О.НАСАНБУРМАА: Чөлөөт бөхийн түүхэнд олон зүйл дээр анхдагч байж чадсандаа баярладаг

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаатай ярилцлаа. Тэрбээр Туркт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Лондоны олимпт оролцох эрхээ авсан билээ.

-Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Барилдааныхаа талаар яриач. Хүч шавхсан барилдаанууд их гарсан байх?

-Манай жинд 45 тамирчин оролцсон. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маш сайхан болсон. Олимпийн эрх олгох тэмцээн гэдэг утгаараа өрсөлдөөн ихтэй байсан. Нийтдээ зургаан тойргийн барилдаан байсан. Азаар эхний тойрогтоо хийлээд таван тойрог барилдсан. Румын, Орос, Венуесэл, Украйн, Ардчилсан Солонгосын бөхчүүдтэй учраа таарсан. Бүгд хүчтэй өрсөлдөгч байсан. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Европын аварга, Азийн аварга бөхчүүд байсан. Ийм хүчтэй бөхчүүдтэй амжилттай барилдаж, хүрэл медаль аваад ирлээ дээ.

-Зооны аваргын төлөөх барилдаанд ялагдсан шүү дээ. Хэрвээ ялсан бол аварга болох ч магадлал байсан байх?

-Ялагдсаныхаа дараа багшдаа жаахан зэмлүүлсэн. Тэр үед бага зэрэг сэтгэлээр унасан. Уг нь ялах боломжтой байсан гэж бодоод л. Гэтэл жаахан байж байгаад багш маань орж ирээд “За миний охин одоо сэтгэлээр унах хэрэггүй. Сайхан амраад, орой хүрэл медалиа авчих. Нэгэнт олимпийн эрхээ авчихсан юм чинь өнгөрсөн барилдаанаа бодоод хэрэггүй” гэж хэлсэн. Би ойрхон ойрхон гурван үеийн барилдаан хийсэн болохоор сүүлдээ сэргэлт авахад хэцүү байсан. Гэхдээ энэ бол шалтаг биш. Бүх орны тамирчид ялгаагүй байсан. Яах вэ, алдсан алдаан дээрээ дүгнэлт хийгээд цаашдаа хичээвэл илүү их амжилтад хүрч болох байлгүй дээ.

-Хүрэл медаль авах үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал. Хамгийн үнэтэй медаль гэдэг шүү дээ?

-Их баярласан. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ, дэлхийн аваргаас хошой медальтай болчихлоо гээд их хөөрсөн. Тэгээд ч багш нар, намайг дэмжиж байсан хүмүүс бүгд баярласан. Намайг ялчихаад гараад ирэхэд тосч аваад, дээшээ шидээд л. Үнэхээр сайхан юм билээ.

-Монголоос анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  хос медаль авсан тамирчин боллоо. Багаараа анх удаа гуравдугаар байр эзэллээ. Аль аль талаараа анхдагч болж байна?

-Би багаасаа л олон тэмцээнд оролцож байсан. Тэр бүгдэд анхдагч байхыг хичээж, анхдагч болж байсан. Их олон тэмцээний анхдагч болсон. Багш маань дандаа анхдагч болж яваарай, түүхэнд анхдагч гэж бичүүлэх сайхан байдаг юм гэж захидаг. Би залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай. Мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.  Чөлөөт бөхийн түүхэндд олон зүйл дээр анхдагч байж чадсандаа баярладаг.

-Энэ жил, он гараад олон тэмцээн хүлээж байгаа. Бүгдэд нь оролцоно биз?

-Сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эхний зургаад багтсан бөхчүүдэд олимпийн эрх өгсөн. Нэгэнт олимпийн эрхээ авчихсан болохоор сэтгэл амраад сайхан л байна. Гэхдээ дараа дараагийн тэмцээнүүдэд бэлтгэлээ сайн хийж байгаад оролцоно. Гол нь олимпийн бэлтгэлээ базааж, судалгаагаа хийгээд л явна даа.

-Олимпийн наадамд оролцох тамирчид эхнээсээ тодорч байгаа. Тэгэхээр судалгаагаа хийхэд амар болж байгаа биз?

-Сая олимпийн эрх авсан бөхчүүдийн дөрөв нь Азийн төлөөлөл байсан. Олимпт 18-22 орны тамирчид оролцдог. Одоогоор эхний тамирчид тодроод эхэлчихсэн болохоор судлах ажлаа эрчимтэй хийж эхэлж байна. Багш нар маань гол өрсөлдөгчдийн барилдааны бичлэгийг авчирч өгч байгаа.

-Анх удаа олимпийн наадамд оролцохоор болж байгаа байх аа?

-Тийм. 2008 онд эрх авч чадаагүй. Олимпийн дараа дэлхийн аваргаас медаль авч байсан юм.

-Олимпод анх удаа оролцохоор болж байгаа учраас сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байх. Сэтгэл санаагаа хэр бэлдэж байна даа?

-Би зооны аваргын төлөө ялагдчихаад байж байхад эгч маань мессеж бичсэн. Эгч маань бас чөлөөтөөр барилддаг байсан юм. “Миний дүү эгчийнхээ гаргаагүй амжилтыг гаргаад, дэлхийн аваргын медалтай болж, олимпийн наадамд оролцохоор боллоо. Эгч нь дүүгээрээ бахархаж байна. Тийм учраас чи аварга болж чадахгүй нь гэж сэтгэлээр унах хэрэггүй шүү. Тамирчин хүнд олимпийн наадамд оролцох эрх авна гэдэг асар том үүрэг байдаг. Тийм болохоор эгч нь их баярлаж байна” гэсэн. Дээрээс нь багш маань урамшуулж, орой барилдаад л хүрэл медалиа авчих гэсэн. Энэ бүхэн намайг хурцалж өгсөн. Тийм учраас би сэтгэлээ хангалттай бэлдэж байгаа гэж бодож байна.

-Чөлөөт бөхөөр хичээллээд найман жил болжээ. Энэ хугацаанд дүрэм багагүй өөрчлөгдсөн. Дүрэм өөрчлөгдөхөөр барилдаанд нөлөөлнө биз?

-Нөлөөлөлгүй яах вэ. Гэхдээ тухайн үед нь багш нар маань зааж зөвлөөд болдог юм. Тэгээд ч “Энэ дээр нь яах вэ. Барьцаа ингэж  баривал зөв үү, буруу юу” гээд л асууна. Гэхдээ дэвжээн дээр барилдаж байгаа хүнд аз гэж байдаг. Дэвжээн дээр л шийдэгдэх асуудал. Түүнээс биш шүүлт энэ тэр хамаагүй. Саяын тэмцээнд би азтай байсан болохоор медаль хүртсэн гэж бодож байгаа.

-59 кг-ын жин олимпийн бус гэдэг утгаараа дэлхийн аварга С.Батцэцэг  жин өгсч барилдаж байгаа. Гол өрсөлдөгч нь та. Тэгэхээр  эх орныхоо өрсөлдөгчдийг хэрхэн үнэлдэг вэ?

-Монголын охид хүчтэй болж эхэлж байна. Ганц  бус бүх жинд  жигдхэн сайжирч байгаа. Анх 1999 онд чөлөөт бөхийн эмэгтэй баг гарч ирж байсан. Бид 2003 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр үеэс л нэг үеийн бөхчүүд гадаад, дотоодод өрсөлдөж эхэлсэн. Эх орондоо түрүүлэх юм бол тив, дэлхийгээс медальгүй үлдэнэ гэж байхгүй.   Ерөөс өрсөлдөгч сайжрахын хэрээр би дагаж сайжирч байгаа. Манай эмэгтэйчүүд мундаг болсон. Нэг үеийн С.Батцэцэг, Баярзаяа, Мөнхзаяа гээд л олон байгаа. Хэн сайн бэлтгэлтэй нь эх орондоо түрүүлээд, цаашаа тив, дэлхий рүү явна шүү дээ.

