Муудсан мах нийлүүлснээс 40 хүүхэд хордлогонд оров

Увс аймгийн Улаангом сумын “Цогцолбор” хоёрдугаар сургуулийн дотуур байрны есөн хүүхэд хоолонд хордож аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд дээрх хүүхдүүдийн гэдэс нэгэн зэрэг өвдсөн тул сургуулийн захирал, эмч, Мэргэжлийн хяналтын байцаагч нар хоолноос дээш авч, хүүхдүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлжээЭх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуулийн дотуур байрны гал тогоо, хоол хүнсний бүтээгдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд хоолны хордлого биш гэдэсний халдварт өвчин гэх дүгнэлт гаргажээ.

Улмаар тухайн хүүхдүүдийн хоолонд хэрэглэдэг байсан мах чанарын шаардлага хангахгүй байгаа тул махны нийлүүлэлтийг түр зогсоосон байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өнгөрөгч 11-р сарын 17-18-нд шилжих шөнө эхний хүүхдэд гэдэс базлах, гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Харин тус сургуулийн эмч багш нар хоолны хордлого хэмээн үзэж, 25-ны өдрийг хүртэл өвдсөн хүүхдүүдийг тусгаарлах өрөө хэвтүүлж, мэдээллийг нуун дарагдуулж, өөрсдөө дур мэдэн эмчилсэн байна. Гэвч хүүхдүүдийн биеийн байдал муудаж, улмаар өвдсөн хүүхдийн тоо 4, 9, 10-аар нэмэгджээ.

Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт “Цогцолбор 2-р сургууль”-ийн 40 сурагч хэвтэн эмчлүүлж байна.

Мөн дотуур байрны бүх хүүхдийг нянгийн шинжилгээнд хамруулсан байна. Түүнчлэн, тус сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа ажээ.

Дээрх асуудлыг “Бум номин” ХХК-ны холбогдох хүмүүсээс тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзав.

“Бум номин” ХХК долоон цэцэрлэгт мах нийлүүлдэг

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын эхний шалгалтаар тус сургуульд мах нийлүүлж байсан “Бум номин” ХХК-ныг муудсан мах нийлүүлсэн байж болзошгүй хэмээн үзжээ.

Иймд тус компани махны нийлүүлэлтийг түр зогсоож, дээжийг давтан шинжилгээнд Улаанбаатар хот руу явуулсан байна. Махны дээжийн шинжилгээний дүгнэлт ирэх баасан гаригт гарах юм байна.

Энэхүү “Бум номин” ХХК нь Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Улаангом сумын АН-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны борлуулалтын албаны дарга М.Батцэндийн эзэмшлийнх юм байна.

Тэрбээр 2013 онд Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Сургууль цэцэрлэгт хоол, хүнсний бараа бүтээгдэхүү нийлүүлэх” тендэрт ялалт байгуулж, нийт долоон цэцэрлэг, дотуур байртай гурван сургуульд мах нийлүүлэх болжээ.

Гэхдээ өмнө нь ийм зөрчил гаргаж байгаагүй гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын эх сурвалж мэдээллээ.

Харин 2012 онд тус компани Оросын Тува руу 36 тонн мах экспортолсон боловч, тус улсын Мэргэжлийн хяналтын газраас чанарын шаардлага хангаагүй, мөн бичиг баримтыг бүрэн бүрдүүлээгүй, гарал үүслийн бичиггүй гэсэн дүгнэлтийг гаргаж, махыг нь хил нэвтрүүлэлгүй буцааж байжээ.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих