Хар тамхины хэргээр саатуулагдсан Б.Халиуныг Малайзын шүүх гэм буруугүй гэж үзэн суллажээ

Монгол Улсын гурван иргэн 2013 онд Малайзад хар тамхины хэргээр саатуулагдсан байна. Тэдний нэг нь хар тамхины томоохон сүлжээнд байдаг төдийгүй гадаадад хар тамхины наймаагаараа зартай, нутаг нэгтнүүдээ энэ төрлийн гэмт хэрэгт уруу татсан Баянжаргалын Халиун гэгч аж. Тэрбээр төрсөн эгч Б.Хулантайгаа хамт ийм төрлийн бизнесийг аль 2007 оноос цэцэглүүлэн дэлгэрүүлсэн гэдэг. Б.Хулан нь Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Х.Дамдины эхнэр бөгөөд тэд ийнхүү гэр бүлээрээ хар тамхины наймаанд биесээ уруу татсан байдаг. Бүр төрсөн дүү Б.Билгүүн, бэр Оюунзул нарыг уруу татаж, тэд биедээ хар тамхи зөөвөрлөж Казахстаны хилээр гарах гэж байгаад хууль хяналтынханд нь баригдаж улмаар тус улсын шүүхээс 17 жилийн хорих ял сонсч долоон жилийг нь эдлээд өнгөрсөн хугацаагаа эх орондоо үргэлжлүүлэх хүсэлт гаргасаны дагуу өнгөрсөн 2014 онд Ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчирсан юм.

Тэгвэл эх орондоо ирдэггүй эгч дүү хоёр Хятад, Хонконг, Малайз зэрэг орнуудаар бизнесээ цэцэглүүлж яваад дүү Б.Халиун нь Малайзад саатуулагдсан юм. Тэрээр саатуулагдахдаа тэнд сурдаг байсан монголын гурван оюутанг хөлдөө чирсэн байдаг. Тодруулбал, оюутнуудын амьдардаг байранд хар тамхи нууж байгаад баригджээ.

Харин хууль хүчний байгууллагаас дээрх оюутнуудыг буруугүй гэмгүй гэдгийг нь тогтоож сулласан байдаг. Харин хоёр жил гаруй хугацаанд хоригдсон Б.Халиунд холбогдох шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр болж, Малайзын шүүх түүнийг гэм буруугүй хэмээн үзэн суллажээ. Олон удаа мөрдөн байцаалтад буцсан хэргийг ийнхүү шийдвэрлэжээ. Хэрвээ арван дөрвөн хоногийн хугацаанд прокурор эсэргүүцэл бичихгүй бол Б.Халиун эх орондоо ирэх боломжтой гэсэн мэдээлэл ГХЯ-нд ирсэн гэдгийг эх сурвалж хэлэв. Б.Халиуны хувьд төрсөн эгч Б.Хулангийнхаа хамт БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Хонконг болон Малайз зэрэг улсад амьдарч, Африкийн нэгэн орны харьяат, хар тамхи, мансууруулах бодисын гэмт бүлэглэлийн гишүүн хоёр иргэнтэй гэр бүл болж, хүүхдийг нь төрүүлсэн.

Одоогийн байдлаар түүний бүлэгдэлд орж, гэмт хэргийн золиос болсон 60 гаруй монгол иргэн байдаг аж. Түүний нөхөр, эгч Б.Хуланг нь БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж байсан гэдэг. Б.Хулан, Б.Халиун нар Бээжин, Хонконг, Малайзаас Монгол руу 1000-5000 ам.доллар илгээж, золиосны хүнээ олдог байжээ. Хэдийгээр суллагдаж эрх чөлөөтэй болсон ч тэд эх орондоо ирэхгүй. Яагаад гэвэл тэднийг ирвэл манай улсын хууль хяналтынхан баривчилна.

Нутаг нэгтнүүдээ залилж, хар тамхины хэрэгт хүчээр оруулж, хохироож, хэргийн золиос болгосон олон хавтаст хэрэг байгаа болохоор хуулийнхан чих тавин “анаад” сууж байгаа юм. Тиймээс тэд Монголын хилээр орж ирэхгүй нь тодорхой юм.

О.Цэцэн


URL:

Сэтгэгдэл бичих