Катар Улс Монгол Улсын Ерөнхийлөгчийг Иргэншлийн холбооны өндөр дээр хэмжээний уулзалтад урив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ  Катарын Эрхэм дээд Шейх Хамад Бин Халифа Аль-Тани-тай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд  “Хүн ам цөөтэй ч эдийн засаг нь тогтвортой өсөлтөө хадгалж байгаа, нэг үгээр бол бүс нутагтаа  загвар болж хөгжиж байгаа орон бол танай улс юм. Монголд Катарыг амар тайван хөгжил цэцэглэлтээр төсөөлдөг.

Манай улс Катар улстай харилцан ашигтай хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно. Энэ дашрамд,  2022 оны Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг танай улс зохион байгуулах болсонд баяр хүргэе” гэв.

Шейх Хамад Бин Халифа Аль Тани хэлэхдээ “Катарын хөрөнгө оруулагчид  монголыг сонирхож байна. Хамтран ажиллахыг санал болгосон ямар ч салбарт бид хөрөнгө оруулахад бэлэн байна.  Мөн бид боловсролын салбарт хамтын ажиллагааг санал болгож байна. Катарт Америкийн хэд хэдэн нэр хүндтэй их дээд сургуулиуд бий. Энэтхэг, Япон зэрэг орнуудын  их дээд сургуулиуд ч мөн байдаг. Тиймээс монголын залуучууд Катарт очиж суралцаж болох бөгөөд бид ч энэ чиглэлийн хамтын ажиллагааг дэмжих болно. Бид Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах зорилт тавиад түүндээ хүрлээ. Одоо бидэнд Олимпийг зохион байгуулах зорилго байгаа” гэж ярилаа.

Ил тод байдал, авилгын эсрэг тууштай бодлого хэрэгжүүлж байгаа үр дүн зэрэг үзүүлэлтээрээ Катар Улс сүүлийн үед дээгүүр байр эзэлж байна гэж Шейх Хамад Бин Халифа Аль Тани хэлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харилцан ашигтай хамтын ажиллагааны талаарх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Эрхэм дээд Шейх Хамад Бин Халифа Аль-Тани Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэх 12 дугаар сард Катарт болох  Иргэншлийн холбооны өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.