-Сая Х.Баянмөнх аварга баг ахалж явсан. Энэ хүний зөвлөгөөг авсан л байлгүй?

-Тэмцээн дууссаны дараа надад хэлсэн. “63 кг-ынхан үнэхээр сайн барилдлаа. Олон  ч барилдаан хийлээ. Гэхдээ цаашид илүү их суралц. Амжилтаа сайн ахиул” гэсэн. Дагваа аварга бас хамт явсан. Үнэхээр монгол бөхчүүдийнхээ төлөө сэтгэл гаргаж байсан. Өөрөө тамирчин болохоор тэр юм уу намайг барилдаад гарч ирэхэд зөвлөгөө өгөөд л. Хөл гар бадайраад байж байхад эмч нартай хамт барьж өгч тусалж байсан. Тэр мундаг хүний зөвлөгөө, тусламжийг авахад сэтгэлд нэг л өөр юм билээ. Саяын тэмцээнд олон мундаг хүмүүс хамт явсан. Олон аваргуудтай хамт, тэр хүмүүсийн энергийн нөлөөгөөр бид амжилт гаргаж чадсан ч байж магад. Тийм болохоор их баяртай байгаа.

-Одоо О.Насанбурмаа гэдэг бөхийг дэлхий мэддэг болж байна. Харин анхны барилдаанаа яаж хийж байв. Эргээд нэг дурсвал?

-Би 2003 онд чөлөөт бөхөөр хичээллэсэн. Түүнээс нэг жилийн дараа Азийн цомын тэмцээнд оролцоод багаараа хүрэл медаль авч байсан. Түүний дараа томчуудын Азийн аваргаас хүрэл медаль авсан. Эгч маань намайг их шахдаг байсан. Би эгчдээ загнуулж, үлдэж бэлтгэл хийдэг байсан. Эгч маань намайг зодохдоо зодоод, зэмлэхдээ зэмлэж, энэ чинь болохгүй байна, чи ингэж барилд гэнэ. Угаасаа тамирчин болсноосоо хойш бид хоёр нэг гэрт амьдардаг байсан. Бэлтгэл дээр намайг загнана, гэртээ ирээд эрхлүүлнэ. Тийм эгчийн дүү болж төрсөндөө бахархдаг. Эгчийнхээ, багш нарынхаа нөлөөгөөр өдий зэрэгтэй амжилт гаргаж байна. Мөн гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмждэг. Тэмцээнд явахад бүгд нойр хоолгүй залбираад, цамцны зах мушгиад л суудаг. Дөрөв тавуулаа суугаад, цамцны зах мушгина. Тэгээд цамцны зах чинь будаа болсон шүү гээд л мессеж бичнэ. Хийморийн сан тавиулна. Энэ мэтээр их дэмждэг дээ.

-Яагаад бөхийн спортыг сонгож хичээллэв?

-Эгчийгээ дагаад барилддаг болсон юм. Миний эгчийг ОУХМ О.Мягмарсүрэн гэдэг. Манай дээд талын үед барилддаг байсан юм.

-Энэ спортын тогоонд байгаа хүний хувьд чөлөөт бахийн хөгжлийн талаар юу гэж боддог вэ?

-Монголын чөлөөт бөхийн охид, тамирчид үнэхээр хүчтэй болсон байна. Монгол Улс цөөн хүн амтай. Цөөхөн хэдэн тамирчидтай. Хэдий тийм ч бүгд сайн барилдаж, амжилт үзүүлж байна. Энэ бол яах аргагүй бахархал.

-ШУТИС-ийн харьяа МИС-ийг төгссөн санагдаж байна. Мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө бий юу?

-2012 он болтол бэлтгэлээ хийж, олимпийн наадамд барилдана. Тэр болтол өөр ажил энэ тэр бодохгүй байгаа. Харин олимпийн дараагаас магистрт сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлнэ дээ.

Н.БОЛД


URL:

Сэтгэгдэл бичих