Ю.Цэдэнбалын шарилын өмнө бичсэн шүлэг

Алив, Хүмүүс ээ! Эмгэнэн дурсацгаа!
Алтан өлгийд оршуулсан Цэдэнбалын шарил дээр
Гунигт нар, энэлэнт сарны бүгээн цацраг нөмөрсөн
Гурван зууны настай хөгшин хэрээ уйлж сууна

Харь газрын хорионд хаан суудлаас хагацаж
Хар, цагааны дэнсэн дээр гавъяа, алдраа хураалгаж
Улс төрийн тавцангаас цаазын тавцанд шилжихдээ ч
Ус нутаг Монголдоо буруу санаагүй Цэдэнбалыг
Бурхан болгож тахисан ч
Буг болгож зүхсэн ч
Эргэж босохоосоо өнгөрчээ, Тэр…
Эмгэнэн дурсацгаа!

Монгол эхийн хэвлийгээс дуу хадаан мэндэлж
Монгол газрын шороон дээр хөл тэнцэн босож
Монгол төрийн жолоог дөчин жил түшсэн
Монгол хүүгийн дурсгалыг эмгэнэн хүндэлцгээ!

Гэм нүгэлтэй байсан ч ясыг нь битгий өндөлзүүл!
Гэрчийн мэдүүлэг татаж, ялыг нь бүү хүндрүүл!
Байгуулсан бүх гавъяаг нь хурааж авсан нь багадаагүй юм бол
Байгаа ганц хөшөөг нь хуруугаар бүү чичил!

Нөгчсөн хаадын нүглийг
Уучилж болсон юм чинь
Хагацсан Цэдэнбалын сүнсийг
Цагаатгахад яадаг юм бэ?

1993 он. “Хэтийн заяат Ойрадын хязгаар” номоос.

М.Сүхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих