Тунист Монголын ардчиллаас суралцана

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучитай уулзлаа. Ноён М.Ганучи  “Ардчиллыг шинээр тогтоогоод удаагүй байгаа Тунис Улсад бусад орны туршлага, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа бөгөөд чухам тийм  дэмжлэгийг үзүүлж чадах орнуудын нэг бол Монгол Улс гэж би бодож байна.  Танай улс ардчиллыг бэхжүүлэх суурь болсон Үндсэн хуулиа батлахаас эхлээд , ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүртлээ маш их бэрхшээлийг туулсан нь дамжиггүй. Гэвч 20 жилийн богино хугацаанд чамлахааргүй амжилтад хүрлээ. Энэ жил Киргиз Улс танай ардчиллын туршлагыг судлахаар төлөөлөгчдөө илгээсэн гэж би сонссон. Бид ч мөн адил ирэх жил гэхэд өөрийн хүмүүсээ Улаанбаатарт илгээж туршлага судлах хүсэлтэй байна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ардчиллыг бэхжүүлэхэд олж авсан туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  “Хүний эрхийг хангасан, авилгагүй ил тод  засаглалтай, хуулиа шударгаар даган мөрддөг тийм нийгмийг бүтээх нь амаргүй урт удаан үйл явц юм. Гэвч танай улсын Засгийн газар, ард түмэн сайн засаглал тогтоож, ардчилсан нийгмийг амжилттай бэхжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж тэрээр ярилаа.

Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээндээ гишүүн орнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ардчиллын боловсролыг дэмжих чиглэлд анхаарч байгаа тухайгаа хэлэв.

Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучи ойрын хугацаанд холбогдох яам тамгын газрын түвшинд ярилцаж, туршлага солилцох ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна гэлээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Шведийн улстөрч, хүний эрхийг хамгаалагч Мариа Лейснэртэй уулзав. Шведийн Либерал ард түмний намыг тэргүүлж байсан, сүүлийн үед олон улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа тэрээр Монгол Улсын зохион байгуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Хатагтай М.Лейснэр “Монгол Улс Ардчилсан орнуудуудын хамтын нийгэмлэгийг даргалж байх хугацаандаа гишүүн орнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарна гэснийг би талархан хүлээн авсан. Ялангуяа Ази тивээс тус байгууллагад гишүүнээр элсэх орнуудын тоо ирэх хоёр жилийн дотор нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Учир нь Монгол бол Азидаа загвар болсон ардчилал юм.  Бид туршлагатай  “буурь суусан“ ардчиллаас гадна  “шинэ залуу” ардчиллаар хүчээ сэлбэх хэрэгтэй байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих