Анхны ардчилсан сонгуулийн өдрийг нийтээр тэмдэглэдэг болно

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Тус хуулийн төсөлд жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухай тусгасан байна.

Энэхүү төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулахдаа “Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр явагдсан Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон намын бүрэлдэхүүнтэй явагдсан, ард иргэд өөрсдөө төрөө чөлөөтэй сонгон байгуулсан түүхэн сонгууль болсон. Энэ нь улс төрийн зургаан намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт, ардчилсан сонгууль байв. Энэхүү анхны ардчилсан чөлөөт сонгуулийн үр дүнгээр нийгмийн хуучин тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлснийг бататгаж, улмаар Монгол Улсад шинээр үүсэн бүрдэж байсан олон намын тогтолцоо, иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан зарчмаар бэхжин хөгжих бодит боломжийг олгосон түүхтэй.

Энэ онд тохиосон Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгон улсын хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Цаашид энэ сонгуулийн түүхэн үйл явдлын агуулга, мөн чанар, ач холбогдлыг иргэд, олон нийтэд таниулж мэдүүлэх, сурталчлах, иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд бодитой ойлгуулах, ардчилсан сонгуулиар бий болсон үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой. Тиймээс жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх” санал гаргаж байна гэсэн юм.

Энэхүү саналыг байнгын хорооны гишүүдийн 76.9 хувийн саналаар хуулийн төслийг дэмжсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Д.ЖАРГАЛ


URL:

Нэр: ganaa Огноо: 3 December 2015

boliyoo

Сэтгэгдэл бичих