Төсвийн мөнгөөр “эхнэрээ тансаглуулсан” Ц.Цолмон сайдаар мөнгийг буцаан төлүүлжээ

Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмонгийн талаар өнгөрсөн есдүгээр сард нэгэн таагүй мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад айлчлахдаа төсвийн мөнгийг дураараа зарцуулж, эхнэрээ зугаацуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн юм.

Тэрбээр эхнэр Д.Алтанцэцэгийгээ Франц улс руу айлчлуулахдаа өөрөө тушаал гаргаж, бизнес ангиллаар авч явсан гэх. Уг айлчлалд нийт 34 сая төгрөг зарцуулсан гэж мэдээлж байв.

Тэгвэл уг асуудлыг АТГ-аас шалгажээ. Улмаар шалгалтын явцад БХЯ-ны сайд Ц.Цолмон нь төсвийн мөнгөөр эхнэрээ Франц улсад айлчлуулсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчжээ. Иймээс АТГ-аас Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэн ажилласан байна.

Журмаараа ч  сайд дарга нар гадны улс оронд айлчлахдаа эхнэрээ дагуулж явах бол өөрсдөө зардлыг гаргадаг аж.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: erdene Огноо: 8 December 2015

Tuning sain shalgakh kheregtei!!!

Сэтгэгдэл бичих