Гишүүний суудал сонгуулиас сонгуульд үнэд орсоор

2012 оны сонгуулиар намуудын хандив цуглуулсан байдал

Манай улсын хууль тогтоох дээд байгууллага нь дэлхийн олон улс орны адил парламент буюу УИХ. Ард түмний итгэл найдварыг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нөхөд улс орны нийгэм, эдийн засгийг засан тохинуулах, олон нийтийн ажил, амьжиргааг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль, тогтоомжийг боловсруулж, хэлэлцэж батлах үндсэн үүрэгтэй.

Уул шугамандаа алс хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлох шалгарсан манлай улс байх учиртай. Харамсалтай нь, сүүлийн хэдэн сонгуулиас харахад УИХ-ыг эрх мэдлийн дээд оргил, хувийн болоод хэсэг бүлэг хүний эрх ашгаа гүйцэлдүүлэх боломж гэж үздэг болсон нь сонгуулийг бодлогын бус мөнгө хөрөнгийн уралдаан болгож байна. Үүнийг Сонгуулийн ерөнхий хорооны тайлан, Сонгогчдын боловсрол төвийн судалгаанаас харж болно.

Энд сонгуульд өрсөлдөгч намууд, бие даагчдын уран гоё яриа, ухаан алдмаар сайхан амлалтын тухай бус зөвхөн сонгуулийн санхүүжилтийн талаар өгүүлэх юм. Сонгогчдын боловсрол төвөөс хийсэн судалгаагаар 1992 оны УИХ-ын сонгуульд 13.7 сая төгрөг зарцуулж байсан нь хамгийн бага төсөв байж.

Түүний дараагийн /1996 оны/ сонгуульд 29.3 сая төгрөг зарцуулсан байна. Тухайн үед сонгогчдын идэвх ч өндөр байж, өмнөх нийгмийн үеийнх шиг сонгуульд оролцох нь төрийн байгууллаа босгох, хувь нэмрээ оруулах үүрэг хариуцлага гэх сэтгэхүй давамгайлж байсны үр дүн ч байж магадгүй юм. Сонгуульд оролцогчдын ирц ч өндөр байдаг байжээ.

Харин 2000 оны сонгуулиас хойш бизнес эрхлэгчид төрийн дээд байгууллага руу хошуурах нь ихэсч, эрх мэдлийн төлөөх мөнгөний өрсөлдөөн эрчимжсэн гэж болно. Тухайн үеийн сонгуульд 1.8 тэрбум гаруй төгрөгийг “цацсан” бол 2004 оныход арай багасч 1.5 тэрбумыг зарцуулсан байдаг. Түүний дараагийн хоёр сонгуульд зарцуулсан мөнгө хөрөнгө огцом өсч, 2008 онд 7.9 тэрбум, хамгийн сүүлийнхэд 39 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан нь одоогоор дээд амжилт болчихоод байна.

Тэдгээрийн 90 орчим хувийг хандиваар босгосон гэж намууд мэдүүлсэн байдаг аж. Энэ талаарх мэдээллийг өнөөдрийн дугаарын эхний нүүрэн дэх инфографикаас харж болно. Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан хөрөнгө 2009 онд 4.5 тэрбум төгрөг байсан бол Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа, зардалд 12.5 тэрбумыг “хийсгэсэн” байдаг юм байна.

2011 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хувь хүнээс нэг сая хүртэл, компани, аж ахуйн нэгжээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив өргөхийг зөвшөөрсөн байна.Дээрх графикаас харахад компани, аж ахуйн нэгжүүд АН-ыг 2012 оны сонгуулиар нэлээд дэмжиж, багагүй хөрөнгө хандивласан байх нь. Энэ нь үндэсний үйлдвэрлэл, дотоодын компаниудаа дэмжих бодлого дэвшүүлсэнтэй холбоотой боловч өнгөрсөн хугацаанд тус нам үйлдвэрлэгчдээ төдий л сайн урамшуулж, хөрөнгө санхүүгийн талаар цэгцтэй бодлого явуулж чадсангүй.

Үйлдвэрлэгчдийн итгэл алдарсан байх аа. Харин бие даагчдаас С.Ганбаатар гишүүн Дарханы иргэдийн итгэлийг хүлээж “тасархай” тодорсон төдийгүй 260 иргэн, аж ахуйн нэгжээс 250 сая төгрөг босгож, сонгуульдсан байна. 2012 оны сонгуульд зарцуулсан хөрөнгө, иргэн ба аж ахуйн нэгжээс өгсөн хандивын талаар бие дааж нэр дэвшигч, намуудын өөрсдийн нь мэдүүлсэн байдлаар мөнгө хөрөнгийг ийнхүү тоймлож үзвэл хамгийн сүүлийн сонгуулиар 39 тэрбум орчим төгрөгийг биет болон биет бусаар зарцуулсан юм байна.

Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаанд л ийм хөрөнгийг цацсан болохоос өмнөх шоуцэнгээн, бусад мэдээ мэдээлэлд зарцуулсан мөнгийг тооцвол багагүй тоо гарах нь мэдээж. Ирэх 2016 оны сонгуулийн сурталчилгаа өдгөө аль эрт эхэлсэн байх бөгөөд АН-ын “Хэний гавьяа вэ” самбараас эхлээд яривал маш их мөнгө салхинд хийсч, наранд гандаж байгаа нь тодорхой.Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ид яригдаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн барьсан хувилбар батлагдчихаад байгаа өнөөгийн нөхцөлд хэд хэдэн заалтыг судлаачид санал болгож байгааг харгалзаж үзмээр байна.

Тухайлбал, намуудаас УИХ-ын суудалд санаархагчдадаа 50 сая төгрөгийн босго /дэнчин ч гэж ойлгож болох/ тогтоож байдгийг хуульд шингээж өгмөөр байгаа юм. Энэ нь сайн санааны хандив бус хариуцлага гэдгийг ухамсарлахад нь нэмэр болох учраас өндөрсгөсөн ч болохгүй гэх газаргүй. Тэр багагүй дэнчин зарим нэг иргэний сонгох, сонгогдох эрхийг хаан боогдуулж байна гэж судлаачид хэлдэг. Тийм ч учраас бие даан нэр дэвшигчдийн тоо ирэх сонгуулиар нэмэгдэх хандлагатай байна.

Намуудаас нэр дэвшигчдийн тухайд сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг зааж хуульчлах нь адил тэгш байдлыг хангах зөв арга гэдэгтэй олон хүн, улс төр судлаачид санал нэгддэг юм билээ. Үүнийг ч бодолцох л ёстой байх. Тэгэхгүй бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага хий мөрөөдөгч, хоосон чалчигч, бөөлөгч үзмэрчээр дүүрэх гээд байгааг иргэд сонгогчид шүүмжилж, арай илүү оюунлаг, ухаалаг хүмүүсийг байр сууринд нь тавихыг хүсч байна.

Тиймээс ирэх сонгууль мөнгөний уралдаан бус бодлогын өрсөлдөөн байгаасай гэж сонгогчид хүсч, сонголтоо л хүлээж сууна. Төрийг иргэд ганц л өдөр бүх нийтээрээ барьдаг юм гэсэн биз дээ.

Д.Мөнхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих