсан Майкл Деллийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.

Дээрх хүмүүс бусдаас илүү ухаантай эрдэмтэд байсангүй. Бусад үе тэнгийхэнтэйгээ адил оюутан байсан. Хамгийн гол нь энэ бүгд оюутан та торгон мэдрэмжтэй, шинийг санаачлан сэдэгч, чөлөөт сэтгэлгээний эзэд гэдгийг харуулж буйн баталгаа юм.

Тэгэхээр нийгмийн хамгийн торгон мэдрэмжтэй, эрч хүчтэй, идэвхи чармайлттай, шинийг санаачлагч, эрх чөлөөг эрэлхийлэгч, дарангуйллыг үл тэвчигч, үүрэг хариуцлагатай тэр бүлэг бол оюутан. Тийм ч учраас олон хувьсгалыг оюутнууд удирдаж, шинэ содон санаануудын эх үндэс нь оюутнууд байсаар ирсэн. Энэ утгаараа улс орны хөгжлийн хөшүүрэг, хөгжил дэвшлийн хөдөлгүүрийг асаах түлхүүр байх учиртай. Харин одоо Монгол оюутнуудын нэг өдрийн амьдралыг сонирхоцгооё.

Сүүлийн жилүүдэд оюутнуудын мэдлэг, чадварыг шалгасан олон төрлийн эрдэм шинжилгээний хурлууд, тэмцээн уралдаанууд олонтаа зохиогдох болжээ. Нэг жилийн дотор гэхэд л 20 орчим эрдэм шинжилгээний хурал болж байна. Тэдгээр уралдаанд үнэхээр мэдлэг, чадвартай олон залуус оролцож байгаа нь харагддаг. Жилээс жилд өрсөлдөөн улам бүр ширүүсч, хамрах цар хүрээ өргөссөөр байна. Энэ бүгдээс дүгнэхэд оюутны өнөөдрөөс маргаашийн ирээдүй гэрэл, гэгээтэй харагдана. Харамсалтай нь би таны урамыг хугалах нь. Тэдгээр хурлуудад тогтмол оролцдог цөөн хэдэн оюутнууд өмнө хойноо орж, байр эзэлдэг юм. Яг л үүнтэй адил спорт, урлагын салбарт ч гэсэн цөөн хэдэн оюутнууд л залуусын төлөөлөл болсоор байна. Энэ юу гэсэн үг вэ? Дийлэнх оюутнууд маань хаагуур, юу хийж явна вэ?

Мансууруулах бодис хэрэглэгчдийн 74.4% нь их дээд сургууль, коллежийн оюутнууд, 25.6% нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бөгөөд шөнийн цэнгүүний газарт ихэвчлэн хэрэглэдэг гэсэн судалгааны үр дүн 2009 онд шарсан. “Хүсэл дууссан газарт хүн өөрөө төгсдөг” хэмээх үг бий. Хүсэл эрмэлзэл биднийг  хөтөлж, эрч хүчтэй болгодог. Харин хүч чадлаар бид амжилтыг бүтээдэг. Амжилт бидэнд гэрэлт ирээдүйг бэлэглэдэг. Тэгвэл амжилтын үрийг хэн суулгах вэ? Үр ургах хөрслийг хэн бордох вэ? Ургасан хойно нь хэн хамгаалах вэ? Төр засаг уу? Эсвэл багш нар уу? Аль эсвэл гэр бүл, найз нөхөд чинь үү? Уучлаарай таны урамыг дахин хугалах нь. Амттай хоол хийх олон төрлийн нууц жор байдаг ч тархиа тэжээх ганц л арга байдаг юм. Тэр нь та өөрөө. Та өөрөө хүсэл эрмэлзэлээ өдөөнө. Та тархиа тэжээнэ. Эцэст нь энэ бүхэн таныг аз жаргалтай ирээдүйрүү хөтөлнө. Эрдэмтэд, гүн ухаантнуудын үг таны тархинд зөвхөн цочрол өгнө. Харин тэрхүү цочролыг хүч болгох эсэх нь таны сонголт.  Хэн нэгэн эрдэмтэн, гүн ухаантан танд амжилтанд хүрэх жор найруулж өгөхгүй. Харин танд гараагаа амжилттай эхлэх тусламж үзүүлнэ. Таны тархийг эрдэмтдийн үгс сэрээнэ. Сэрээд ажлаа хийх нь таниас л хамаарна. Тийм ч учраас хүн эхлээд өөрийгөө таних ёстойг бүх философичид дурьдсан юм.  Хамгийн хүнд даалгаварыг таниас өөр хэн ч хийхгүй. Харин та сэрүүн байна уу унтаж байна уу? Хэрэв сэрүүн байгаа бол сайн байна. Улам бүр цовоо сэргэлэн бай. Хүсэлдээ хөтлөгдөж, хүч чадалдаа итгэ. Өөрийгөө хөгжүүл, шинийг эрэлхийл, санаачил. Харин унтаж байгаа бол үтэр түргэн бос. Өдөр дөнгөж эхэлж байна. Танд ядрах эрх байхгүй. Одоо унтах цаг бус, ухаарснаа хийх цаг. Унтаад болохгүй бол тахиа тэжээ. Тэднээс юугаараа дутаж илүү унтах вэ? Тэгээд Тархиа тэжээ.

Г. Мөнх-Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих